Кирсан Илюмжинов:ШАТАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ МААНЬ САЛХИНД ХИЙССЭН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
Монгол гаралтай Кирсан Илюмжинов дэлхийн хамгийн том спортын байгууллагын нэг Олон улсын шатрын холбоог (FIDE) тэргүүлсээр яг 20 жил болж байна.Шатарт хэдий хэр хөрөнгийг яагаад зарцуулсан, үр дүнг нь хэрхэн тооцоолж буй, Гарри Каспаров, Бобби Фишер нарт хэрхэн ханддаг байсан болон өөрийн бизнес төлөвлөгөөний талаар Оросын "Коммерсантъ” сонинд тэрбээр ийн ярьжээ.
- 20 жилийн өмнө та шатрын ертөнцөд шинэ хүн байжээ. Холбооны ерөнхийлөгчөөр бараг зуун хувийн саналаар сонгогдсондоо өөрөө гайхаагүй юу?
- 1995 онд шатрын ертөнц улс төрийн ч, зохион байгуулалтын ч хямралд автаад байлаа. Санхүүгийн хувьд бол дампуурснаас өөрцгүй байсан. Холбооны төлөвлөгөөнд гурван тэмцээн байвч, зарцуулах мөнгө нь байхгүй. Тэгэхэд би FIDE-гийн гишүүн ч болоогүй, Анатолий Карпов, Гарри Каспаров нартай гэмгүй явдгаас цаашгүй байлаа. Тэгж явтал 1994 онд эхлээд Г.Каспаров, дараахан нь тухайн үеийн Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Макаров надтай ирж уулзаад, Оросын шатрын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн зохиох гэтэл мөнгө байдаггүй, туслаач гэсэн юм. Би ч зөвшөөрлөө. Сэтгүүлчдийг цуглууллаа, 100 мянган долларын шагналын сан босгоё, түрүүлсэн хүнд "Hyundai Sonata” нэмж өгнө гэж зарлалаа.
- Сонин машин сонгожээ?
- Хуучин ЗХУ-ын нутагт энэ машиныг оруулж ирдэг ганц компани тэгэхэд байсан нь миний компани байсан хэрэг. Ингээд хэвлэлийн бага хурал дээр мөнгө яриад сууж байтал нэг нь ширээн доогуур нудраад л байдаг юм. Хурал тараад гараад иртэл Г.Каспаров, А.Макаров хоёр намайг барьж идэхээ шахдаг юм байна. "Яаж байгаа чинь энэ вэ, юун 100 мянган доллар вэ!” гээд л. Би ч багадуулчихаж л гэж бодлоо, тэгтэл харин шатарчид насандаа ийм их мөнгөний бараа харж байгаагүй юм байжээ. Оросын аварга шалгаруулах тэмцээнүүдэд шагналын сан энэ тэр гэж байгаагүй хэрэг. Тэгээд, наадахаа болиул гээд л сүйд боллоо. Би зарлачихсан юм чинь яаж болиулах вэ дээ.
Ингээд тэмцээн ч боллоо, сайхан ч болов. Тэрнээс хойш Оросын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль алиных нь нийт 14 аварга шалгаруулах тэмцээнийг зохиосон доо. Дандаа шагналын сан өндөртэй. Тэгэхэд чи Оросын шатрыг аварсан шүү гэж сүүлд хүмүүс надад хэлдэг болсон юм. Мартсанаас 1994 онд "Космос” зочид буудалд Дэлхийн шатрын олимпиад зохиоход нэг сая доллар өгсөн. За ингээд л шатрын ертөнцөд яваад орчихсон доо.
Тэгтэл 1995 оны арваннэгдүгээр сард FIDE-гийн ерөнхийлөгч Флоренсио Кампоманес утсаар ярилаа. Үүний өмнө Г.Каспаров, ерөнхийлөгчийг ирэхээр зуслангийн байраа түр хэрэглүүлээч гэж гуйгаад, тэгээд бид танилцаж байсан юм. Парист FIDE-гийн чуулган болоод, өөрийг нь авч хаях гээд байна гэж Ф.Кампоманес ярилаа. Тэгээд Г.Каспаровыг аваад хүрээд ир гэж байна. Тэр хоёр тухайн үед А.Карповын эсрэг гар нийлдэг байсан юм. Тэгэхээр нь Г.Каспаровтой уулзаж хамт явъя гэтэл, би тэнд үлийгээ хийдэг юм, ер нь тэд нарын зодоонд оролцоод хэрэггүй гээд хөдөлдөггүй ээ.Г.Каспаров бол FIDE-г тэртэй тэргүй өнгөрсөн гэж үзээд, өөрийнхөө байгуулсан Мэргэжлийн шатрын холбоог зүтгүүлж байсан үе л дээ. За тэгэхээр нь би ганцаараа нисээд очлоо. Очоод үзтэл, мань Ф.Кампоманес улираад сонгогдчих санаатай үзсэн чинь авдаг санал нь хүрдэггүй, түүнтэй өрсөлдсөн Францын шатрын холбооны ерөнхийлөгч, А.Карповын талын Башар Куатли бас дэмжлэг муутай ингээд байцгааж байдаг юм байна. Тэгтэл явж явж хоорондоо өрсөлдсөн хоёр чинь харин намайг FIDE-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч бол гэж ам нийлдэг байгаа. Чи залуу хүн, мөнгөтэй ч хүн гээд л. Би тэр даргаар яадаг юм, та нар эхлээд өөрсдийнхөө асуудлыг шийдээч л гэлээ. Гэтэл Ф.Кампоманес юу юугүй л, сайн дураараа ажлаа өглөө, өөрийнхөө оронд К.Илюмжиновыг дэвшүүлж байна гээд аваад хаядаг байгаа.
- Та саналыг нь хүлээж авахаасаа өмнө хэнтэй зөвлөв дөө?
- А.Макаров руу ярьсан чинь, Г.Каспаровоос асуу гэж байна. Тэгсэн Г.Каспаров хүний ч үг сонсохгүй өөдөөс хашгичаад уналаа. Чи ер нь юугаа хийж тийшээ очсон юм бэ. Гайдаа гарсан мөнгө байдаг юм бол ирээд миний холбоонд ор, америкчуудтай нийлээд сүйд хийгээд өгье. Хэрвээ тэгэхгүй гэвэл Оросын тал тэртэй тэргүй чиний эсрэг санал өгнө гэнэ ээ. Тэгээд FIDE-д суугаа Оросын төлөөлөгч Юрий Авербах руу тэр дороо утасдаж, миний төлөө санал өгч болохгүй гэж хэлсэн байдаг юм.
- Тэгэхээр нь та яав?
- Биеийн тамир спортын улсын хорооны дарга Шамиль Тарпищев руу ярьж, нөхцөл байдлыг танилцууллаа. Мэргэн Шамиль хэлж байна: "Чи чинь бас Халимаг улсын ерөнхийлөгч юм байгаа биз дээ. Борис Николаевич Ельцинд дуулга” гэж. Б.Ельциний баруун гарын туслах Виктор Илюшинд утасдаж дахиад л өнөөхөө ярилаа. Б.Ельцин тэгэхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтэж байсан юм. Гэхдээ өглөө нь ямар ч байсан наашаа ярилаа. "Зүйтэй байна, Оросын далбааг Парист мандуулаатах. Араас чинь цахилгаан явуулна” гэж байна. Санал хураахад Оросын шатрын холбоо миний эсрэг санал өгдгөөрөө өгсөн. Харин америкчууд дэмжиж байна. Ингээд бараг зуун хувийн саналаар сонгогдсон доо.
- Сонгогдонгуутаа эн тэргүүнд тавьсан зорилго тань юу байв?
- Шатрын ертөнцийг нэгтгэе л гэж бодсон, тэр зорилгоо ч биелүүлсэн гэж үздэг.
- Дараа дараагийн зорилт нь юу байв?
- Ерөнхийлөгч болоод удалгүй Хуан Антонио Самаранчтай (Тухайн үед Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч байсан. Ред.) уулзлаа. "Хамгийн түрүүнд чиний барьж авах ажил бол шатарт спортын статус олгох явдал шүү. ОУОХ-ны гишүүн болж аваад дэлхийн аварга шалгаруулдаг системийг шинэчлэх хэрэгтэй. Шатарчдыг нэгтгэх асуудал мөн чухал” гэж тэр зөвлөв. Амьд сэрүүн байгаа дэлхийн аваргуудтай уулзаж байр сууриа нэгтгэх зорилго өөртөө тавилаа. Г.Каспаров надтай дуугарахгүй нэг хэсэг явсан ч би Халимагийн төлөөлөгчийн газар А.Карпов, А.Макаров тэр гурвыг цуглуулж аваад хэдэн данх цай хоосолж нэг шөнөжин суусны хүчинд хоёр аваргыг хооронд нь тоглуулж эвлэрүүлэхээр тохирсон юм. Ингэж тохироод салав уу үгүй юу мань хоёр тэс өөр юм ярьж, манийгаа шүүмжилж эхэлдэг байна. Энэ хоёрын хойноос гүйгээд хоосон хоцрох юм байна, FIDE энэ хоёрын төлөө байгууллага биш, бүх шатарчдын төлөө байгууллага юм гэдгийг би тэгэхэд л ойлгосон доо.
- Дэлхийн шатрын холбоог өөд нь татахад багагүй мөнгө зарсан байх даа?
- Шинэ системээр явуулсан анхны тэмцээнд би таван сая доллар гаргасан. Бүр нарийн тооцвол энэнээс ч их тоо гарна. Вильгельм Стейниц дэлхийн аварга болсон 1886 оноос хойшх хамгийн том шагналын сан юм. FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөл энэ мөнгийг зүгээр нэг хүлээгээд авчихаагүй. Банкны баталгаа энэ байна гээд үзүүлсний дараа зөвлөлийн гишүүд бүгд чимээгүй болчихов. Тэгснээ эсэргүүцсэн санал гарч эхэллээ. Яагаад тэгснийг нь би тээр хойно ойлгосон. Гэрээ энэ тэр нь бараг албан ёсны бус, мөнгийг ханцуй дотроо нууж аваад сурчихсан байсан улс тэгэх нь аргагүй юм билээ. Би энэ системийг нь эвдсэн хэрэг. Юуг нь ч мэдэхгүй цоо шинэ хүн чинь шулуухан л яваад орчихгүй юу.
Тэгэхэд намайг халах огцруулах дээрээ тулсан юм. Би ч бэлэн л байлаа. FIDE-гийн хүндэт ерөнхийлөгч болоод байсан Ф.Кампоманес гал унтрааж өгсөн дөө харин. Байдал бишдээд, хурцдаад ирэнгүүт тэрбээр завсарлага авах санал гаргаж дэмжүүлээд, улс амьтан цай цүй ууж байх хойгуур хүн хүнтэй тулж уулзсан байгаа юм. Ингээд хурал цааш явсаар, эцсийн дүндээ тэмцээнийг миний хэлснээр явуулаад үзье гэж шийдсэн. Дүрэм ёсоор шагналын сангийн 20 хувь FIDE-д үлддэг тул, алдлаа алдлаа гэхэд нэг сая доллартой үлдэх юм байна гэж ерөнхийлөгчийн зөвлөл үзсэн хэрэг.
Хурлын шийдвэр зарлагдсаны дараа улс амьтан намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж байлаа. К.Илюмжинов хулхидчихлаа л гэнэ, мөнгөө өгөхгүй л гэнэ. Гэвч тэглээ гээд яах вэ дээ. ДАШТ-ий шигшээ тоглолтыг бид Лозаннагийн Олимпийн музейд зохион байгуулсан. А.Карпов-В.Ананд хоёрын өргийн эхний нүүдлийг бэлэг тэмдгийн дагуу Х.А.Самаранч хийхдээ, шатар тоглож буй танхимд орохын тулд хүмүүс дараалалд зогсож байгааг амьдралдаа анх удаа хараад баярласан тэр сэтгэгдэл нь дарагдаагүй байсан юм шүү.
- 20 жилийн өмнө FIDE-гийн ерөнхийлөгч болсондоо харамсах үе танд гардаг уу? Цаг хугацаа авахаас гадна хармаанаас мөнгө их гардаг ажил юм. Ингэхэд та хувиасаа энэ ажилд хэр их хөрөнгө зарцуулсан бэ?
- Би өнгөрсөндөө харамсдаг хүн биш. Саяхан Казахстаны шатрын холбооны тэргүүн байсан Булат Асановтой уулзлаа. Тухайн үед намайг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд гар бие оролцсон хүн л дээ. Тэгээд би хэлсэн юм: "Булат, тэгэхэд чиний гар өргөснөөс болж би одоо 100 сая доллароо салхинд хийсгэчихээд байна” гэж.
- Энэ хаанаас гарч ирсэн тоо вэ?
