Дэлхийд хамгийн үнэтэй мах иддэг монголчууд хойд хөрш рүү хямд мах нийлүүлсээр байх уу
Дэлхийд хамгийн олон хонь, үхэртэй монголчууд нэг хүнд оногддог мал болон махынхаа хэмжээгээр тэргүүлдэг. Арга ч үгүй хонь, үхрээрээ дэлхийд тэргүүлдэг юм чинь.
Чонын удамт махчин монголчуудыг махнаас гаргана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Эрт цагт сайн эрс голын эрэг дээр сууж байгаад бүтэн хонийн мах ганцаараа идчихдэг байсан гэдэг. Ямартай ч, дэлхийд хамгийн их мал, махтай Монгол Улс дэлхийд хамгийн хямд мах идэх атал хамгийн үнэтэй мах идэж байна. Мэдээж Монголд ч тэр, гадаад ч тэр угааж, уутлахаас авахуулахаад боловсруулсан мах үнэтэй. Харин манайх шиг ямар ч боловсруулалтгүй түүхий мах аль оронд Монголоос хямд байна.
Хамгийн хачирхалтай нь дотооддоо нэг ч малгүй, ертөнцийн нөгөө захаас махаа авч буй оронд мах манайхаас хямд байна. Энд мэдээж шат шатны ченж буюу олон дамжлага бүхий бизнесийн систем нөлөөлж байна. Харин гадаадад гаднын орноос авчирлаа, зах дээр зарлаа гэсэн хоёр дамжлага хэрэгжиж малгүй оронд кг мах монгол мөнгөөр 6000 төгрөг байна. Тэгвэл дотоодод кг хонины мах нэг ч малгүй гадаадаас даруй 2000 төгрөгөөр үнэтэй байна. Монгол Улс хойд хөрш рүү дотоодын зах зээлээс даруй нэг дахин хямд мах гаргаад удаж байна.
Саяхан хойд хөрш, тэр дундаа Буриад зэрэг хойд хөршийн бага ястны орнуудаас Монголоос мах авах хүсэлт гаргаж, авдаг нь хэмжээгээ ихэсгэмээр байна гэжээ. Үүнээс Монгол Улсын эрх мэдэлтнүүд гадаад уруу гаргах махны үнийг барьж чадаж байгаа хэрнээ дотоодын махны үнийг яагаад барихгүй байгаа нь нөгөө л бизнесийнх ашиг сонирхолтой холбоотой. Жишээ нь, Өмнөд Солонгос мэтийн малгүй орон ертөнцийн нөгөө зах болсон АНУ-аас усан онгоцоор бараг бүтэн сар мах тээвэрлэдэг. Далайгаар бүтэн сар аялахад том усан онгоцны зарцуулах шатахуун, тэнд ажиллах олон хүн хүнс болон цалин нийлээд багагүй өртөг гардаг нь ойлгомжтой. Харин манайд сайндаа л 40 км-ийн цаадах Төв аймаг орж мах авчирснаа бөөн юманд бодож, шатахуун, зардлаа хэд дахин нэмэх нь бий.
Нөгөө талаас дээгүүрх томчууд махны ашигтай энэ бизнесийг шүүрэн авч, Мах Маркет /УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн/, Мах Импекс /УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын/ гэх мэтээр урт нэрс үргэлжлэх томчуудын тодотголтой мах бэлтгэдэг компаниудын эзэд "Ченж нар махны үнийг хөөрөгдүүлж байна. Нөөцийн мах бэлтгэж, иргэдэд хямд мах нийлүүлье” нэрийн дор төрөөс баахан мөнгө гаргуулж, тэрийг нь дээгүүрээ өөрсдийнхөө компаниуд хувааж олгодог бөгөөд түүгээр бэлтгэсэн махнаас мөн ашиг олдог юм. Ийм бизнесээс томчуудын компаниуд жилдээ хэдэн зуун саяар нь халаасалдаг бөгөөд үүний харгайг жирийн иргэд нуруундаа үүрч, жилжингээ үнэтэй мах иддэг. Үнэндээ томчууд махны зах зээлд жинхэнэ ченж хийдэг бөгөөд нөөц мах бэлтгэх нэрийдлээр махны хомсдол үүсгэж, үнэд оронгуут нь зах зээлийн ханшнаас ганц, хоёр мянган төгрөг татуу зардаг нь нууц биш. Мэдээж дээрх компаниуд өөрсдийн мөнгөөр бус төрөөс авсан мөнгөөр ингэж ашиг олдог юм.
Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө дээрх олон компаниудын нэг 230 гаруй тонн мах нөөцөлж байгаад өмхийрүүлсэн бөгөөд мэргэжлийн хяналтаас хүнсний стандартад нийцэхгүй хэмээн акталсан сураг дуулдсан ч тэгсхийгээд намжсан. Энд энэ махыг дээгүүр, доогуур аргалж байгаад худалдаанд гаргасан ч байж магадгүй талаар дурдахыг хүссэнгүй гэхдээ томчууд махыг үнэд орохыг хүлээж дээрх махыг өмхийрүүлжээ. Үнэндээ тэд хямд зарснаас өмхийрүүлсэн нь дээр үздэг бололтой. Тэдэнд хямд зарсан ч ашиг унана. Харин гадаад уруу гаргах болохоор хамгийн чанартайг нь хамгийн хямдаар гаргадаг нь юуных вэ. Тэгсэн атлаа хойд хөрш рүү нийлүүлсэн хямд махнаас асар их ашиг /хэдэн зуун тэрбум/ олсноо ярина.
Ямартай ч, Монгол Улс ирэх жилүүдэд хойд хөрш рүү гаргах чанартай, тарган махныхаа тоог улам бүр ихэсгэж энэ хэрээр дотоодод өмхийрэхээс сэргийлсэн химийн хорт цацлагатай хатаж хорчийсон туранхай, цэнхэр ногоон туяа татсан мах зооглосоор байх нь.
Сэтгэгдэл байхгүй байна.