МАН-ын зүгээс сүүлийн үед улс орон давшгүй их өрөнд орлоо гэж орилолдож байгаа. МАН-ын дарга нь хүртэл "Монголын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо” гэж ярилцлага өгөх болсон. Ард иргэд бид нар ч тэдний үгэнд итгэж нойр хүрэхээ больсон юм. Үнэндээ хэн нэг улстөрчийн компани руу орчихсон их мөнгөний өр гэж бодохгүй байлаа. Эх орны бүтээн байгуулалтад зарцуулагдсан мөнгө гэж бодож байлаа. Нийслэлд гэхэд урьд байгаагүй их зам, гүүр, талбай гудамж, байшин барилга ашиглалтад орсон. Энэ бүгд рүү оруулсан хөрөнгө л эцэстээ их өр болчихоод байна гэж боддог. Аймгуудыг харахад л Дорнодоос бусад нь бараг засмал замаар холбогдчихсон. Эх орны төлөө хийгдсэн энэ их өр ширийг одоо төлөхөөс биш яахав гэсэн сэтгэл хүн бүрт төрсөн байх. Жишээ нь нийслэлд амьдарч байгаа хэн ч тэр өрийг төлөхөөс татгалзахгүй. Бүгд хийсэн бүтээсэн бүгдийг нь ашиглаж, дээгүүр нь алхаж гишгэж явна. Иймэрхүү эх оронч сэтгэлээр орой үдэш хүртэл гэртээ тооцоо хийж хямраацгаасан нь үнэн. Тавьсан зам, зассан гудамжаар нь алхаж л яваа хүмүүс чинь. Яагаад гэвэл монголчууд язгуураараа хүнээс хэрэглэсэн юмаа өгдөг, төлдөг сэтгэхүйтэй ард түмэн юм. Ийм л тооцоог монголчууд хийж байлаа шүү дээ, өчигдөрхөн.
Тэгсэн өчигдөр болсон Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг юу гээд хэлчих вэ! Форумын индэр дээрээс, тэр олон төлөөлөгчийн өмнө тэрбээр "Өрөнд санаа зовоод байгаа юм бол Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, О.Содбилэг та нар өөрсдөө өрөө төлчих” гэж хэллээ. Энэ нь ард түмний нүдийг орой дээр нь гаргав.
Ингээд МАН-ынхны ”Монголын иргэн бүрийн тоогоор 15 саяын өр” хэмээн орилолдож, ард түмнийг хямраасан дааж давшгүй 21 тэрбум долларын өрийн талаар Ерөнхий сайд яг юу гэж хэлснийг хүргэе. "Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байх аа. Монгол Улсын гадаад өр төлбөрийг олон улсын стандартаар хөтөлдөг. 2011 он хүртэл зөвхөн Засгийн өр тооцож байснаа шинэ хуулиар нэмээд Монголбанк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын зээл, тэр бүү хэл толгой компаниасаа охин компани руугаа шилжүүлж зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг хүртэл өрөнд тооцож нэгтгэх болсон. 21 тэрбум төгрөгийн талаас илүү нь ийм бүртгэлийн өрнөөс үүсэлтэй болохоор өр гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ аргачлалаар тооцоход МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ.
Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2.3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн, уусан гээгүй шүү, битгий мушгиарай. Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ.
"Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын МАК компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм.
Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн доороос өндийж авбал дээргүй юу, улстөрч нөхөд өө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг хатуухан хэлчихье.
Айлгах тактик гэдэг барууны телевизийн нэвтрүүлэг байдаг, харин Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн кампаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн кампани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа” гэж хэлсэн юм.
Ардын намынхан "Иргэн тус бүр 15 саяын өртэй боллоо” гэж айлгаад байсан нь ийм учиртай болж таарав. Ер нь бол аль ч улс орны Гүйцэтгэх засаглалын тэргүүний үг л хамгийн үнэн, итгэл үнэмшилтэй байдаг. Ерөнхий сайдыг ингэж хэлсний дараа ард түмэн бүгдийг ойлголоо. МАН-ынхан даан ч их өр гэж яриад байсан юм тэгсэн нөхдүүд өөрсдийнхөө тавьсан "өр”-ийг л биднээрээ төлүүлэх гээд тэгж их шамдангуй чарлаад байсан юм байна. Бүр Монголын иргэн тус бүрт 15 саяар нь хуваачихсан шүү. Алах нь ээ. Эндээс харахад Ерөнхий сайд үнэнийг ард түмэнд яг үүн шигээр хэлж өгдөг баймаар юм байна. Ард түмэн үнэн зөвийг мэдэх эрхтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ удаа хэлсэн үг, өгсөн мэдээлэл бол ер нь улстөрчдөд, тэр дундаа хойших бүх Ерөнхий сайдуудад жишиг болохоор үг боллоо. Нөгөө талаас нь харвал ер нь ямар ч улстөрч үнэнийг ард түмэнд хэлдэггүй юм байна. Харин ч эсрэгээрээ үнэнийг ард түмнээс нуудаг юм байна, лав л Монголын улстөрчид. Гэтэл бүгдийн сэтгэлийг зовоож байсан 21 тэрбум долларын их өрийн тухайд Ерөнхий сайд тавхан минут үнэнийг хэлэхэд гурван сая монголын чинь сэтгэл амарч байна шүү дээ. Сонгуулийн пиартаа зориулсан атгагхан бодлоор ард түмнээ ийнхүү сэтгэлийн зовлонд унагаж байгаа улс төрчдийг одоо юу гэж ойлгох вэ. Тэдэнд итгэх биш, жигших ёстой бус уу. Ард түмэн бид бүхэн дэмий донгоссонд нь итгээд явж байдаг.
Тэгэхээр одоо МАН-ынхан та нар өрөө төлцгөө. Бид, бидний үр хүүхэд та нарын тавьсан их өр зээлийг төлнө гэж байх ч үгүй, битгий донгос. Сүүлийн хэд хоног даан ч ихээр "Дааж давшгүй их өрөнд орлоо” гэж орилолдож, бүр хүн нэг бүр 15 саяын өр төлнө шүү гэж шамдуулаад байсан юм. Тэгсэн бид нараараа л тавьсан "өр”-өө төлүүлэх гэж тэгж улайрч байсан юм байна л даа, ямар муухай хүмүүс вэ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1 сэтгэгдэл