- Наад зах нь гэхэд 1999 онд Лас-Вегаст болсон тэмцээнд, зохион байгуулах зардлыг оруулахгүйгээр надаас гурван сая доллар гарсан. Дараа нь А.Карпов-Г.Камский хоёрын тоглолт, болж бүтэхгүйдээ хүрээд байхад нь би Элстэйд авчирч тоглуулаад мөн тэр зардлыг тооцохгүйгээр нэг сая доллар өглөө. Тэрний дараа Г.Каспаров АНУ-д компьютертэй тоглосон доо? Тэгэхэд мань эр, энэ тэмцээнийг FIDE ивээлдээ аваач гэж гуйсан юм. Би ч зөвшөөрлөө. Ингэж яриад долоо хоноогүй байтал ирж уулзаад, мөнгө байхгүй, гэхдээ израильчууд (түүнтэй тоглох шатрын программыг израильчууд зохиосон юм) 500 мянган доллар өгч магадгүй юм ярилаа гэж байна. Ингээд би Израиль явлаа. Сайд нар, бизнесмэнүүд, Иерусалимын мэртэй ч уулзлаа. Талархаж байна л гэцгээгээд байдаг, мөнгө өгдөг хүн нэг ч байхгүй. Тэгтэл Г.Каспаров Нью-Йорк явж, хотын мэр М.Блүмбэргтэй уулзъя гэдэг юм. Дахиад л явлаа. Тэгсэн М.Блүмбэрг хотын захиргааны байранд танхим гаргаж өгье гэнэ. Харин мөнгө бас л байдаггүй. Г.Каспаров бол өөрийгөө мөнгө босгодог хүн л гэдэг, гэтэл байж байгаа царай нь тэр. Тэгээд дахиад л гуйхаар нь би зардал, шагналдаа хэрэглэ гэж нэг сая доллар өгсөн юм. Гэхдээ энэ бол миний гаргасан нийт мөнгөний багаахан хэсэг шүү дээ.
Гэхдээ би тэр мөнгийг гарын салаагаар урсгасан гэж хэлэхгүй. FIDE-гийн дэд бүтцийг хөл дээр нь босгосон уу, босгосон. Одоо тэмцээн болохоор хүмүүс яаж хошуурч байна, хар л даа. Ирэх жил болох ДАШТ-ийг зохиох эрхийг бид АНУ-д өгсөн, одоо Америкийн хотууд энэ тэмцээнийг явуулах эрхийг олж авахын төлөө үзэж тарж байна. Холбооны үйл ажиллагаагаа явуулах систем тов тодорхой болчихсон. Хаана ямар тэмцээн болохыг таван жилийн өмнөөс хуваарилчихаж байна. Шинээр тэмцээн зоох зай байхгүй. Тэмцээн хэтэрхий олон болчихлоо гэж шатарчид өөрсдөө хүртэл ундууцаж байна.
- Дараагийн ДАШТ АНУ-д болох хэрэг үү? Америкчууд таныг нутагтаа оруулахгүй гээд хориг тавчихсан шүү дээ.
- Надад яагаад хориг тавсныг нь би үнэндээ ойлгохгүй байна. Сангийн яамных нь хэлэхээр бол би Сирийн босогчдыг мөнгөөр тэтгэсэн гэнэ. Сирид очсон, Башар Асадтай уулзсан маань үнээн. Гэхдээ энэ улсад шатрын спортыг хөгжүүлэх, тухайлбал Сирийн дунд сургуулиудын хөтөлбөрт шатрын хичээл оруулах тухай л ярьж явсан хэрэг. Тэнд миний ямар ч бизнесийн сонирхол байхгүй. Газрын тосыг нь борлуулахад ямарваа нэг улс орон, компани, хувь этгээдэд зуучилсан зүйлгүй.
- Сүүлийн үеийн тэмцээнүүдээс аль нь таны сэтгэлд тодхон үлдэж вэ?
- Монакод болсон эмэгтэйчүүдийн Гран-при юм болов уу. Казинод болсон юм. Хунтайж Альберт тэмцээнийг ивээлдээ авчихсан, шатарчин охид таван одтой зочид буудалд байрлачихсан. Хунтайж өмнө нь "Формула-1”-ийн уралдаанд л ингэж анхаарч байсан юм. Хувиасаа тамирчин тус бүрт 1.5 мянган евротой карт өгсөн. Нутагт нь тэмцээн болсонд Монакогийн эрх баригчид тун дуртай байлаа. Хааны ордонд болсон хүлээн авалт дээр ерөнхий сайд нь хэлэхдээ "Чимээ аниргүй байх чинь яасан сайхан юм бэ. Тэр машины уралдаан болохоор чихний хэнгэрэг хагалчих гээд мөн хэцүүсэн. Ойлгох ч юм байхгүй. Харин энэ тэмцээн чинь тайван аятайхан юм байна. Мөнгөнд ч хэмнэлттэй” гэж байж билээ. Тэгээд ирэх жилийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг бас эндээ авъя гэж хүснэ лээ. Тэр казинод 1904 оноос хойш тэмцээн болоогүй юм гэсэн.
