Цэцэрлэггүй үлдэгсэд Э.Бат-Үүл баатарт хандаарай
Улсын хэмжээнд 27 мянган хүүхэд цэцэрлэггүй үлдэх тооцоог албаныхан хийгээд байна. Уг нь ямар ч хүүхэд сургууль, цэцэрлэгт сурч, мэдлэг боловсролтой иргэн болох эрхтэй бөгөөд энэ эрхийг Боловсролын тухай хуулиар баталгаажуулсан байдаг.
Тодруулбал, хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэйг Үндсэн хууль болон боловсролын тухай хуульд цагаан дээр хараар биччихсэн бий. Гэтэл манай улсад энэ хуулийн заалт хэрэгжих нь бүү хэл, ойшоодог хүн ч алга гээд хэлчихэд буруудахааргүй байна. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа боловсрол олгох асуудлыг хар зөнд нь хаячихлаа. Жилийн жилд л эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хэчнээн өдрөөр хонож өнжин дугаарладаг, эрхлэгч нар нь хаданд гардаг байдалтай. Хамгийн харамсалтай нь энэ байдалд огт өөрчлөлт ордоггүй бөгөөд жил бүрийн өдийд л хэвлэлийнхэн нь бичиж, сурвалжилдаг, эцэг эхчүүд нь гомдоллодог дүр төрх амь бөхтэй оршсоор байна. Нэг ёсондоо энэ бол боловсролын салбарт, тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол олгох асуудалд салбар яам, цаашлаад төр засаг анхаарахгүй байгаагийн бодит баталгаа. Энэ жилийн тухайд ердөө 10 цэцэрлэг шинээр ашиглалтад орно.
Гэхдээ энэ нь яг ч шинээр барьсан гэсэн үг биш, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлаа дуусгаж байгаа төдий. Учир нь улсын төсөв хүндрэлтэй, эдийн засаг хямралтай гэх бэлэн тайлбарыг албаныхан өгч байгаа ч үнэн хэрэгтээ энэ бол зөвхөн бодлогын алдаа гэдэг нь ойлгомжтой харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсөв захиран зарцуулдаг эрх мэдэлтнүүд нийтэд хүртээлтэй ажил хийе гэхээсээ илүү эргээд үр ашгаа өгөхгүй, хариуцлага нэхэхээргүй ажилд хамаг мөнгөө зараад байгаа нь хэний ч нүдэнд илхэн.
Энд ердөө ганц жишээ татахад, гарчигт дурдсанчлан энэ жил цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийн эцэг, эхчүүд хотын удирдлагууд тэр дундаа толгой босс Э.Бат-Үүлд хандаарай. Учир нь нийслэлийн хэмжээнд яагаад цэцэрлэг шинээр бариагүйг энэ хүн сайн мэдэж байгаа. Цэцэрлэгт зориулж болох байсан мөнгийг хааш нь, юунд зарцуулсныг ч Баатар өөрөө мэднэ. Тэрбээр "Энэ зун нийслэлчүүдээ уйдаахгүй байх үүднээс урлаг соёлын арга хэмжээ олныг зохион байгууллаа” хэмээн бахархангуй ярьж байхыг нь та сонссон л байх. Гэтэл бидний наргиж, цэнгэх яах вэ. Намар болохоор сургууль, цэцэрлэгийн асуудал босдог гэдгийг хэлээгүй биш олон л хүн хэлсэн. Гэсэн ч манай Үүл баатар "Зөв, сайхан ажил санаачлахаар дандаа хараар буддагаа больцгоо” гээд халгаагаагүй. Эрхэм дарга ингэж уурсаж суухдаа сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэхээ бодоогүй нь харамсалтай. Уг нь бүхэл бүтэн улсын нийслэлийг удирдаж байгаа хүнд хүүхэд багачуудаа хэрхэх тухай бодол хааяа ч болов толгойд нь орж ирдэг л баймаар юм. Уншигч танд мэдээлэл хүргэх үүднээс зарим тоо баримт сөхөхөд нийслэл Улаанбаатар хот 152 хороотой, түүнээс 40-өөд нь цэцэрлэггүй, харин үлдсэн хэсэг нь тус бүр нэг л цэцэрлэгтэй. Харин нэг хороо нь 10-аад мянган хүн амтай бөгөөд тэнд цэцэрлэгийн насны 1500 гаруй хүүхэд оршин сууж байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн талаас илүү хувь нь л цэцэрлэггүй үлдэж буй. Харин ийнхүү цэцэрлэггүй үлдэгсдийг яагаад нийслэлийн удирдлагуудад ханд гээд байгаагийн учрыг дор сийрүүлье. Үүний тулд багахан тоо бодоод үзье.
