“Баян” Монгол орноос залуус нь юунд “зугтана вэ”

1

“Баян” Монгол орноос залуус нь юунд “зугтана вэ”

 


БНСУ-д гэрээгээр ажиллах бүртгэл эхлэхээр маш олон залуус өдөр, шөнөгүй оочир дараалалд зогсож, хил давах чин хүслээ дарж ядан түлхэлцэж байна. Хэчнээн ч залуу харийн орныг зорив. Хэчнээн залуус хийж бүтээх цэл залуу насаа тэнд үдэв. Танд, та бүхэнд юу ч бодогдохгүй байна гэж үү. Эрхэм төрийн түшээд, түмний төлөөлөл өө.

Өчигдөр ихэнх нутаг цасаар шуурч хонолоо. Улаанбаатар хотод ч ялгаагүй. Гэтэл энэ цасан шуургыг ч үл анзааран залуус БНСУ-д ажиллахаар шөнөжин оочирлон зогссон байх юм. Өнөө өглөөний дүр зураг энэ.

Дахиад л асууя. Жаргалтай Монгол орноос залуус юунд ингэтлээ зугтана вэ.

Уг нь нэг мэргэжил эзэмшээд л эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж болдоггүй юм болов уу. Ийм асуултыг та жирийн нэг залуугаас асуугаад үзээрэй. Амаа алгадуулж мэднэ шүү. Яагаад гэж үү. Яагаад гэвэл Монголд дэлхийн хэмжээний байтугай хөршүүдийнхээ хэмжээнд хүрэхгүй боловсролтой хэрнээ, дэлхийн дээдчүүдтэй өрсөлдөхүйц өндөр төлбөртэй их дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд эцэг, эх нь үр хүүхдээ бусдаас дутаачихгүй гэсэн дээ цалингийн, тэтгэврийн, хэрэглээний гэх мэтчилэн өндөр хүүтэй зээл авч, сургалтын төлбөрийн тушаадаг. Ингээд дөрвөөс таван жилд өчнөөн хөрөнгө зарцуулж байж хүүхэд нь баклаврын дипломтой болно. Гэвч энэ диплом нь жирийн нэг албан байгууллагын цэвэрлэгч, хаалгач, ресепшний л шалгуур хангах нь тэр. Уг нь Харвардын, Оксфордын хэмжээний төлбөрийг дөрвөөс таван жилд төлсөн байтал төгссөн оюутан нь албан байгууллагуудын шалгуурыг хангахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Тиймээс л түрээсийн лангуунууд дипломтнуудаар дүүрчихээд байна.

Улс орны эдийн засаг хямраад ирэхээр иргэдийн худалдан авалт буурч, лангуу түрээсэлж байсан дипломтнууд ажилгүй, орлогогүй болж эхэлдэг. Энэ үед цорын ганц зам үлдсэн байдаг нь "зээл тавиад ч хамаагүй гадны орныг зорих".
Мэдээж өр, зээл тавьчихсан учраас "би чадахгүй байна. Үнэхээр халширч, ядаж байна” гэж хэлэх зүрх зориг тэдэнд үгүй. Тиймээс л бусдын "баас, шээсийг цэвэрлэж” байсан ч шүд зуун, нулимс дуслуулан гадны оронд ажилласаар л байна.
Гэхдээ нэг давуу тал бий. Гадны улс оронд ямар ч ажил хийсэн үнэлэмж нь өндөр. Бохир заваан байх тусмаа л нэмэгдээд байх нь тэр. Бас илүү цаг, шөнийн ээлж гэхчлэнгээр ажиллаж, хөдөлмөрлөж л байвал мөнгө олоод байх боломж нээлттэй. Харин Монголд эсрэгээрээ яаж ч хичээж, хөдөлмөрлөж, махраад өгдөг хэдэд нь өөрчлөлт орохгүй. Харин ч элдэв татвар, татаас гээд хасагдах нь маргаангүй үнэн. Өнөөдөр сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 400 мянган төгрөгнөөс гараагаа эхлүүлж байна. Бүгд биш байх л даа. Гэхдээ л дийлэнх нь. Үүнээс татвар, даатгал, шимтгэл гэж явсаар тал нь л гар дээр нь ирнэ. Гар дээр ч юу байхав. Хоол хүнс, автобус унаа, орон байр гээд нөгөө ирсэн тал чинь "хасах” дүнтэй гарах нь тэр. Тэгээд л эцэг, эхийгээ дахиад л шаналгаж гарна даа.
Ийм л амьдрал байгаа учраас "боол” болоод ч хамаагүй гадны улс орныг зорих, дүрвэхийг Монгол залуус чухалчилж байна.
Сэргэлэн, гүйлгээ ухаантай залуус бий л дээ. Тэд бизнес хийгээд л эх орондоо сайхан амьдарч байсан үе сайхан. Гэвч улс оронд хэрэгжиж буй хууль, тогтоомж бүр тэдгээр залуусыг шахаж, шувтарч, тэмтэрсээр байгаад л амьдрах урам зоргийг нь хугалж, байж суух газаргүй болгож байна.


/Энэ бол Ордос хотын дүр төрх. Тэнд ажиллах хүч алга, амьдрах залуус ч алга.../

Ингээд л залуус энхрий хайр эх орноо орхиж, харийн орныг шүтэхээс аргагүй зам руу түлхэгдэж байгаа юм. Зарим хүмүүс "сайхан амьдарч байна. Дандаа л муу амлаж байх юм” хэмээн залуусыг буруутгах нь бий. Гэвч тэр сайхан амьдрал нь үнэхээр нүдэнд харагдаж гарт баригдахгүй байна шүү дээ. Ийм байхад олон сая малтай байгаад яах юм. Газар дороо баялагтай байгаа яах юм. Амар амгалан, энх тайван байгаад яах юм. Залуус урам зориг алга, хөгжих дэвших, хөдөлмөрлөх, сайн сайхан амьдрах боломж алга... Үүнийг яаж засах вэ... Ямар гарц, гаргалаа байна вэ...

А.Аюуш

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл