Улстөрчид “инээдэг баг”-аа зүүчихэж
Оюутан нэртэй л бол 70 мянган төгрөг өг гэж ирээд л сэтгэл, зүрх нь хайраар дүүрч байна, цаадуул чинь.Бас ой ухаан нь дээд зэргээр ажиллаж, сайжирч эхэлж. Мартсан байсан зүйлүүдээ санаж байх шиг. Гэнэт л бүгд эдийн засаг муудсаныг ухаарч, сайжруулах хэрэгтэй гэж мэдэмхийрч эхэллээ. Өмнө нь байдал хэцүү байгааг ерөөсөө олж хараагүй, харалган байсан бололтой. Эсвэл харсан ч ухаарах чадваргүй байж. Яагаад гэвэл сонгууль ойртоогүй байсан болохоор тэр шүү дээ.
Одоо бол сонгууль дөхчихсөн учраас ухаан санаа нь гэнэт цэлмэж, зүрх сэтгэл хайраар бялхаж, нүүрэнд нь инээмсэглэл тодроод, огт өөр болж байгаа нь тэр. Ард түмэн минь гэдэг үгийг байнга хэлээстэй. Хоёр, гурван үг хэлээд л "Ард түмэн” гэж заавал ярих программтай болж байгаа юм. За тэгээд, сонгуулиар хэрэг болж магадгүй хүмүүстэй тун найрсаг харилцаж, далан дээр нь алгадаад л. Бараг тэвэрч аваад үнсэх нь холгүй. Нээрээ бас сүүлийн хоёр, гурван жил тас атгачихсан байсан алгаа тэнийлгэж, иргэддээ юугаа ч хамаагүй өгөхөд бэлэн болсон. Оны өмнө чинь юу хамаагүй тараалаа. Нүүрс, бетон, гурил, будаа, тос, аяга гээд л. Уг нь сонгуулийн хуулиар ард түмэнд элдэв зүйл тараахыг хориглочихоогүй бол өдийд нэр дэвших боломжтой болгоны алга тэнийгээд аятайхан байхгүй юу.
Сэтгэгдэл байхгүй байна.