Бидний хамтрах боломж-2

1

 

 Түмэн түчигнэж, буман бужигнаж баймаар бүтээн байгуулалт нүднээ үзэгдэх ч нам гүм. Хотыг нэг тийм амарлингуй ноёлно. Талын баатруудын дэлхийг доргиосон байлдан дагууллыг илтгэх хөшөө шөнийн харанхуйд дүнсийн харагдах нь сүртэй атлаа, зовнингуй. Хаврын шөнийн салхи хүртэл нуруугаар хүйт дааж, цаанаа л нэг ёозгүй. Шөнийн Ордосыг ажиглан ахлах хүсэл төрөвч хотын гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг ганц нэгээрээ "аниж”, чимээгүйхэн "боль оо” гээд байх шиг.

Тамхи, ундаахан авахаар дэлгүүр рүү орвол хүн ховор орж ирдэггүй бололтой. Уйдсан байрын залуу өөрийн тамхиараа дайлж, үг өдөн, хол ойрын сонин сонсох гэсэн шиг нухацтай ажиглах ажээ. Тавьсан үнэтэй нь харьцуулбал үнэгүй шахуу өгсөн ундаа, тамхийг нь аваад үүд рүү эргэвэл хойноос дуудаж, тамхилж, түр саатахыг хүснэ. Хам хум ойлголцож байгаа болохоор бидний яриа элдвийг ярилцан урт үргэлжлэхгүй, хэн хэн нь хэлсэн үгээ эргэж тайлбарлахаас цаашгүй. Бушуухан буудалдаа очихыг хичээнэ. Зочид буудал ч нам гүм. Хүн байхгүйг илтгэх онгорхой орхисон эл хул өрөөнүүдийн хаалга, сүүмгэр гэрэлтэй хонгил жихүүцмээр, толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд авмаар санагдуулах.

Гэвч. Нойр манийг мартжээ. Дэлгүүрийн залуу эрхгүй нүдэнд үзэгдэнэ. Төвөгшөөлгүй хэдэн үг сольдог байж. Харамсах шиг. "Ар монгол уу?” гэж аминчирхан хандсан түүний инээд сэтгэлд дурайна. Тэр бидэнд ахиухан бараа худалдахыг хүссэндээ дотно хандсан гэвэл, биш ээ. Харин Монголд хэрхэн амьдарч, юу хийж, хаагуур явж, ямар байгааг биднээс сонирхсон нь там тум ойлгосон хэдэн үгнээс тодорхой. Харин бид... Түүнтэй ярилцахаас амрахыг чухалчилсан.

Ер нь Өвөрмонголд явахад биднийг гэсэн, Монголдоо очиж амьдрахсан гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөн, өөрсдийн сэтгэл зүрхэнд бий болгосон үлгэрийн орноор ирээдүйд тэмүүлдэг нь олон байх шиг санагдана.    

Өдрийн хот бол өөр шүү. Шөнө ер бусын далдын хүчин юу юугүй нөмрөх мэт санагдуулж байсан Ордосын өдрийг ганц үгээр тодорхойлбол "янзтай”.

"Сүрдмээр сайхан хөшөө юм” гэх үгийн хариуд "Хөшөө яах вэ, нутаг сайхаан” гэж санаа алдах хижээл насны эр цаанаа бас гунигтай. Тэгсэн хэр нь хормын дотор онигор нүдээ чадлаараа тэнийлгэн "Юу хэрэгтэй вэ, найз аа. Зоос хэрэггүй ээ” гэх нь удаан уулзаагүй багын нөхөртэйгөө олны хөлийн газар учирсан мэт. Өвөрмонголчуудыг харахаар сэтгэлд нэг л ойрхон.

Тэд биднийг хоорондоо ярилцахыг сонсоод холоос гүйж ирээд юу ч хамаагүй хөөрөх нь хүүхэд шиг. Их эзэн Чингис хааны хаврын улирлын цагаан сүргийн тайлгын үеэр бол ийм дүр зураг бүр ч элбэг. Бүр байх ёстой зүйл шиг дасч, орхимооргүйг нь яана.

Бид монголоороо омогшин баясан цэнгэдэг шиг тэд ч бөхөө барилдуулан, захыг нь мушгиж, хөл алдахад дуу алдаж, бяр хүчээр илүүрхэхэд нь бахдан гуяа алгадаж саймшрах нь Төв цэнгэлдэхэд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.  

Тэнд цугласан хүмүүстэй уулзаж явахад Монголд очвол яах бол, биднийг хүлээж авах болов уу. Хятад хүн шиг угтах уу... Элэг нэгтэй гэж ээнэгших болов уу... Ер нь Монголд юу хийвэл зүгээр байна. Биднээс авах туслалцаа байна уу, бид юугаар хамтарч ажиллаж болох вэ гэхчлэн яриа ноёлно.

Товчхондоо Монголоо гэсэн сэтгэл, үгс цухалзана. Түүнийгээ энгийн нэг нь гэм зэмгүй шуудхан хэлэх бол албаныхан нь цааш "залгина”.         

Өвөрмонголчууд өнөөдөр газар нутагтаа цөөнх. ӨМӨЗО-нд 24 сая хүн амьдарч байгаагийн 4,58 сая нь Монгол аж.

Дэлхий дээр 10 гаруй сая Монгол угсаатан байгаагийн тал хувийг тэд эзэлж байна. Бусад нь Хөх нуур, Дээд, Цастын, Цагаан, Халимаг, Тува, Дунсиань, Алтай, Дагуур, Буриад гэхчлэн амьдарч буй. 

Харин гал голомтоо сахиж үлдсэн бид гурван саяулаа. Он цагийн нугачаанд тасарч, хуваагдан бусдын мэдэлд очсон өвөрмонголчуудын бас нэг асууж байсан зүйл нь Монголд амьдрах хууль эрх зүйн боломж бий эсэх. Мэдээллийн хувьд хязгаарлагдмал, хаалттай тэдэнд энэ талаарх мэдээлэл туйлын ховор олдох нь гарцаагүй.

Тиймээс л сэтгүүлчдийн баг гэж сонссон даруйдаа элдвийг шалгаасан нь тэр биз ээ.

Энд ирээд бодож суухнээ "Хөх паспорт”-ын тухай шуугих болсныг тэд сураглаад байж. Энэ талаар Иргэний харъяаллын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийг УИХ-ын чуулганаар гаргажээ. Харин гишүүдийн зарим нь энэ асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж болгоомжлуулж байна. Мэдээж тийм. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү асуудлыг хэлэлцэхдээ хөнгөн хуумгай хандаж хэрхэвч болохгүй.

Тэгвэл бидний өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?!

Гишүүдийн болгоомжилж буй хамгийн том асуудал нь хятадууд ороод ирэх вий гэх болгоомжлол. Учир нь 2001 оноос хойш Монгол Улсын харъяат болсон иргэдийн тоог аваад үзэхэд БНХАУ-ын иргэн хамгийн олон байгаа аж. Энэ хугацаанд Монголын иргэн болсон Хятад- 111, Орос- 30, Ирак- 1, Коморос-1, Сири- 1, Харьяалалгүй хүн- 26  байна.

Харин энэ баримтыг жаахан дэлгэрүүлээд харвал арай өөр дүр зураг харагдана.

Монголын иргэн бологсдын олонх нь хятад гэвэл бас эндүүрэл. Яс үндсээр нь аваад үзвэл, америк-1, араб-1, барга- 2, буриад- 13, дархад-1, дөрвөд-1, дээд монгол- 1, захчин- 19, казах-1, ордос-1, орос-11, өвөрмонгол- 20,өөлд-7, сири- 1, торгууд-8, түвд- 10, түмэд- 1, урианхай- 6, үзэмчин- 5, халх- 6, хан- 37, хорчин-6, цахар-8, цорс-1, якут-2 болж байна. Улсаар нь ангилахаар хамгийн их болоод байгаагаас бус яс, үндэсээр нь ангилбал Монголын иргэн бологсдын дийлэнх нь Монгол угсаа гаралтай элэг нэгтнүүд маань гэсэн үг.

Тэгвэл Монголын харъяатаас татгалзсан хүмүүсийн тоог энд дурдах хэрэг гарна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас авсан мэдээллээр, Монгол Улсын харъяатаас гарсан иргэдийн тоо 40912. Тэдний 40285 БНКазУ-ын иргэн болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын өнгөрсөн зуунд орж ирэн нутагшсан казак үндэснүүд гэсэн үг. Харин харъяаллаа сэргээн тогтоолгогсдыг авч үзвэл 1747 хүн байгаагийн 1739 нь Казахстанаас, 5 нь Солонгосоос хандсан аж.

Тэгвэл гадаад оршин сууж байгаа иргэдийн тоо хэзээний 110 мянга давжээ. 

Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ-ын гаргасан судалгаагаар амьжиргаагаа дээшлүүлэх, сурч боловсрох боломжоос гадна гадаадын иргэнтэй гэр бүл болж, гадагш гардаг аж.

Энэхүү үнэмлэхийг олгож эхэлснээр угсаа, гарал нэгтнүүд маань эх нутагтаа ирж амьдрах, зорчих боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр гадаадын гэлтгүй гарал, угсаа нэгтэй 10 гаруй сая жуулчдаас олох аялал жуулчлалын орлого ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь дэлхийгээр тархан суурьшсан монголчууд Монгол орондоо ажиллаж, хөрөнгө оруулалт хийж, амьдрах таатай боломж бүрдэнэ гэсэн үг.

