Б.Батзаяаг цагдан хорих шийдвэр гаргалаа
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг энэ сарын 16-ны өдөр батлан даалтад гаргасан.
Тэгвэл түүнийг дахин саатуулахаар болж, цагдан хорих асуудлыг өнөөдөр шүүхээр хэлэлцжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар өнөөдөр 10 цагийн үед Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын "Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрээ танилцуулсан байна.
Ингээд Прокуророос гаргасан хүсэлтийг үндэслэн Б.Батзаяаг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгажээ.
Б.Батзаяа энэ сарын 16-ны өдөр батлан даалтад гарсныхаа дараа өөрийн цахим хуудаснаа "БАЯРЛАЛАА. Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мэссэж илгээж үлдээсэн нөхөддөө чинь сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдэвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа... Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ. Удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА...” хэмээн бичсэн байдаг.
Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа юм.
П.Жаргал