УГСРАА АВТОБУСАНД ЗАРЦУУЛСАН НАЙМАН ТЭРБУМААР ЭНЭ ТООНЫ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ БАЙВ
Хүн харахад юм хийгээд л байна. Э.Бат-үл тэргүүтэй манай нийслэлийн удирдлагууд шинэ ажил сэдэж, дэлхийн жишгийг монголдоо нутагшуулах санаачилга гаргасан нь сайн хэрэг. Гэхдээ аливаа ажил цаг үеэ олсон байвал үнэ цэнэтэй байдаг. Харин харамсалтай нь өнөө жил нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд БНСУ-д ашигладаг угсраа автобусыг оруулж ирсэн нь үнэхээр нүдээ олсонгүй. Дөнгөж үйлчилгээнд гарсан өдрөө дундуураа хуваагдан, нийслэлийнхний чихийг халууцуулсан. Энэ автобус зөвхөн хотын төвөөр явах маршруттай. Эргэх гэх мэтээр маневар хийхэд хүндрэлтэй учраас зөвхөн төв замаар шулуун явуулахаар болсон. Гэтэл яг үнэндээ угсраа автобус манай улсын тулгамдсан асуудал огтоос биш. Тэгээд ч тэртэй тэргүй автобус бүр хотын төвөөр зорчдог учраас угсраа автобусны шаардлага ч байхгүй. Нөхцөл байдал ийм байхад нийслэлийн удирдлагууд тус бүр нь 399.5 саяын өртөгтэй 20 ширхэг автобусыг оруулж ирээд байна. Гэтэл шаардлагагүй энэ ажилд зарцуулсан найман тэрбум төгрөгөөр эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон цэцэрлэг хэдийг барьж болох вэ. Салбарын сайд Л.Гантөмөрийн хэлснээр 100 ортой нэг цэцэрлэгийг нэг тэрбум төгрөгөөр босгох боломжтой гэсэн. Тэгэхээр угсраа автобусанд зарсан хөрөнгөөр бүхэл бүтэн найман цэцэрлэг барьж, 800-1000 хүүхдийг гэрт нь цоожлолгүй сургуулийн өмнөх боловсрол олгох боломж бүрдэх байжээ.
ДАНШИГ НААДМЫН БОЛОН УСАН ХөШИГНИЙ МөНГөөР 60-70 ГЭР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ
Харин дараагийн үргүй зардал гаргасан ажлаас дурдвал энэ зунжингаа нийслэлчүүдийг бухимдуулсан усан хөшигв Үүнд 70 саяыг зарцуулсан гэж байгаа. Гэтэл энэ бол өртөг багатайгаар нь тооцож гэр цэцэрлэг байгуулъя гэвэл 2-3-ыг ч хангалттай барих хэмжээний хөрөнгө. Түрүү жилийн жишгээр тооцвол Ядуурлыг бууруулах Японы сангаас хөдөө орон нутгийн хүүхдүүдэд туслах зорилгоор 2.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон бөгөөд энэ мөнгөөр улс даяар 135 гэр цэцэрлэг байгуулсан байна. Гэхдээ энэ бол хамгийн дээд зэрэглэлээр тохижуулсан өртөг. Түүнчлэн энэ сарын 8-9-нд болж өнгөрсөн даншиг наадамд нийслэлийн удирдлагууд 560 саяыг "салхинд хийсгэсэн”. Зуны сард уг нь наадам цэнгээн багаддаггүй. Улсын баяр наадмаас эхлээд л аймаг, сумын ой зунжин үргэлжилдэг. Гэтэл үүн дээр нэмээд нийслэлийн удирдлагууд маань их хэмжээний өртгөөр наадам хийхээр болсон нь даншиг нэртэй. Уг наадмыг зохион байгуулахаар болохтой зэрэгцэн хэсэг иргэн эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хэвлэлийнхэнд хүртэл хандаж байсан удаатай. Гэхдээ тэд энэ ажлыг хий хоосон эсэргүүцээгүй. Маш нарийн тооцоо судалгаа хийж ирсэн байлаа. Зуны цаг шувтарч байхад 560 сая төгрөгийг наадамд зарцуулж байхаар өдгөө бага насны хүүхэдтэй хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа цэцэрлэг барих санаачилгыг ч гаргаж байлаа. Гэвч Хотын удирдлагууд тэднийг харин ч нэг чадлаараа эсэргүүцсэн дээ. Ингээд тэд санасандаа хүрч, 560 саяар наадамлаад өнгөрсөн. Харин үүний дараагаар хотын дарга маань сонин, хэвлэлээр төлбөр төлөн байж, даншиг наадамд оролцсон иргэддээ талархал илэрхийлнэ билээ.
Мөн ч их мөнгөтэй байгаа юм шүү. Үнэндээ өнөөдөр эргээд харахад даншиг наадмаас та бидэнд юу үлдэв. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юу ч алга. Гэхдээ мэдээж нийслэлийнхэн алс хэтийг хангалттай ярих нь ойлгомжтой. Тэгвэл наадамд зарцуулсан 560 саяар дээр дурдсанчлан гэр цэцэрлэг байгуулах жишгээр тооцож үзвэл 10-15 хүүхдийн багтаамжтай 50-60 тооны гэр цэцэрлэг барих боломж байсан гэж бодохоор харамсаад барамгүй. Бидэнд өнөөдөр наадам наргиа биш бодит хөрсөн дээр буусан ажил, хүмүүсийнхээ, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн ажил хэрэгтэй байна шүү дээ, Э.Бат-үүл дарга аа. Ингээд усан хөшиг, даншиг наадамд хийсгэсэн хөрөнгийг бодит ажил болгосон бол 1000-аад хүүхэд цэцэрлэгтэй болох боломж байж шүү дээ.
Олны нүд, чихэнд хүрсэн хэрэггүй, хэрэгцээгүй, үргүй ажлуудыг "ажилуулсан”бол ямар олон хүүхэд гэртээ цоожтой үлдэхгүй, яасан олон эцэг эх санаа амар ажлаа хийх байсан юм бэ. XXI зууны үсрэнгүй хөгжлийн үед монголчуудын бяцхан үрстээ анхных нь боловсролыг олгох ажил ийнхүү "алаан”-тай байгаа нь харамсалтай. Харин нөхцөл байвал яагаад иймдээ тулчихав. Үүнд хэн буруутай вэ гээд хөөгөөд үзэхээр зөвхөн хотынх нь удирдлагуудын нүдээ олоогүй буруу шийдвэр хэчнээн мянган хүүхдийн цэцэрлэгтэй болох боломжийг хаасан байх юм. Харамсалтай гэхээс өөр юу гэх билээ. Ямартай ч өдгөө цэцэрлэггүй, гэртээ үлдэж байгаа хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд Үүл баатарт хандах хэрэгтэйг энд сануулъя. Та, бидний хүүхдүүдийн нэгийг нь ч болов цэцэрлэггүй үлдээхгүйн төлөө эрхэм дарга хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Хотын даргаар томилогдохдоо хэчнээн олон сайхан амлалт өгч байсан нь өнөөдөр юу болов. Ард түмэнд амлаж чадсан шигээ ажлаа хийдэг байя, эрх мэдэлтнүүд ээ. Хойч үе чинь таниас, та бүхнээс өр нэхвэл ямар хариулт өгөх улс вэ.
М.Өнөржаргал
Сэтгэгдэл байхгүй байна.