О.Магнай: Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл "НИК"-тэй нэг түрийвчтэй

1

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нэг хэсэгтээ л хэвлэлийнхний онцлох хүн байв. Учир нь тэрбээр хяналт шалгалт болгоноо олон нийтэд ил тод мэдээллэж, торгуулийн арга хэмжээг ч чамлахааргүй тавьж байгаагаа хэлдэг байсан. Гэвч түүний дараа ажлыг нь авсан Т.Аюурсайхан О.Магнайг хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ зөрж, их хэмжээний мөнгө төгрөг завшиж байсан гэх асуудлыг олон нийтэд дэлгэж ярьсан юм. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр О.Магнай сэтгүүлчдэд хандлаа.

-Яагаад хэвлэлийнхэнд хандах болов?

-Т.Аюурсайхан гэгч нөхөр намайг элдвээр гүтгэж, миний нэр хүндэд халдлаа. Энэ асуудлыг тоохгүй байя гэж бодож байлаа. Намайг яаж ч гүтгэж болно. Хамгийн гол нь мөнгө төгрөгтэй холбоотой асуудал, идсэн уусан гэсэн асуудал бол миний хувийн зарчимтай яах аргагүй харшилсан учраас би энэ хэвлэлийн хурлыг хийж байна.

-Таныг "НИК” компанид тавьсан торгуулиа хүчингүй болгосон гэх асуудал ярьсан. Үүнд тайлбар хийхгүй юу?

-"НИК” компанийн торгуультай холбоотой асуудал байгаа. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 2012 оны аравдугаар сард тавьсан торгууль. Тухайн үед "НИК” компани бензин байсаар байтал дууссан гэж зохиомол хомсдол үүсгэж, иргэдийг бухимдуулсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Торгуультай холбоотой гурван шатны шүүх хурал болж, бид ялалт байгуулсан. Гэхдээ шүүхийн хамгийн эцсийн шийдвэр торгуулиа дахиж тооц, дахиж тооцохдоо зөвхөн А92 бензин түлшинд тооцоод, торгуулиа шинээр тавь гэдэг шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед "НИК” компанийн удирдлага н.Халиунбат гэж хүн байсан шиг санаж байна. Халиунбатад "Надад тоогоо өг. Дахиж торгуулиа тооцмоор байна” гэдэг саналыг удаа дараа тавьсан ч тус компанийн зүгээс нэлээд хойрго хандсан. Би маш сайн санаж байна. Үүний дараа энэ их өндөр хэмжээний торгуультай асуудлыг нэг хүн дангаараа шийдэх юм бол янз бүрийн хэл ам гарч болно гэдэг үүднээс би ажлын хэсэг гаргасан. Тухайн үед Улсын байцаагчаар ажиллаж байсан хуульч, улсын байцаагч нарын таван залуутай хамт. Ингээд би энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж чадалгүй ажлаа өгсөн. Тодруулбал 2014 оны 12-р сард ажлаа өгсөн байдаг.

-Тэгээд юу болсон юм бэ?

-"НИК” компани бол монополь компани. Гэтэл Т.Аюурсайхан ажлаа аваад уг компанийг монополь гэсэн ангиллаас гаргасан байсан. Ингээд тавьсан торгуулийг нь хүчингүй болгоод, тухайн ажлын хэсэгт байсан бүх хүнийг ажлаас нь халах маягаар асуудлыг шийдсэн байсан. Ер нь та бүгд "НИК” компанийг ямар эзэдтэй вэ гэдгийг мэднэ. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Отгонбилэг гэж хүний хүүхдүүд болох О.Содбилэг нарын эзэмшдэг компани. Г.Аюурсайхан гэж нөхөр бол өмнө нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Эд нар бүгд нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигархи бүлэглэл.

-Сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулийг ч хүчингүй болгосон гэсэн байсан шүү дээ?

-Т.Аюурсайхан ярихдаа намайг сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчихаад хүчингүй болгосон гэж ярьсан байсан. "Миний дэлгүүр”, "Номин”, "Макс” дэлгүүрүүдэд нэг асуудлаар торгууль тавьсан. Гэтэл тавьсан торгуулиудаа намайг хүчингүй болгосон гэж ярьсан байна лээ. Энэ асуудал шүүх дээр очоод тухайн үед илэрсэн зөрчлүүдээ сүлжээ дэлгүүрүүд бүрэн арилгана. Гэхдээ дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг ямар нэгэн үл маргалдах зарчимаар шууд төлнө гэсэн гэрээг шүүх дээр байгуулсан. Гэтэл үүнийг тавьсан торгуулиа бүр хүчингүй болгосон юм шигээр ярьсан байсан. Тийм зүйл ерөөсөө байхгүй.

Дараа энь үнэ тогтворжуулах хөтөлбөр дээр 40 тэрбум төгрөг завшсан гэсэн асуудал ярьсан байна. 40 тэрбум гэдэг бол маш их тоо. Энэ их тоог хаанаас гаргасаныг би мэдэхгүй байгаа. Өчигдөр үүнтэй холбогдуулаад тухайн үед энэ асуудал дээр ажиллаж байсан хүмүүстэй уулзсан. Тэд ч гэсэн энэ тоог мэдэхгүй байна. Бид цемент, гурил, арматур гурав дээр үнэ гэрээнд байсан нөхцөлийн дагуу байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьж ажиллаж байсан. ШӨХТГ гэдэг бол хүн амьтан мөнгө төгрөг идсэн уусан асуудлын араас хөөцөлдөөд, шоронд хийдэг газар ерөөсөө биш.

-Та тэгээд хуулийн байгуулагад хандсан уу?

-Т.Аюурсайхан өөрөө торгуулийн асуудлыг бүгдийг хүчингүй болгочихоод О.Магнай энэ асуудалд оролцсон гэх маягаар хандаж байгаа нь туйлын хариуцлагагүй зүйл. Би энэ асуудлаар Т.Аюурсайхан гэж нөхрийг холбогдох хуулийн байгууллагад өгнө. Ер нь намайг яаж ажилласаныг Т.Аюурсайхан гэж нэг намын нөхөр дүгнэхгүй. Ард түмэн дүгнэх ёстой. Өнөөдөр би УИХ-ын гишүүн биш. Намайг шалгахад ямар ч хаалт хамгаалалт байхгүй. Шалгаж болно. Улайм цайм ийм гүтгэлэг тарааж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.

Б.ЦЭЛМЭГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл