З.ЭНХБОЛД: БИ ИЙМ ААШТАЙ ХҮН, ҮҮНИЙГЭЭ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖГҮЙ.
Монголын Ардчилсан холбоо анхны хурлаа хийсэн түүхт 26 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын Ардчилсан холбоо анхны хурлаа хийсэн түүхт 26 жилийн ой өнөөдөр тохиож байгаад баяр хүргэсэн юм. Харин УИХ-ын дарга З.Энхболд "УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдсэнгүй. Өнгөрсөн 26 жилд АН-д дангаар нь засгийн эрх барих боломжийг Монголын ард түмэн өгөөгүй байна. Өнөөдөр АН-ын гадаадад томилолттой байгаа нэг гишүүнээс бусад нь бүгд оролцсон. Гэтэл МАХН, МАН-ынхан хуралдаа суусангүй. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдааанаар Зөрчлийн тухай хууль, Барилгын тухай хууль, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг унших ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол дээрх хууль өнөөдрөөс хэрэгжиж эхлэх байсан. Ирц бүрдэхгүйд хүрвэл эдгээр хууль ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхлэхээр болоод байна шүү дээ. Түүнээс гадна Татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль гээд маш олон дэвшилттэй хуулийг гаргах гэхээр хуралдаа сууцгаахгүй юм. Гишүүд хоёрдугаар сарын үлдсэн хоногуудад төлөвлөсөн ажлаа ээлжит бус чуулганаар хуралдаад дараа нь тойрогтоо очиж ажиллах хэрэгтэй. МАХН-ынхан тойрогтоо очоод Н.Энхбаярыг Шадар сайд болгоогүй болохоор хуралдаа суусангүй гэж иргэдэд ярьж явах уу. Энэ өөрсдөд нь хүндрэлтэй асуудал биш үү” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Төр засаг эргээд бүлэглэлийн хэмжээнд очжээ. Тэгш бус хуваарилалт шударга бус хуулийг дээдэлдэггүй, мөрддөггүй засаглалын хямралыг та бүхэн юу гэж дүгнэж байна вэ?
-З.Энхболд: 26 жилийн өмнө энэ өдөр би тэр танхимд сууж байсан. Тэгэхэд гудамжинд машин байгаагүй. Өнөөдөр гудамж ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Олон юм өөрчлөгджээ. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хариуцлага энэ их хурлын үед улам дордсон. Өглөө хурал цагтаа эхэлдэггүйг та бүхэн мэдэж байгаа. Асуудал байж болно. Хэлэлцэж буй асуудалтай санал нийлэхгүй байж болно. Орж ирээд хуралдаа суух үүрэгтэй. Хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. 26 жилд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ 500 ам.доллараас 4500 болж ес дахин өслөө. Үүнийг олж хардаггүй хүмүүс байдаг. Тэгж хэлэх эрхийг нь бас өгсөн. Бид сайн зүйлээ ярьдаггүй болсоор удаж байна. Манай улсад сайн зүйл зөндөө байна. Шударга ёс бий, Авлигатай тэмцэж байна. Бүх хүний санаанд хүрсэн шударга ёс бүрдүүлж чадаагүй гэж боддог хүмүүс ч бий. Аливаа хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй. 26 жилийн дотор АНУ шиг хөгжилтэй орон болох боломжгүй. Гэхдээ тэр зүг рүү маш том алхам хийсэн. ДНБ ес дахин өсч, гудамжаар машин багтахаа байлаа. Бид сайн зүйлийг олж хармаар байна. 1990 оноос хойш үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байсан. Одоо ямар болсон билээ. Бид төр засаг ажиллая гэвэл сонгогдсон хүмүүс цалингаа авдаг ажилдаа ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж гадна талаас нь харагдаж байгаа ч энэ УИХ дотор таван намын төлөөлөл байна. Үүнээс гурван намын гишүүд хариуцлагатайгаар хуралдаа ирж байна. Хоёр нь ирэхгүй байна. Ирэхгүй байгаа гишүүдээс шударга ёс, хууль дүрмийг асуух хэрэгтэй.
-Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдалд зөвшилцөөд ээлжит бус чуулганаа хуралдуулах боломж байгаа юу?
-Б.Гарамгайбаатар: АН-ын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцлөө үргэлжлүүлсээр яваа. Ардын намтай ч, МАХН-тай ч олон жил зөвшилцсөн. Хамгийн харамсалтай нь Дэгийн хууль зөрчсөн асуудал яригдаад байгаа. УИХ-ын даргын захирамж гарсан бол УИХ-ын гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Даргын зөвлөл бол зөвшилцлийн хүрээнд явагддаг. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр даргын зөвлөлийн хурлаар гарч ирсэн. Түүнээс биш УИХ-ын дарга дураараа хийсэн юм байхгүй. МАН-ын хоёр, гурван гишүүн ингэж хэлж байсан. Зөвшилцөлд МАН-ын бүлгийн дарга, МАН-ын дарга өөрсдөө ордог. Бүх намын төлөөлөл даргын зөвлөлд байгаа.
-Ээлжит бус чуулганы эхний асуудал нь Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татах асуудал байсан. Цэцийн дунд суудлын шийдвэр гарчихсан тохиолдолд энэ асуудлыг хэлэлцэх хууль эрхзүйн боломж байгаа юу?
