“Тэсо”-ийн захирал Т.Цогтгэрэл транс тосныхоо учрыг олчихоод нэр дэвшвэл ямар бэ?
"Тэсо” корпорацийн захирал О.Цогтгэрэл Увс аймгаас ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж, шинэ жилээр нэрийн бэлгээ хүртэл явуулаад амжсан. Аймгийнхаа Ардчилсан намын даргын албыг бизнесийнхээ хажуугаар давхар хашдаг Т.Цогтгэрэл эрхэм "Тэсо” корпарацийн нэрийн бүтээгдэхүүнээр нэлээд даацтай бэлэг бэлдсэн талаарх мэдээлэл түгэж байсан билээ. Тодруулж хэлбэл, Т.Цогтгэрэлийн бэлгэнд "Лапша” гоймон гурван уут, гурвалжин болон цагаан будаа тус бүр нэг кг, хоёр төрлийн чипс, 0,5 кг-ын наранцэцэгийн тос, зөөлөн чихэр, О.Цогтгэрэлийн зурагтай хуанли зэрэг багтсан гэх. Сонгууль болох сургаар "Тэсо” корпорацийнхаа бүтээгдэхүүнийг хайрцаг хайрцгаар нь Увс руу зөөж буй Т.Цогтгэрэлийн эл үйлдлийн ард бүтээгдэхүүний эрүүл ахуйн байдалд хэн хяналт тавих бэ? гэсэн асуулт гарч ирнэ. Өмнө нь хэвлэл мэдээллээр түгэж байсанчлан хүний биед хор хөнөөлтэй нь батлагдаж, дэлхий нийтийн хүнсний хэрэгцээнээс хэдийн хасагдсан транс өөх буюу маргарины агууламж бүхий "Стандарт масло”, модны үйрмэгтэй "Бамбар” зайрмаг, хөгц бүхий "Милко” сүү, үртэс шиг үйрээд уначихдаг гэх гомдлыг дагуулдаг "Сакура” будаа Увс нутгаар дахин тарвал яана? Сүүлийн үед транс өөхний хэрэглээг хязгаарлаж, эрүүл мэнддээ анхаарахыг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа зөвлөх болсон. Гэтэл "Тэсо” корпораци зах зээл дээр "Стандарт” маслоо борлуулсаар байгаа юм. Ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй тул транс өөхний хэрэглээг хязгаарлах арга байхгүй. Харин Т.Цогтгэрэл энэ чигээрээ Увсынханд бэлэг тараасаар парламентед суудалтай болсон тохиолдолд транс өөхний хэрэглээг хязгаарлах ямар ч аргагүй болох биз ээ. Энэ нь уяач гишүүд морио 500 саяар даатгачихаад, унаач хүүхдээ 50 мянгаар даатгаж орхиод, зохицуулалт хийх хуулийг нь хаасаар суудагтай яг ижил ойлголт. Чухам тиймээс л "Тэсо”-ийн захирал Т.Цогтгэрэлд эхлээд транс тосныхоо учрыг олчихоод нэр дэвшвэл ямар бэ? гэсэн асуултыг тавимаар санагдана. Уг нь эрхэм Т.Цогтгэрэл транс өөхний хор хөнөөлийг хангалттай мэдэж баймаарсан.
Цөцгийн тос буюу масло гэж юу вэ? Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна. Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. "Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг. Масло, маргарины хувьд би химичдээс илүү үнээнд итгэж байна.
Маргарин гэж чухам юу юм бол? Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ. Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр "сувд” буюу "маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг "гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг. Трансжир гэж нэрлэгддэг байгалийн бус, хүний бүтээл болох маргарины нэгдлийг задлах фермент хүний биед байдаггүй учир энэ нь цусаар түгээгдэн эрүүл мэндэд асар их хор учруулдаг нь тогтоогджээ.
Монголчууд маргариныг масло гэж андуурдаг Хоол судлаач Америк эрдэмтэн Роберт Аткинс 1999 онд хэвлүүлсэн "Доктор Аткинсын био нэмэлтүүд” номынхоо "Маргарин л биш шүү” гэдэг бүлэгт "Би маргарин эрүүл мэндэд ямар их аюултай вэ гэдгийг 1970 онд анх мэдсэн цагаас хойш маргарин агуулсан юу ч идэхээ больсон” гэж бичсэн байдаг. Маргарин хортой гэдгийг мэдээгүй хүн Монголд одоо ч олон байна. Бидний дийлэнхи нь цөцгийн тос (масло), маргарин хоёрын ялгааг сайн мэддэггүй учир маргариныг маслотой талх идэж байна гэж бодсоор 20 гаруй жилийн нүүрийг үзчихэж. Маргариныг шар болгохын тулд хиймэл будаг нэмж, амтыг нь үнэр оруулагчаар засаж үйлдвэрлэдэг тул бид амархан хууртдаг байна.
Маргарин хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ? Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.