Д.Сумъяа: Олимпийн аваргад бэлдсэн мэхээ л хийсэн
"Чингис хаан" Гранпри тэмцээний эхний өдөр Монголын хөгжөөн дэмжигчдийг магнай тэнийтэл нь баярлуулсан жүдочдын нэг бол яах аргагүй Мастерсын хошой аварга Д.Сумъяа. Эмэгтэйчүүдийн -57кг-д түрүүлсэн Д.Сумъяатай цөөн хором ярилцлаа.
-Баяр хүргэе Д.Сумъяа. Монголын багийн гурав дахь алт, эмэгтэй анхны түрүүг хүртэж хөгжөөн дэмжигчээ баярлууллаа?
-Баярлалаа. Монголын жүдо бөхийн холбооны Х.Баттулга болон дасгалжуулагч, багш нар, хөгжөөн дэмжигч, гэр бүлийхэндээ маш их баярлалаа. Монголын жүдо бөхийн амжилт Баттулга ерөнхийлөгчтэй салшгүй холбоотой юм шүү. Өнөөдрийн бид бүхний амжилтын ард энэ хүн байгаа болохоор жүдочид алтан медалиар ачийг нь хариулахыг хүсдэг. Хил хамгаалах ерөнхий газар, "Хилчин" спорт хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Рапид деволпмент группийн хамт олондоо баярлалаа. Монголын хөгжөөн дэмжигчид илүү олноор Буянт-Ухаа ордонд хүрэлцэн ирж жүдочдоо дэмжээрэй. Хөгжөөн дэмжигчдийн ачаар бүр илүү амжилт гаргадаг юм шүү гэж хэлмээр байна.
IJF-ын Спорт хариуцсан захирал Армен Багдасаров, Монгол контент компанийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа нар шагнал гардуулав
-Хагас шигшээд олимпийн аварга Каори Мацүмототой барилдаж юүко үнэлгээгээр ялсан. Үзэгчдийн цөсийг хөөргөсөн, мартагдашгүй сайхан ялалт байлаа?
-Бүх өрсөлдөгч минь л хэцүү байлаа. Олимпийн аварга Каори Мацүмото бол яах аргагүй өнөөдрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Өмнө нь шидо буюу торгуулиар ялагдаж байсан бол даагаа нэхэж хожсондоо баяртай байна.
-Тэгэлгүй яахав. Ялангуяа дэлхийн аваргын өмнө эх орныхоо дэвжээнд таарч барилдана гэдэг давуу тал шүү?
-Тийм шүү. Дэлхийн аваргын өмнө энэ том тамирчинтай таараад барилдана гэдэг нэг талаараа аз. Цаашид дахиад илүү судалгаа хийж, олон мэхний хувилбар бэлтгэх хэрэгтэй.
-Сугалаанаас л хагас шигшээд таарах зураглал харагдсан. Ямар мэх бэлдэж татамид гарав. Таны багш Х.Эрдэнэт-Од гавьяат шавьдаа чамгүй зөвлөгөө өгч татамид гаргасан нь мэдээж?
-Олимпийн аварга учраас барилдааныг нь ерөнхийдөө мэднэ. Миний барилдааныг ч мэднэ. Эрдэнэт-Од багштайгаа ярилцаад баруун гар талыг нь дарж л үндсэн мэхнүүдээ хийхээр төлөвлөсөн.
-Яг л багштайгаа ярьснаараа л гүйцэтгэсэн?
-Тэгсэн. Олимпийн аваргад бэлдсэн мэхээ л хийлээ дээ.
-Алтан медалийн төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аварга Хелена Ресевүтэй барилдлаа. Сар гаруйн өмнө дэлхийн шилдгүүдийн тулаан "World masters" -т торгуулиар ялсан амжилт дахиад л давтагдлаа?
-Өмнө нь нэг торгуулиар ялсан бол өнөөдөр гурван торгуулиар яллаа. Хүчтэй л өрсөлдөгч шүү бас.
-Д.Сумъяа дэлхийн "Универсиад" наадамд оролцоно хэмээн Монголын багийн мэдүүлэгт багтаагүй байсан. Сугалаанд гэнэтхэн нэр нь гараад ирэхэд гайхаж байлаа?
-Би "Универсиад" наадмыг маргааш /өнөөдөр/ зорино. Долдугаар сарын 6-нд барилдах юм.
-За "Универсиад" наадам болон сарын дараа эхлэх Астанагийн ДАШТ-нд амжилт хүсье.
-Баярлалаа та бүхэнд.
Гэрэл зургийг Ч.Ганбат
Сэтгэгдэл байхгүй байна.