- Өнөөдөр FIDE-гийн хөрөнгө санхүү ямар байна?
- Хэдэн сая евротой айл байж байна. Дээр хэлсэн, шагналын сангийн 20 хувийг авч хуримтуулсаар ийм болсон юм. Энэ мөнгө аппаратын болон урсгал зардал гэх мэтэд явдаг. Харин шагналын санг ивээн тэтгэгчид босгож байна.
- Шатрыг Олимпийн хөтөлбөрт оруулах санаа тань хэвээрээ юу?
- Хэвээрээ. Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байсан бол хамтраад өдийд бүтээчих л байсан ажил даа уул нь. Гэхдээ урагш нь чадлаараа зүтгүүлж л байна. 2018 онд Өмнөд Солонгост болох Өвлийн Олимпийн наадмын соёлын хөтөлбөрт шатар орсон. Ирэх сард бид Олимпын наадмыг зохион байгуулах хорооны даргатай уулзаж, энэ хөтөлбөрт хэрхэн оролцохоо хэлэлцэнэ. Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах манай асуудалд идэвхтэй оролцож байна. FIDE-гийн бүх удирдлага, дэлхийн аварга В.Крамник бид Т.Бахтай уулзаж ярилцаад, шатрыг Олимпын хөтөлбөрт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болоод байгаа.
- Олон ч жил ярилцлаа даа, тэгж тэгж замхардаг...
- Үнэндээ бол шатар Олимпод орохгүй байлаа гэхэд FIDE-д өөрт нь амар юм. Харин нөгөө талаасаа бол энэ ажил бүтвэл орон орны шатрын холбоодод хэрэгтэй, яагаад гэвэл тэдэнд очих санхүүжилт эрс нэмэгдэнэ. Тийм учраас бид чухам энэ чиглэлээр ажиллаж, Олимпын хорооны тавьж буй бүхий л шаардлагыг биелүүлэхээр чармайж байна.
- Тухайлбал сэргээшийн тухайд шаардлага тавих уу? Уул нь бол шатарчдын хувьд огт хэрэггүй эд шиг байгаа юм...
- Тавилгүй яахав. Бид бүхий л том тэмцээнд шинжилгээ өгдөг байхаар болж WADA (Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг)-гийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсөн. 2008 оны Дрездений тэмцээн дээр нэг сонин юм болдог юм. Украины их мастер Василий Иванчук нэг өрөгтөө хожигдчихоод шинжилгээ өгөх ёстой байтал алга болчихов. Тэгтэл шууд гараад музей үзэх гээд явчихаж. Тэгээд бид Дрездений галерейд явж байхыг нь олж авчраад шинжилгээг нь өгүүлсэн, тэгээгүй бол тэмцээний бүх үзүүлэлт нь хүчингүй болох байв. Шатарчин хүний хувьд чухам юуг сэргээш гэж тооцох талаар бид Олимпын хороотой хагас жил ярилцаж байж зөвшилцсөн юм. Аяга кофег сэргээш гэж үзэх үү, коньяк хэдэн грамм байвал зөвшөөрөх вэ гэх мэтчилэн.
- Хэрэг мандаж байсан удаа байх уу?
- Францын шигшээ багийн гишүүн, их мастер Владислав Ткачев Энэтхэгт болсон нэг тэмцээн дээр унтчихав. Унтах ч яахав, дүүрч. Цаг нь яваад байдаг... Тэгээд сэрээгээд, шалгаж үзсэн чинь зүгээр. Өөрөө хэлэх нь, орж ирэхээсээ өмнө хатуу юм жаахан татчихаж. Бас гэдэсний нэг эм уусан гэдэг. Тэгээд ч олигтой сонин өрөг болоогүй дээ.
- Та Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр хөөцөлдсөн гэдэг үнэн үү?
- Дэвшинэ үү гэсэн санал албан ёсоор ирсэн юм. Өнгөрсөн есдүгээр сард Абу-Дабид болсон FIDE-гийн чуулган дээр Оросын шатрын холбооны ерөнхийлөгч Андрей Филатов ийм санал дэвшүүлж байгаагаа танилцуулсан. Шатрын спортыг сурталчлах, олон нийтэд таниулах зорилготой гэж тайлбарласан байсан.
- Тэрийг ч мэдэж л байна л даа. Нэр дэвшиж өрсөлдөхөөр өөрөө хөөцөлдсөн эсэхийг тань л мэдэх гэсэн юм.
- FIFA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигч ерөнхийдөө дөрвөн шаардлагыг хангасан байх ёстой байдаг. Нэгд, олон улсын байгууллагад ажиллаж улс төрийн асуудал шийдвэрлэж байсан туршлагатай байх. Хоёрт, төрийн болон бусад албан тушаалд удирдах алба хашсан байх. Гуравт, хүний эрхийн төлөө тэмцэж байсан. Дөрөвт, спортын салбарт бизнес эрхэлж байсан туршлага шаардлагатай. Би бол энэ хэдийг бүгдийг хангаад байгаа юм. Ерөөсөө хөлбөмбөгийн спортод менежер, бизнесмэн болж явсан маань их өнийн юм. 1990 онд Элстэй хотын "Уралан” багийг анх байгуулж, дээд лигт гаргаж ирсэн хүн хэн билээ? Тухайн үедээ төсвөөс мөнгө авдаггүй ганц баг байлаа. Хамаг зардлыг нь би хувиасаа гаргадаг, хожооны шагналыг нь хүртэл өгдөг байв. Москвад "Спартак”-тай тоглоод хожиж явахад нь, хөл нь газар хүрэхгүй баярласан баахан амьтны дунд би ганцаараа муухай царайлаад сууж байлаа. Хожчихвол би шууд хувцас солих өрөөнд нь очиж хожлын мөнгө 100 мянган долларыг нь тарааж өгөх ёстой учраас тэр. Тэгдэг ёстой байсан юм, тэгэхэд.1997 онд нэгдүгээр дивизионд хожоод гараад ирэхэд нь би хүн бүрт машин, дасгалжуулагч Павел Яковенкод нь бүр "Мерседес-600” өгч байлаа. Сүүлд мэдэхнээ Борис Березовскийн тусгай захиалгаар хийлгэж байсан машиныг авчихсан байж билээ. "Уралан” шиг сайхан талбайтай баг тэгэхэд Орост лав байгаагүй.Валерий Газзаев, Олег Романцев эд нар, UEFA-гийнхан хүртэл ирж үзээд ангайж байсан юм шүү.Тэгэхэд "Зенит” клубын ерөнхийлөгч байсан Виталий Мутко (Эдүгээ ОХУ-ын Спортын сайд, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч. Орч.) манай тэр талбай дээр багийнхнаа бэлтгэлд гаргадаг байв аа.
Ийм ийм үндэслэлээр бидFIFA-гийн ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэж үзсэн юм. FIDE 20 жилийн өмнө ямар байсан, FIFA өнөөдөр мөн тийм байгаа ч юм. Ингээд гадаад орнуудаар явлаа, төрийн тэргүүд, хөлбөмбөгийн клубүүдийн ерөнхийлөгч нар, сайд дарга нартай уулзлаа. Дэмжиж байгаа хүн олон байгааг нь бодохоор шууд л нэрээ дэвшүүлэхээр, гэхдээ нэг хэсэгтээ харзная гэж бодоод байж байна. Ирэх сонгууль ямар болох нь вэ харъя, тэгээд дараа дараагийнхад нь үзэхэд болохгүй юм юу байх вэ.
- Юуг нь харзнах гэж?
- Би 1990 оноос хойш ЗСБНХОУ-ын Дээд зөвлөлийн депутат болохоос авахуулаад янз бүрийн төвшний 15 сонгуульд оролцож бүгдэд нь ялсан хүн. Яаж мэдэх вэ, хэрвээ FIFA-гийн ерөнхийлөгчид өрсөлдөөд ялагдвал нэр хүндэд маань яаж нөлөөлөх бол гэдгийг бодсоноо нуухгүй. Москвад миний уулздаг нэг их хүндтэй хүн хэлсэн юм, маш сайн бодоорой гэж. Ялна гэсэн бүрэн дүүрэн итгэл байхгүй бол харзнах хэрэгтэй шүү гэж.
- Хэдий болтол хүлээнэ гэж?
- Энэ асуудлыг нэг их удалгүй эргэж авч үзэх магадлал бидэнд бий.
- Та гадаадад их явдаг. FIDE-гээс гадна хувийн бизнесээ авч явах гэж нэг ажил бий биз?
- 1993 онд Халимагийн ерөнхийлөгч болох хүртэл бизнес маань дажгүй сайхан явж байсан. Арваад компанитай байлаа. Улсын ерөнхийлөгч болсон хүн бизнесээ хоёрдугаарт тавихаас аргагүй болдог юм байна. Харин 2010 онд ажлаа өгснөөс хойш, бизнестээ бага багаар ойртлоо. Сүүлийн үеийн ажил гэвэл Монголд шинэ төмөр зам тавих тендерт яллаа. Тавантолгойн ордоос Хятадын хамгийн ойрын далайн боомт хүртэл тавих зам юм, урт нь 1850 км. Вьетнам, Камбож, Лаост харилцаа холбооны хэдэн төсөл байна. Цаана нь бас бага сага юм бий бий.
- Шатрын холбооны ерөнхийлөгчийн суудлын төлөө уржнан тантай өрсөлдсөн Г.Каспаровын эрхийг өнгөрсөн намар FIDE хязгаарлачихлаа. Чухам яасан гэж тэр юм бол оо?
- Өнгөрсөн оны нэгдүгээр сард "The New York Times” сонинд нэг нийтлэл гарсан юм. Тэнд бичсэнээр бол Г.Каспаров FIDE-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Сингапурын иргэн Игнатиус Леонгтой гэрээ хийж, 500 мянган доллар өгөхөөр болсон юм билээ. FIDE-гийн тэргүүний сонгуульд ялахын тулд тэр шүү дээ. Эхэлж 500 мянгыг өгөөд, дараа нь өөрийнх нь төлөө өгүүлсэн санал бүрийн тоогоор 100 мянган доллар төлөхөөр тохирсон байдаг. Ингээд Г.Каспаров түүнд нэг сая доллар, дээр нь урсгал зардалд нь нэмж 100 мянгыг өгөхөөр болжээ. Сонины нийтлэл гарсан даруйд би FIDE-гийн тэргүүн дэд ерөнхийлөгч Георгиос Макропулост асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн. "The New York Times” сонинтой холбоо барьж, нийтлэлийг бичсэн хүнтэй харилцахад Норвегийн өмгөөлөгч Мортен Санд гэдэг хүн гарч ирдэг юм. Тэр гэрээг хийсэн хүн юм байна. Үнэхээр тийм гэрээ хийгдсэн гэдгийг тэр хүн үгүйсгэсэнгүй. Ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн нь тодорхой тул холбооны ёсзүйн хороо Г.Каспаровын энэ асуудлыг анхааралдаа авлаа. Ийм асуудалтай хүнийг сонгуульд оролцуулдаггүй зарчимтай боловч уг хороо өөрөөр шийдсэн юм. Би бол тэр хорооны ажилд хутгалдах эрхгүй. 2014 оны наймдугаар сард болсон тэр сонгуульд Г.Каспаровыг оролцуулаагүй бол, К.Илюмжинов түүнд ялагдана гэж айсандаа ийм юм хийлээ гэх байсан биз.
Г.Каспаровыг FIDE-гийн ажилд оролцуулахыг хязгаарласан намрын шийдвэрийг Г.Каспаровын асуудлыг анх барьж авсан сонгуулийн өмнөх тэр хуучин ёсзүйн хороо бус, сонгуулийн дараа байгуулагдсан, Г.Каспаровын талынхны дэвшүүлсэн хүмүүс ч бүрэлдэхүүнд нь байдаг тэр хороо гаргасныг хэлэх хэрэгтэй байх. ОХУ-аас энэ хороонд нэг ч хүн байдаггүй. Чухам энэ шинэ бүрэлдэхүүн Г.Каспаров, И.Леонг нарыг, ёсзүйн хэм хэмжээгээ зөрчсөн гэдэг шийдвэрийг гаргасан юм. FIDE-гийн чуулган энэ шийдвэрийг нь хүлээж аваад, зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцохыг даалгасан, даалгаврын дагуу өнөө хороо маань тэднийг FIDE-гийн аливаа ажилд оролцохыг нь хоёр жилээр хориглосон юм. Үүнээс гадна бидFIDE-гийн дүрмийн дагуу өөрт байгаа бүх материалаа АНУ-ын хууль хяналтын байгууллагад илгээсэн. Гэрээ хийсэн нэг тал нь Нью-Йоркт бүртгэлтэй "Kasparov Сhess Foundation” гэдэг байгууллага, нөгөө этгээд нь Сингапурын иргэний харъяалалтай юм. Сингапур бол авлигын эсрэг хатуу хуультайгаараа алдартай газар шүү дээ.
- Г.Каспаровын хувьд энэ асуудал яаж дуусах бол?
- Холбооны мөрдөх товчоо FIFA-гийн удирдлагын хэрэгт яаж хандсан, тэр л зарчмаараа хандах байлгүй дээ. Хэрвээ тэгвэл хорьж цагдахдаа ч тулж магадгүй. Энд зориуд хэлэхэд, Г.Каспаровоос ямар нэг өшөө аваад байгаа хүн байхгүй. Надад бол түүний ингээд явж байгаа нь харамсалтай л байна. Хамт ажиллая гэсэн үү гэвэл гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахтай нь зэрэг би түүнийг дэд ерөнхийлөгч болчих оо, Олон улсын шатрын академийг аваад удирд аа, "Шатрыг сургуульд” хөтөлбөрийг хэрэгжүүлээд яв аа гэсэн. Ингээд явахад цалин нь жилдээ нэг сая доллар юм. Одоо ч ялгаагүй, өмгөөлөгчдөө өгөх мөнгөгүй гэвэл би өгөхөд бэлэн. Тэгтэл өөрөө болохоор улс төр лүү л дөргүй бух шиг зүтгээд байх юм.
- Та хоёрт хамтдаа ажил хэрэг эрхэлж, урагштай явсан үе бий дээ?
- Байлгүй яахав. Гэхдээ яг цэвэр бизнест бол ганзага нийлээгүй юм. Титмийг нь худалдаж авснаа л хэлэхгүй юм бол.
- Юун титэм билээ?
- 1990 онд А.Карповыг хожиж дэлхийн аварга болоход нь үнэт чулууны "Kоrloff” пүүс мань эрд хар цагаан нийлсэн 1118 алмаз шигтгээтэй титэм өгсөн юм. Төд удалгүй тэр титмээ зарж, мөнгийг нь Армений дүрвэгсдэд өгөх юм боллоо. Арабын нэг шейх тэрийг нь авна гэж байгаад алга болчихдог юм байна. Г.Каспаров болохоор хүмүүст мөнгө өгнө гээд амлачихсан байдаг. Тэгээд би худалдаж авсан юм.
- Үнэтэй авсан уу?
- Аа тэр бол наймааны нууц аа. Титмийг Швейцарийн нэг банкинд хадгалчихсан байсан учраас тэнд очиж наймаагаа хийсэн гэдгийг л хэлье.
- Одоо танд байдаг уу?
- Яаж байх вэ. Бизнесмен найзууд маань зээлийн барьцаанд тавина гэж аваад алга болсон.
- FIDE-гийн ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2018 оны есдүгээр сард Батумид болох юм байна. Та өрсөлдөх үү?
- Өрсөлдөлгүй яах вэ. 2020 он хүртэл хийхээр өөртөө төлөвлөсөн ажлынхаа эцсийг нь үзэхийг л бодно. Одоо эргээд харжээ байхад, FIDE-гийн ажлыг ийм хэцүү гэж анхнаасаа мэдсэн бол ийшээ орохгүй ч байсан байж магадгүй санагддаг. Шатарчид гэдэг хачин ярвигтай улс шүү дээ.
- Тэгвэл хамгийн ярвигтай хүн нь хэн байв?
- Бобби Фишер (Дэлхийн 11 дэх аварга. Ред.) юм болов уу. Шатарчин хүнээс юу ч гарч мэднэ, тэгнэ дээ гэж таамаг тавих арга байхгүй. Б.Фишер бол тэр талдаа үнэнхүү онцгой хүн. 1984 онд болсон А.Карпов-Г.Каспаровын тэмцээний хөшигний цаадах тэмцлийн талаар нэгд нэггүй мэдэж байсан Гейдар Алиевын (Азербайжаны ерөнхийлөгч асан. Орч.) нэг хэлснийг би мартдаггүй юм: "Шатарчин хүнд ер бүү найд. Амьдралын асуудлыг шатар тоглодог шигээ нарийн тооцоолоод, тэр тооцоо нь хэтрээд ирэхээр буруу болдог” гэсэн юм. Б.Фишер бол үүний төгс биелэл байлаа. Гэхдээ тэр их хүнтэй дөрвөн ч удаа өрөг тавьсан маань хувь заяа юм даа.
- Хэзээ яаж тэр вэ?
Б.Бат
Эх сурвалж:tonshuul.mn