Намаасаа нүүр буруулсан дарга нараа огцрохыг шаардав
МАХН-ыг байгуулсан гишүүд мэдэгдэл гаргасан байна.
Гэтэл 2016 оны сонгууль улам ойртож, улс орны эдийн засгийн өсөлт буурч, байгаа өнөө үед шударга ёсны зарчим алдагдаж, шударга ёс тогтоохоор МАХН-ын нэрээр гарч ирсэн та нарын хуурамч төрхийг хараад сууж тэвчихгүй боллоо.
Шударга дүр эсгэн, үргэлж жүжиг тавьж явдаг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар, намын гүйцэтгэх товчоог хуралдуулахгүй, үйл ажиллагааг нь тасалдуулж байна. Д.Тэрбишдагва манай намыг хов залгуулагчид, албан тушаал горилогчид, ашиг хонжоо хайгчдын үүр, уурхай болгож, МАХН-ын дарга Н.Энхбаярын итгэл найдварыг хөсөрдүүлж, намын гишүүд, дэмжигчдийг худал мэдээллээр үймүүлж, намын эв нэгдлийг бусниулж байна.
Д.Тэрбишдагва МАХН-ын нэрийг сэргээн авахад анхнаас нь тэмцэж явсан журмын үнэнч нөхдийн урмыг хугалж, намын гишүүд, дэмжигчид, намаасаа нүүр буруулж, дайжиж байгаад дүгнэлт хийх цаг болжээ.
Манай нам 2012 оны УИХ-ын сонгуульд 23.5 хувийн санал авч байсан бол Н.Энхбаяр даргын эзгүйд Орон нутгийн сонгуульд 16.2 хувь, Еренхийлөгчийн сонгуульд 6.5 хувь болтлоо буурлаа.
Д.Тэрбишдагва нь өөрийн намын сурталчилгааны цагт МАН-аас нэр дэвшигч Б.Бат- Эрдэнийн тухай хар пиарыг явуулахыг зөвшөөрсөндөө бантахдаа Б.Бат-Эрдэнэд тал засч, түүнд үнэнч гэдгээ батлахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа дуусахаас хоёрхон хоногийн өмнө намын сонгуулийн штабаа татан буулгасан нь зөвхөн намдаа хариуцлага тооцсон рейтингийг нь бууруулсан үйлдэл болж, шударга дүр эсгэсэн Д.Тэрбишдагва өөрөө ямарч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.
Мөн МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Оюу-Толгой” ХХК-ийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд авахуулна, "Эрдэнэс-Таван толгой" ХХК-ийг ард түмэнд авч өгнө, "Иргэний хяналт, шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ" гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх талаар тодорхой ажил хийхгүй хугацаа алдаж байна. "Хяналт шалгалтын тухай хууль”-ийг дутуу дулимаг боловсруулсанаас УИХ-аас хоёр удаа буцлаа.
МАН удаа дараагийн сонгуулийн үр дүндээ бодит дүгнэлт хийж, ач холбогдол өгч, удирдах зөвлөл нь улс төрийн хариуцлага хүлээж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
Иймд намын рейтингийг 17 хувиар бууруулсан, намын үнэнч гишүүд, дэмжигчдийг хутган үймүүлж, хагалан бутаргасан, хууль боловсруулах чадамжгүй, шударга ёсны баг өмсөж хоосон дүр эсгэдэг намын дэд дарга Д.Тэрбишдагва, намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах нь битгий хэл удаа дараагийн сонгуулийн компанит-хариуцлагатай ажиллагааны үед архи ууж, ажлаа хаяж явсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг улс төрийн хариуцлага хүлээж, өөрсдийн санаачлагаар сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг УРИАЛЖ байна" "ШУДАРГА ЁС-АНХДАГЧДЫН ХОЛБОО" гэжээ.