-З.Энхболд: Үндсэн хуулийн цэц Их хурлын сүүлд батласан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Жишээ нь Хууль зөрчснийг Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө шүүх тогтоодог байсан. Х.Тэмүүжингийн хуульд эрх бүхий байгууллага тогтооно гэж заасан байсан. Аль, аль нь хүчингүй болсон учраас Үндсэн хуулийнхаа заалтын дагуу хууль зөрчснийг хэн тогтоох нь байхгүй болсон учраас УИХ өөрөө шийдээд явна. Цэцийн дарга яагаад огцрох дээрээ тулчихсан гэхээр тэр хуулийн өөрчлөлтөөс болж огцрох дээрээ тулаагүй. Хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснээсээ болоод огцрох гээд байгаа юм. Монгол Улсад хуулийг хүчинтэй юу, хүчингүй юу гэдгийг ганцхан УИХ хэлдэг. Тэрнээс Үндсэн хуулийн цэц, Үндэсний бөхийн холбооны цэц хэлэх эрхгүй. Тийм алдаа гаргасан учраас огцрох дээрээ тулсан.
-АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох боломжгүй гэсэн агуулгатай бичиг ирсэн гэсэн. Энэ тохиолдолд Ерөнхий сайдаас Шадар сайдын нэрийг Их хуралд өргөн барих боломжгүй болж байгаа гэсэн үү?
-Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Ямар бичиг ирснийг мэдээгүй байна. Үнэхээр нэрийг нь өргөн мэдүүлж болохгүй гэсэн бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж АН-ын бүлгийг шантаажилж болохгүй. Бид хуулиа дагах ёстой. УИХ-д өргөн баригдаагүй асуудлыг захирамжид оруулах эрх надад байхгүй.
-АН 2016 оны сонгуульд МАХН-тай эвсэж орох уу?
-АН 2004 оноос хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин УИХ-д суудалтай бусад жижиг намууд АН-тай нэгдэж болно. Бид урилга явуулсан. Урилгын дагуу процессууд явагдаж байгаа. МАХН-тай нэгдэх урилга явуулаагүй, сонгуульд хамтарч орохгүй. Энэ бол маш тодорхой. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байгаа. 26 жил биднийг олонхи болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Одоо нэг болгоод өгөөч ээ. Бид дараагийнхаа 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр. Бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Энэ мэт хийх ажил олон байгаа ч бидний эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдөр хурлаа хуралдуулж чадахгүй байна. Бид 35-уулаа байгаа. Дахиад 4 гишүүн дутаад байна. Хэн нэгэн намтай эвсэхгүйгээр, хэн нэгнийг гуйлгүйгээр ирцээ бүрдүүлээд хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад дөрвөн гишүүн дутаж байна. Энэ их хурал байгуулагдаад Ардчилсан нам их хуралд байгаа бүх намууд, бие даагчидтай хүртэл болохоосоо, болохгүй хүртэл эвсэж үзсэн. Олонхи болоогүй учраас энэ мэт зовлон гарч байна. Тиймээс 2016 онд Монголын ард түмэн аль нэг намыг нь олонхи болгох хэрэгтэй. Тэгж байж ажил явна. Бид олонхи болоогүй ч ажлаа бол хангалттай хийсэн.
-Намын даргын хувьд Шадар сайдын асуудлаар МАХН-ын даргатай уулзсан уу. Энэ талаар ямар нэгэн тохироо хийгдэж байгаа болов уу. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр Шадар сайд болгоно гэсэн тохироо хийгдсэн гээд яригдаад байх юм?
-УИХ хуулийн хүрээнд ажиллах ёстой. Засгийн газар мөн тэгж ажиллах ёстой. Шадар сайдад нэр дэвшүүлээд холбогдох газруудад бичиг явуулаад хариу нь ирэхээр УИХ-д өргөн барьдаг. Тэр процесс нь дуусаагүй байгаа учраас Ерөнхий сайдыг төлөөлж ярих боломжгүй.
-Таныг МАН-ын бүлгийн гишүүдийн микрофоныг хаадаг, ёс зүйгүй харьцдаг гэдэг зүйлийг ярьж байна. Таныг огцруулах асуудлыг гаргаж тавина гэж байна. Үндэслэл дээр нь ямар тайлбар хийх вэ?
-Огт үндэслэлгүй юм ярьж байна. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг 19 гишүүн гарын үсэг зураад огцруулдаг Үндсэн хуулийн боломж байхгүй. Би ийм ааштай хүн, үүнийгээ өөрчлөх боломжгүй. УИХ сахилга баттай байх ёстой. Дуртай үедээ ирээд, дургүй үедээ картаа сугалаад гардаг ийм эрх чөлөөг Үндсэн хуулиар олгоогүй. Үндэсний бөхийн барилдаан 14.00 цагаасаа эхэлдэг болсон байна лээ. УИХ-ын чуулган 09.00 цагтаа хуралдсныг би санахгүй байна. Цалин авдаг ажил шүү дээ. Бүх намын гишүүдэд яг адилхан ханддаг. Микрофон таслах эрх надад байна.
Сэтгэгдэл байхгүй байна.