Өдөр тутмын сонины хоёр бүтэн нүүрээр өөрийгөө магтуулагчийн үнэн төрх
МАГТУУНД /магтаалд/ УМБАСАН НИЙТЛЭЛИЙН "ЭЗЭН”
Сонгууль дөхөөд сонирхолтой үйл явдлууд ар араасаа хөврөх бололтой. Саяхан өдөр тутмын "Өдрийн сонин”-ны нэгэн дугаарт "Баруун алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн Отгоогийн Батнасан” гэсэн гарчигтай тус сонины 2 бүтэн, 1 тал нүүрийг эзлэсэн хөрөг нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэл нь тус сонины "Танайд өнжье” булангийн хөрөг нийтлэл юм билээ.
О.Батнасангийн хувьд нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр МАН-аас нэр Ховд аймагт дэвшихээр зэхэж байгаа "кандитат”. Юуны өмнө сонгуульд нэр дэвших хүн ингэж сонины 2-3 нүүрийг эзлэн өөрийгөө магтуулж бичүүлэх нь Сонгуулийн хууль зөрчсөн хэрэг гэж хэлж болмоор.
Өдрийн сонины сэтгүүлч Н.Гантулгын бичсэн эл хөрөг нийтлэлийн агуулгыг харвал хэтэрхий нялуун, бялдууч, дээр нь О.Батнасанг бусдаас илүү "шилдэг” гэж "нотлохыг” оролдсон шинжтэй. Тухайлбал: "…"Сэтгэн бодох чадвар сайтай байсан нь сургалтын үр дүнд нөлөөлсөн байх. Би чинь аливааг цээжилж тогтоохдоо гаргууд байлаа. Хоолны гурилаа элдэж байхдаа физик, математикийн томьёогоо цээжилчихнэ. Геометр, физик зэрэг хичээлд гоц байсан даа” гэж О.Батнасан хэлсэн гэжээ. Үнэндээ социализмын цаг үед хөдөө хот гэлтгүй хүүхэд багачууд ажил хийх, малд явахдаа л хичээлээ давтаж, эрдэм номд шамддаг байсан.
Мөн "Отгоогийн Батнасан захирлын баруун Алтай Ховд нутгийнхаа зон олны төлөө хэзээд ч элбэг дүүрэн сэтгэлээр энэрэн хандаж явдгийнх нь илрэл "Торгон нутаг”-аар хэмжээлэгднэм. Тэрээр анд нөхдөө уриалан дуудаж, халуун эх оронч өвөг дээдсийнхээ гал голомтод Монголын түүхэнд домог болж мөнхөрсөн Сорхогтани хатныхаа цэцэрлэгт хүрээлэнг бий болгож, Монголын сүүлчийн хан Ойрадын зоригт Увш ханы хөшөөт цогцолборыг цогцлоон мандааж, олон ястны "Жангар” наадмыг санаачлан зохион байгуулж үндэснийхээ өв соёлын дархлааг хадгалж яваа гавьяатан” хэмээн түүний алдарыг ихэд өргөн магтжээ.
О.Батнасан гэдэг хүн ганцаар биш Торгон нутаг клубын хамт олны дэм, нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн оролцоотойгоор байгуулсан Ховд аймгийн Булган сумын төвд цэцэрлэгт хүрээлэн, Увш хааны гэрэлт хөшөөг түүнийг ганцаар барьж байгуулсан мэтээр өгүүлэх нь хэр зохиомжтой вэ. Торгууд түмний итгэл сэтгэл шингэсэн үйл хэргийг О.Батнасан ганцаар өмчлөх эрхтэй юу? гэдэг асуудал сөхөгдөн гарч байна.
Хөрөг нийтлэлийн дараагийн хэсэгт "…Отгоогийн Батнасан гэдэг хүн яалт ч үгүй баруун Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг юм даа гэх бодол баттай төрж байна” хэмээн аанай л хэтэрхий магтжээ. О.Батнасанг Булган сумын торгуудууд л таниж мэдэхээс Ховд аймгийн бусад сумдын тухайд тэр "шинэ хүн”.
Дээр нь Ховд аймгийн хэмжээнд түүний хийж хэрэгжүүлсэн ажил гэх зүйл бараг үгүй. Бодит байдал ийм атал түүнийг "Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг”энэ тэр гэж хэлэх хэрэг байгаа ч юмуу, үгүй ч юм уу бүү мэд. Манай сэтгүүлчид бусдыг магтаж, сайшааж бичиж болно, гэхдээ тухайн хүнээ жаахан судлаж байж бичих хэрэгтэй гэдгийг энд анхаармаар юм.
О.Батнасангийн эцэг эрдэмтэн Отгоо гуай хүүгийнхээ тухай "…"Миний хүү Батнасан ямар ч ажлыг хийсэн үр дүнг нь үзэж байж санаа нь амардаг. Өрөвч зөөлөн чанартай, дандаа бусдын төлөө явж ирсэн. Өсч төрсөн унаган нутаг Ховдын зон олон болоод дэлхийн торгууд монголчуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Хүний ажлыг бүтээхийн төлөө явж, олны хайр талархлыг хүлээж буйд нь эцэг хүний хувьд баярлаж л байдаг юм” хэмээн ихэд сэтгэл хангалуун хэлж байлаа” хэмээн нийтлэл бичигч өгүүлжээ. Эцэг хүн хүүгээ магтан сайшаах нь зүйн хэрэг ч Сонгууль дөхөж байгаа ийм цаг үед "О.Батнасанг л сонго, энэ хүн Ховдчуудын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадна” гэсэн агуулгатай утга нэг дээрх үгийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа нь Сонгуулийн хууль зөрчөөгүй хэрэг болох уу.
"Баруун алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэгэн Отгоогийн Батнасан” гэсэн гарчигтай нийтлэлийн тухайд ийм зүйлийг хэлж болох бол нийтлэлийн гол эзэн О.Батнасангийн тухайд баримт түшин хэдэн зүйлийг хэлэх байна.
О.БАТНАСАН ГЭЖ ХЭН ВЭ?
Ховд аймгийн Булган сумын уугуул, эрдэмтэн Отгоогийн хүү болон Булган суманд мэндэлсэн. Торгууд ястан. Тэрбээр багш, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөс гадна МАН-ын бага хурлын гишүүн, "Торгон нутаг” сангийн тэргүүн, "Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, "Кондитер Улаанбаатар ” ХХК-ийн Ерөнхий захирал гэсэн албан тушаалуудтай. Түүний эзэмшлийн "Кондитер Улаанбаатар” ХХК нь ОХУ-аас чихэр экспортлох үйл ажиллагаа явуулдаг, 70 гаруй ажилтантай компанийн захирал нэгэн. Бизнесмэний хувьд иймэрхүү намтартай "сураггүй нэгэн”.
Түүний улс төрийн намтар богино боловч сонирхолтой.
2012 он хүртэл улс төрийн үйл хэрэгт төдийлөн сураг чимээгүй явсан О.Батнасан2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, АН-д элсэн орж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдөж байсан ажээ. Гэвч улс төрд шинэ хүн гэдгээ анзаарч, аймгийн АН-ын даргын сонгуульд "давахгүй” гэдгээ ухааран нэрээ татан байсан байна.
Гэтэл дараа жил нь буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин, түүний сонгуулиар Ховд аймгийн бизнесменүүдээс хандив босгох ажлыг хариуцан ажиллаж 270 гаруй сая төгрөгийн хандивыг Ц.Элбэгдоржид "босгож” өгч байсан сүйхээтэй эр ажээ.
Гэтэл дараа жил нь буюу 2014 оны 9 сард МАН-д элссэн бөгөөд хоёрхон жилийн дараа өдгөө 2016 оны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс УИХ-ын гишүүнд Ховд аймагт нэр дэвшихээр зэхэж байгаа ажээ. Ховд аймгийн МАН-ын хорооны гишүүдийг "алгасан” УИХ-д нэр дэвших эрхээ авсан, "том татаастай” О.Батнасанд тийм ч таатай ханддаггүй гэнэ билээ.
Ийнхүү улс төрийн үзэл баримтлалын хувьд баримжаагүй, тогтсон итгэл үнэмшил, үнэт зүйл үгүй, зөвхөн хувийн эрх ашгийн төлөө нам дагаж "явдаг” О.Батнасан мэтийн хүмүүс УИХ-ын гишүүн болчихвол намынхаа жирийн гишүүдийн дуу хоолойг сонсож ажиллана чадна гэдэгт итгэхэд бэрхтэй ажээ.
ДАВХИЖ БУЙ МОРЬДЫН ДҮРСТЭЙ БИДОН ТАРААСАН О.БАТНАСАН
Өнгөрсөн өвөл буюу 2016 оны 1-сарын 1-ний Сонгуулийн жил эхлэхээс өмнө О.Батнасан Ховд аймгийн сумдаар тойрч, иргэд сонгогчидтой уулзан нүүрс, орос бидон, орос чихэр тараасан байдаг. Түүний тараасан бидон Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн "бидон” Д.Ганбатынхаас чамин ганган.
Ингэж хэлэхийн учир нь Д.Ганбат гишүүний тараасан бидон дээрх түүний цээж зураг хэвлэлийнхэн эвлүүлсэн фотошоп байсан бол Ховд аймагт нэр дэвшихээ зарлан, өнгөрсөн 2015 оны 12 сард тараасан О.Батнасангийн бидоны бөөрөн дээр "Сааль шүү арвин байг. О.Батнасан” гэсэн бичиг, мөн давхиж яваа 3 морины дүрс "сийлбэртэй”. Бас зүгээр ч үгүй орос бидон дотор орос чихэр зэрэг бэлэг байсан гэдэг.
Үүгээр зогсохгүй О.Батнасан өнгөрсөн өвөл "Дулаан гэр-Халуун сэтгэл” аян хэмээн нэрийдээд Ховд аймгийн төвийн Жаргалант сумын 4000 гаруй өрхөд нүүрс тараасан байдаг.
Хэдийгээр УИХ-д нэр дэвшихийг зорьж байгаа О.Батнасангийн хувьд өдөр тутмын сонины бүтэн хоёр нүүрээр өөрийгөө магтуулан гаргуулсан нийтлэл нь Сонгуулийн хууль зөрчөөгүй үйлдэл мэт харагдавч тус нийтлэл дэх мэдээлэл нь хэтэрхий өөрийгөө "дөвийлгөсөн”, сонгогчдыг өөртөө санал өгөхийг "уриалсан”, бусад нэр дэвшигчдийг "доош нь хийсэн” шинжтэй байгааг ажиглагчид хэлж байна билээ.
Ямартай ч Орос чихрийн худалдаачин эр О.Батнасан УИХ-ын өндөр сэнтийд суухаар улайран зүтгэж байгаа үйлдлийн талаарх товч мэдээллийг хүргэхэд ийм байна. Ховдчууд та бүхэн мэргэн оюундаа хэнийг сонгох, хэнийг эс сонгохоо хэдийнэ төсөөлөн бодож суугаа гэдэгт итгэж байна.
Ц.Мөнх