Эх нутагтаа үлдсэн монголчуудын хувьд гурван саяулаа.Монгол Улс төрийн бодлогын хувьд хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй улс орны ангилалд хамаардаг боловч тодорхой шалтгаанаар иргэд маань гадаад улсын харьяат болж, хоёрдмол харьяалал үүсгэж байна. Албаны хүмүүсийн тайлбарлаж буйгаар . Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заасан хэдий ч тус хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын харьяат байсан үед төрсөн хүүхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт буюу түүний гадна төрснөөс хамаарахгүй Монгол Улсын харьяат байна” гэж заасны дагуу хөрсний буюу тухайн улсын газар нутагт оршин сууж байгаад бүртгүүлсэн тохиолдолд хоёрдмол харьяалал үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. 1998 оноос хойш эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын харьяат ч гадаадад амьдарч байгаагаас тэдний дундаас төрсөн 4880 хүүхэд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн гэж Иргэний бүртгэлийнхэн хэллээ. Хөрсний зарчмаар иргэний харьяалал авдаг АНУ, БНСУ, Япон, ИБУИНВУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хоёрдмол харьяалал үүсгэсэн 2181 хүүхэд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас оршин суух зөвшөөрөл авчээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 1998 оноос хойш гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон нийт 5904 иргэн бүртгэгдснээс БНСУ-ын 3769, БНХАУ-ын 360, Япон Улсын 338, ОХУ-ын 214, АНУ-ын 200, ХБНГУ-ын 159, ИБУИНВУ-ын 150 иргэнтэй гэр бүл болсон байна. Олон улсад хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг 49 улс, хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрдөг 71 улс байгаа бөгөөд хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөг 27 орны, хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрдөг 30 орны, нийт 57 гадаад улсын иргэнтэй Монгол Улсын 2295 иргэн гэрлэсэн талаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас мэдээллээ. Тэгвэл гадаадын иргэнтэй гэр бүл бологсдын хүүхдийн талаарх тоон үзүүлэлтийг сонихвол,

  • Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд - 1889

  • Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бөгөөд гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд – 653

  • Гадаадын иргэнд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхэд 261

  • Гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн – 5904

  • Хоёрдмол харьяалал үүсгэсэн 16-гаас дээш насны 228

Тиймээс л хуулиар гадаадын иргэнтэй гэр бүл болсон, гадаад улсын харьяат болсон ч өргөдөл гаргаж Монгол Улсын иргэний харьяаллаа хадгалж болдог зохицуулалтыг хийх хэрэгтэй аж. Монгол Улсын иргэдийн олон улсын шилжилт хөдөлгөөнтэй холбогдон тулгамдаж буй гол асуудал нь нэг талаас бид мэдлэг чадвартай хүний нөөцөө гадаад улсад алдахгүй байх явдал. Нөгөө талаас янз бүрийн шалтгаанаар нэгэнт гадаад улсад байнга оршин сууж байгаа иргэддээ болон гадаад улсын харьяат болсон эх орон нэгтнүүддээ Монгол Улстайгаа холбоотой байх, эргэн ирэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хөнгөвчлөх явдал чухал байгааг хууль санаачлагчид хэлж байна.

Тийм болохоор л бид иргэнээ алдахгүй, үндэс нэгтнээ Монголын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийлгэх үүднээс АНУ-ын ногоон карт шиг "Хөх паспорт” гаргаад өгвөл манай зах зээлд эергээр нөлөөлөх нь гарцаагүй. Ингэхдээ хуулийн төсөлд тусгасан шиг хүссэн болгонд нь биш гарал, үндэс нэгтэй, тодорхой хөрөнгө оруулалт хийсэн, соёлын томоохон төлөөллөөс гадна Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон, тэднээс гарсан хүүхдэд олгох нь чухал.

Ингэж чадвал бид гадаад улсуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад тухайн улсдаа байр сууриа олох, эрх зүй, эдийн засаг, нийгмийн баталгаагаар хангагдах, эргэх шилжилт хөдөлгөөн явагдах боломж нэмэгдэж, тэдний гадаад улсад эзэмшсэн мэдлэг, чадвар, нөөц боломжийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр болгон ашиглах боломжтой. Нөгөөтэйгүүр эх орон, нийгэм, соёлтойгоо байнгын холбоотой байхад нь тулгардаг хүндрэл, бэрхшээлүүдийг хөнгөвчлөх, гадаадад байнга оршин сууж буй монголчууд хүүхдүүддээ чанартай, өндөр боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэх, аж ахуй эрхлэх, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх боломжтой гэдгийг би биш судлаачид хэлж байна.

Ер нь Өвөрмонголд явахад биднийг гэсэн, Монголдоо очиж амьдрахсан гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөн, өөрсдийн сэтгэл зүрхэнд бий болгосон үлгэрийн орноор ирээдүйд тэмүүлдэг нь олон байх шиг санагдана. Хэдэн зууны тэртээд их байлдан дагууллаар үлдсэн, харийн газарт хүний эрхээр зүдэрч буй монголчуудаа бид л гэхгүй бол өөр хэн гэх билээ. Бидний болгоомжлох ёстой зүйл гэвэл гадаадад иргэдээ алдахгүй байх нь юу юунаас чухал билээ.

Л.НАРАНТӨГС

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл