Ардчилсан намын баярын бялуу
-АН-ын мэндэлсэн өдрийн баярт зориулав-
Ийм нэг таамаглал
Ер нь монгол хүүхдүүд хэзээнээс байлдаж тоглосон юм бол...? Ямартай ч чулуугаар байлдах бол хотын жаалуудын үндсэн тоглоом байсан гэдэг. Тиймээс л тэд багын энэ зангаа одоо хүртэл хаяж чадахгүй яваа байх. Үгүй бол Ардчилсан намын өнөөгийн удирдлагуудыг ид боловсрол эзэмших, зарим хурган дарга нарыг нь "юм” ойлгохтойгоо болох үед Солонгосын "Хон Гил Дон” гэж байлдаантай кино олон дахин гардаг байв. Энэ киног үзээд тэд "Би том болоод яг ийм ноён болно доо” гэж боддог байсан ч байж болно. Мэдээж кино боловсрол гэдэг өсвөр насны хүүхдүүдэд хамгийн их нөлөөтэй. Тиймээс л өнөөг хүртэл Ардчилсан намын олон фракц, анхан дунд шат гэлтгүй өөр хоорондоо өдийг хүртэл байлдаж тоглох тун сонирхолтой болсон биз.
"Ардчилсан” дайн
Улстөрийн энэ хүчин таван нам нэгтгэж, Ардчилсан намыг байгуулсанаас хойш анх удаа төрийн эрхэнд гарч буй нь энэ. Мөн ардчилсан Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдов. Цаг тооны бичигт тэмдэглэснээр бол Ардчилсан намыг байгуулсан түүхт өдөр 12 дугаар сарын 6-нд байв. Хэдий тийм ч одоог хүртэл баярын ширээ зочдоо ээлж дараалан хүлээн авсаар л байна. Тэгвэл тус намын түүхийг мөхөж үзвэл улс төрийн ямар халуухан үйл явдлууд болж өнгөрсөн юм бэ бүү мэд. 2004 онд тус нам 36 суудалтай эвсэлийн Засгийн газар байгуулсан. Мөн 2008 онд үнэмлэхүй цөөнх атлаа хамтарсан Засгийн ивээлд багтсан гээд үзэхээр өмнө нь хоёр ч удаа төр түшилцсэн болж таарна. 2008 оны сонгуулийн үр дүнд дурсахаас айдас хүрэм үйл явдал болж таван хүн хорвоог орхисон боловч Ардчилсан нам Шадар сайдтайгаа нийлээд зургаан сайдын суудалд суусан нь сонин үйл явдал байлаа. Хэдий ийм ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хэдхэн сарын өмнө юу ч болоогүй юм шиг Хамтарсан Засгийн газраа хаяад явчихсан нь улстөрийн гол хүчний хувьд базаахгүй араншин гэдгийг гадаад дотоодын олон ажиглагч өгүүлсээр байдаг. Гэвч энэ цаг үеэс л эхлэн тэдний дайн улам ширүүн болжээ. Тодорхой жишээ л гэхэд 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө нэр дэвших батлахаа аваад байсан Ц.Анандбазарыг барьж хорьсон, аймгуудын Засаг дарга нарын гарыг гинжээр хүлсэн тохиолдол ч бий. Мөн Засгийн газрын тэргүүн нь өөрийн намын, ойр дотны хүн гэдэг үзлээр хандаж, хүссэн суудалд нь залж орхидог хэв шинжийг Монголын улс төрийн түүхэнд анхлан тогтоолоо. Үүний нөгөө талд харин сөрөг намын улстөрчийг аймаг сумаараа нийлж сонгоод байхад батламжлахгүй гүрийдэг нь энгийн зүйл болон хувирах нь. Бүр сүүлдээ энэ бүх хууль бус үйлдлийг үндсэн хуулийн Цэц батлаад байхаад ч Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй хүмүүс ичихээ больсон байв. Учир нь энэ ардчилсан дайн бүхний ард Ардчилсан намын анхны дарга Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав байлаа. Харин одоо Х.Тэмүүжин гишүүнийг дасан хэмээн үздэг болсон. Ямартай ч энэ эгзэгтэй үед Ардчилсан намын цэвэр гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн хэвээр.
Хэрчим "бялуу”-ны хэрэг
Одоо ч энэ намд хаа сайгүй тэмцэл өрнөсөөр л байна. Багын зангаараа булан тохой бүрт байлдаж тоглосоор л байна. Ногдсон бялуугаа чамласан нөхөд эрх баригчид руугаа турхирах, шинэ ургасан жигүүр нь Засгийн газрын гишүүдээ онилох, цөөнгүй аймгийн намын хороо хоёр дарга, хоёр тамга болж байлдаж тоглох зэрэг нь байдаг л нэг имиж. Тун саяхан л гэхэд Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба цүнхтэй мөнгөө "гэрэл”-д цохиулснаас болж, албан тушаалаа өгөв. Эзгүйрсэн энэ суудалд харин хуучин цагийн сайд С.Ламбаа дахин суух хүсэлтээ илэрхийлсэн гэх. Хэрэв түүнийг болоод багийн нөхдөөс нь сайд томилохгүй бол "зэвсэг” барих тухай ч дуулгаад амжжээ. Тэгвэл энэ баярын өдөрт зориулж Ерөнхий сайд асан Р.Амаржаргал намын удирдлагууддаа захидал бичив. Түүний хувьд бага сургуульд байхдаа л байлдаж тоглох дуртай бацаан байсан бололтой. Өөрөө чуулганы хуралдаанд тоотой сууж, бүлгийн хуралдаа бүр ч үзэгддэггүй атлаа зөвхөн байлдааны хэлбэрийг сонгосоор ирсэн. Н.Алтанхуягийг огцруулахын тулд тэмцсэн. Ч.Сайханбилэгтэй сайд болохын тулд дайдсан. Одоо намтайгаа...