Колумб улсад авлигач цагдаа нарыг ажлаас нь халж байна
БОГОТА. /Reuters/. Колумбын Үндэсний цагдаагийн газрын удирдлага авлигатай тэмцэх зорилгоор өнгөрсөн 80 хоногийн хугацаанд цагдаагийн 1400 гаруй албан хаагчийг ажлаас нь халсан тухай тус улсын хууль сахиулах байгууллагын томоохон албан тушаалтан мэдэгдэв.
Генерал Хорхе Эрнандо Ньето хоёрдугаар сард 180 мянга орчим албан хаагчтай Колумбын Үндэсний цагдаагийн газрын дарга болсноосоо хойш өдөрт 18 орчим ажилтныг ажлаас нь халж байгаа аж.
Авлигатай тэмцэх зорилгоор тэднийг ажлаас нь халсан гэж генерал мэдэгдсэн байна. Үндэсний цагдаагийн хүчний томоохон албан тушаалтнууд биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбогдсон талаар шуугиан дэгдээд байгаа энэ үед тус байгууллага олон нийтийн дунд нэр хүндээ сэргээхийг оролдож байгаа юм.
Хар тамхи наймаалахад оролцсон зэргээс эхлээд авлига авсан гэх олон удаагийн гэмт хэрэгт холбогдсон 400 орчим албан хаагч ажлаасаа халагджээ. Зарим цагдаа нар сахилга бат алдсан, захиргааны зөрчил гаргасан гэх мэт асуудлаар шалгагдаж байгаа гэж Ньето ярьсан байна.