Ноён урваач, нохой шарваач
Хаяа болж буй үйл явдал яг өмнө нь болж байсан юм санагдах нь бий. Одоо энэ ингэж хэлнэ гэж таамаглаж байхад яг бодсоноор болдог биз. Үүнийг зарим өмнөх насанд болсон зүйл гэх нь ч бий.
Харин сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлын дэс дарааллыг ажин суухад их танил дүр зураг харагдаад байна. Оймсны дуулианаар өрөвч сэтгэлт монголчуудыг гэнэхэн сэтгэлзүйгээр тоглож УИХ-д орж ирсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт парламентад дахин орох гишгүүр нь Н.Энхбаярт бус МАН байгаа болохоор түүнээс нүүр бууруулав.
Урваачаараа улиг болсон Л.Цог ч өнгөрсөн лхагва гаригт "Шударга ёс эвсэл"-ийн бүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Хугацаа нь тодорхой бус болохоос хэзээ нэгэн цагт болох ёстой зүйл болдгоороо л боллоо. Улмаар Л.Цог Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн. Үүний дараагаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нар АН-д элсэхээр өргөдлөө өгсөн талаар УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд албан ёсоор зарлалаа. Тэрбээр өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудаснаа тэдний өргөдлийг байршуулав.
Энэ их урвалт, өөрчлөлт Засгийн газрыг цаашид хэрхэх вэ гэсэн асуултыг зүй ёсоор тавихад хүргэж байна. АН нэгэнтэй 37 гишүүнтэй болж, "Шударга ёс” эвслийн 11-ээс Г.Уянга, Л.Цог, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг нар гарсан болохоор ИЗНН-ын хоёрыг шингээгээд Засгийн газар цааш алхах боломжтой болно. Энэ талаар ирэх өдрүүдэд илүү тодорхой болох болохоор ингээд орхиё.
Ер нь ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ удаагийн сонгуульд нэгдэх нь тэмээнээс том тэмдэгтэй болчихлоо. Энэ талаар М.Энхсайхан, С.Оюун нар ч байр сууриа илэрхийлсэн.
Урьдын адил энэ нэгдэл үзэл санаа, үнэт зүйлс нэгтэйдээ бус өөр өөрсдийн өчүүхэн эрх ашгийн огтолцол болж байна. Ердөө гурван сонгуулийн өмнө ийм явдал болж л байсан. 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиар "Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН тэнцүү суудал авсан. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт ажилласан МАХН-ын сайдуудын огцрох өргөдлийг УИХ-аар авч хэлэлцэхэд АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг болон АТН-ын дарга Л.Гүндалай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар огцруулахыг дэмжин санал өгснөөр МАХН /өнөөгийн МАН/ "Эх орон-Ардчилал” эвслийн хамтарсан Их эвслийн Засгийн газар огцруулж дөнгөсөн. Ингэж АН-ын гишүүн М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар сайдын суудлын төлөө эсрэг кноп дарсан нь Засгийг огцруулахад хүргэсэн юм. Харин хөөгөөд явуулсан нөхдөө хашрахгүй одоо эргүүлэн элсүүлж байна. Тухайн үед Ардчилсан нам илүү тодорхой байр суурьтай, өөрсдийн тогтсон дүрэм, журамтай байж намынх нь лидерүүд ч гэлээ намынхаас хувийн эрх ашгаа дээгүүрт тавьсан М.Энхсайхан, Ж.Наранцацралт тэргүүтнийг хөөж чадсан юм. Хөөгдөгсөд гараад МҮАН-ыг байгуулсан, одоо эргээд ирж байна.
Яасан ч ичих нүүрээ элгэндээ, элгээ нүүрэндээ наачихсан хүмүүс байдаг юм.
Дээрх шиг түүх одоогоос жил гаруйгийн өмнө бас л давтагдаж байсан. "Давхар дээл”-ийг хэрэгжүүлэх МАН-ын бүлгийн санал дэмжигдэж, АН-ын бүлгийн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт гэсэн дөрвөн гишүүн намынхаа бодлогын эсрэг санал өгч түүх давтагдсан.
Ж.Батзандан, О.Магнай долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа баларч, амиа хоохойлохын тулд АН-д элссэн. Л.Гүндалай ч баригдахын даваан дээр АН-д орж "амь” гарсан.
Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Г.Уянгын байгуулсан гээд буй намыг "жинхэнэ” эзэн гэгчийн захиа сошиал ертөнцөөр ил болов. Хаанаас хэний шидсэн чулуу нь мэдэгдэхгүй ч уг захианд Х.Баттулга, Г.Уянга нар тус намыг 500 саяар худалдаж авна гэж тохиролцсоноосоо буцаж, луу унжсан тухай бичсэн байх юм. Шоронд хоригдож буй "намын эзэн” гэх нөхөр өөртэй нь ирж уулзахгүй бол өшөө ихийг дэлгэнэ гэжээ.
Ийм хачирхалтай танил зохиомж өнгөрсөн өдрүүдэд өрнөлөө.
Түүхийн хүрд эргэж төөргөөрөө урвасан, шарвасан хүмүүс ч тодорхой болж байна.
АН-ыг муухай харагдуулдаг үйл явдлуудыг ажаад байхад дандаа ч урваж, толгой хорогдохоор ирсэн нөхөд балладаг. Гэтэл тэдэндээ илүү эрх мэдэл өгч, жирийн гишүүдээ тоолгүй орхиж, эцэст нь түүнийхээ үйл лайг эдэлдэг, одоо ч эдэлж л яваа улс.
Ганц үнэн гэвэл тэдэнд улс орноо гэсэн сэтгэл алга. Сонгууль жижиг можаритариар явна. МАН-ыг сонгуульд С.Баяр чиглүүлэх эх сурвалжуудын мэдээллээс тодорхой боллоо.Эрх мэдлийн төлөөх зодоон эцэстээ иргэдийг буруу зүйл рүү турхирч мэднэ. Тэдэнд ямар ч хариуцлага алга. АН-ыг засгийн эрхийг хамтран барьсан хугацаанд хамгийн их "гай” авчирсан нөхөд нь мөнөөх л "татар”-ууд байсан. Хэзээний дуусчихсан байх ёстой төмөр замын асуудал, Тавантолгой гээд өөрсдийг нь муухай харагдуулах ажил намаас бус нам доторх ашиг хэдэн хүнээс л болсон. Тэр болгонтой хариуцлага тооцох систем өнөөдөр алга. Ноён урваач, нохой шарваач л гэгч болж байна. Тиймээс юу дутсан гэж урвагчдыг, увайгүй этгээдүүдийн "тавьсан жүжиг”-ийг ирэх дөрвөн жилд харах захиалга өгөх билээ.
Аль ч үед монголчуудыг хамгийн их доройтуулсан нь өст дайснууд бус урвагчид байсаар ирсэн. Тиймээс өөрт оногдсон эрхээрээ хариуцлага тооцоод, цаашаа арай өөр сэтгэл ханамжийг эдлэхийн тулд мэргэн сонголтоо хийх биз ээ. С.Зоригийн нэгэн адил Монгол хүний саруул ухаанд Л.Нарантөгс ч итгэнэм.
Сэтгэгдэл байхгүй байна.