Тажикистаны Ерөнхийлөгч хугацаагүйгээр төрийн эрх барих уу
Тажикистанд өнөөгийн Ерөнхийлөгч Эмомали Рахмонд улс орноо хугацаагүйгээр удирдах эрх олгох асуудлаарх бүх нийтийн санал асуулга тун тайван явагдсан төдийгүй хачирхалтай үр дүн гарчээ. Албан ёсны дүн мэдээгээр тус улсын иргэдийн 94.5 хувь нь Эмомали Рахмоныг хугацаагүйгээр төрийн эрхэнд байхыг дэмжсэн байна.
Хоригийг цуцалсан нь
Үндсэн хуульд өөрчлөлт, нэмэлт оруулах асуудлаарх санал хураалт тавдугаар сарын 22-нд тайван болж өндөрлөлөө. Сонгуулийн төв хорооны дарга Бахтиер Худоерзод даваа гарагт мэдэгдэхдээ санал өгсөн иргэдийн 94.5 хувь нь өөрчлөлт оруулахыг дэмжсэн гэнэ. Үнэндээ Үндсэн хуульд олон зүйл заалтыг өөрчлөхөөр болсны ихэнх нь нэр томъёог тодотгох байсан ч тус улсын улстөрийн амьдралд ач холбогдолтой 65 дугаар зүйлийн хоёр заалтыг өөрчлөхөд голлон анхаарчээ. Эхнийх нь Ерөнхийлөгчид нэр дэвших хүний насыг 30 болгон бууруулж, дээд боловсролтой байх гэсэн шинэ шаардлага тогтоожээ.
Харин хоёр дахь заалтад төрийн тэргүүний хоёроос илүү удаа сонгогдох хязгаарлалтыг авч хаясан явдал байв. Хориг нь Энх тайван, үндэсний эв нэгдлийг үндэслэгч, Үндэсний удирдагч (Эмомали Рахмоны албан ёсны цол гуншин)-ид хамаарахгүй. Ингэхдээ 73 дугаар зүйлд доорх асуудлыг нэмж тусгажээ.
"Засгийн газрын гишүүд Бүгд Найрамдах Тажикистан улсын Ерөнхийлөгчид тангараг өргөнө” гэжээ. Тус улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд "Бүгд Найрамдах Тажикистан улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай” гэж заасан байдаг аж. Тэгэхээр шинэ өөрчлөлт хэний засаг захиргааг бэхжүүлээд байгааг ойлгоход улстөр судлаачид, бүс нутгийн мэргэжилтнүүд ч шаардлагагүй юм. Гэхдээ нэг л зүйлийг тодруулах нь зүйтэй.
Ерөнхийлөгчид нэр дэвших насыг бууруулснаар жишээлбэл Ерөнхийлөгчийн том хүү Рустам Эмомали 33 нас хүрмэгцээ 2020 оны сонгуульд нэр дэвших боломжтой болж байна гэсэн үг юм.
Баатруудын үхэл
Санал асуулга нь 1997 онд дуусгавар болсон иргэний дайны дараах үйл явцын төгсгөл гэж хэлж болно. 1997 онд талууд зөвшилцөлд хүрсэн мэт байлаа. Засгийн газар өчигдрийн эсэргүүцэгчдийг төр, хүчний бүрэлдэхүүндээ найр тавин оруулж, зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн ч төрийн хууль ёсоо дээдэлж байна гэцгээж байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Душанбед зэвсэгт тэмцэл нь улс төрийн тэмцэл болон хувирсныг харуулсан юм. Засгийн газар сөрөг хүчнийхнийг алхам алхмаар засгаас гаргаж байлаа. Сөрөг хүчний тэргүүн Саид Абдулло Нури үүнийг эсэргүүцдэг байсан ч улс орныхоо нөхцөл байдлыг ганхуулахгүйн тулд нэр хүндээ ашиглаагүй юм. Нуриг 2006 онд нас барсны дараа түүний талынхан нэрт улстөрчийг устгасан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байжээ.
2010 онд Тажикийн Нэгдсэн сөрөг хүчниий гишүүд хуулийн хүрээнд эрх ашгаа хамгаалж чадахгүй боллоо хэмээн сануулсан. Ингээд Раштскийн дүүрэгт дайчид эсэргүүцэл зарласан ч хүчнийхэн түүнийг дарсан аж. Үүнээс гадна хээрийн командлагчид хууль бусаар оруулж ирдэг тамхины зах зээлээ хуваахгүй гэж тэмцэн, 2012 онд Уулын Бадахшаны автономит дүүрэгт зэвсэгт бослого гарсан. Энэ үеэр Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны генерал Абдулло Назаров амиа алдсан юм. 2014 онд иргэний дайны бас нэг баатар, Засгийн газрын тусгай албаны домогт командлагч, Рахмоны хамтрагч 53 настай Сухроб Касымов нас баржээ. 2015 оны гуравдугаар сард Умарали Кувватыг Стамбулд буудаж хороосон. Нэрд гарсан бизнесмэн тэрээр Рахмоны хүргэн Шамсулло Сохибовтой хамтарч ажиллаж байсан юм. Гэтэл түншүүд хоорондоо зөрчилдөж, Кувватов эх орноосоо гарснаар сөрөг хүчний хүн болон хувирчээ.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард томоохон үйл явдал тохиосон. Өмнө нь Тажикийн Нэгдсэн сөрөг хүчний хээрийн командлагч байсан, Батлан хамгаалахын сайдын зэвсэглэлийн асуудал эрхэлсэн орлогч генерал Абдухалим Назаров бослого зарласан байна. Тажикийн Нэгдсэн сөрөг хүчний дайчдын эсрэг Засгийн газрын арми, Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг дэмжигч "Ардын фронт” боссон аж.
Энхийн үйл хэрэг
Иргэний дайны томоохон оролцогчид ийнхүү дарагдсаны дараа Рахмоны хувьд улс төрийн амжилтаа хууль ёсоор батлах хэрэгтэй болжээ. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сард тус Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч "Энх тайван зөвшилцлийг байгуулагч, Үндэсний удирдагч”-ийн тухай хуульд гарын үсэг зурсан байна. Мэдээж энэхүү энх тайвныг бий болгогчоор Рахмон өөрийгөө зарласан. Хуулиар Үндэсний удирдагчийг Ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа ч халдашгүй бүрэн эрхийг нь цуцлахгүй бөгөөд нийгмийн хангамж нь ч хэвээр байна гэж заажээ.
Тус улсын парламентын дээд танхимын гишүүн Мухаммадюсуф Имомзодын тайлбарласнаар төрийн тэргүүнд ийм цол гуншин хайрласан нь хэн нэгнийг тахин шүтсэн хэрэг биш, ард түмэн агуу хүүдээ хайртай байгаагийн илэрхийлэл гэнэ.
Үүнээс гадна хөгжингүй орнуудад ч ийм зүйл байдаг гэж ард түмэндээ тайлбарлажээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан 2010 онд хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн тэргүүн Нурсултан Назарбаевтаа "Елбас” цол (Үндэсний тэргүүн гэсэн утгатай) олгосон Казахстанаар жишээ татсан байна.
Төрийн эргэлт гарч болзошгүй
Бүх нийтийн санал асуулгатай холбогдуулан Оросын "Тажикийн хөдөлмөрийн цагаачид” олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Каромат Шарипов Тажикистанд төрийн эргэлт гарч, иргэний дайн болж болзошгүй гэж мэдэгджээ. Тэрбээр "Рахмон улс орныхоо бодит асуудлыг мэдэхгүй. Бидэнд олон хүн хандаж, тусламж хүсдэг. Дайн болоход ойрхон байна” гэжээ.
Санал асуулгаас өмнө БНХАУ тавдугаар сарын 6-нд тус улсын Уулын Бадахшаны автономит муж руу нууцаар цэргээ оруулсан нь ирээдүйд дайн дэгдээх бас нэг нөхцөлийг бүрдүүлжээ. БНХАУ өрөө тэглэхээр хөршийнхөө газар нутаг руу цэргээ оруулсан гэх. Үнэндээ Зөвлөлт засаг унаснаас хойш Душенбе 1.5 мянган км.кв газраа хятадуудад шилжүүлжээ.
Тажикууд ийнхүү газар нутгийнхаа зарим хэсгийг алдсандаа тун дургүй байна. Өдгөө Уулын Бадахшаны автономи мужийн иргэд хятад хэл сурахаас өөр аргагүй байдалд оржээ.
Хятадуудын хувьд уулын энэ дүүрэгт амьдрах, тариа ногоо тарьж, шинэ бүтээн байгуулалт хийх нь сонин биш. Харин эндхийн газар дор үнэт чулууны нөөц бий бөгөөд уран, бусад эрдэс бодисын ордууд бий аж. Чухам энэ л хөгжиж буй эдийн засагтай Хятадын улсын сонирхлыг татжээ. Хятадын мэргэжилтнүүд энд геологи, хайгуулын идэвхтэй үйл ажиллагаа явуулаад эхэлсэн гэнэ.
Үүнээс гадна Тажикистаны газар нутагт цэргийнхэн төдийгүй энгийн иргэд ч суурьшаад эхэлжээ. Үүний улмаас уугуул тажикууд болон шилжин ирэгсдийн хооронд газрын төлөөх чимээгүй тэмцэл өрнөж буй сурагтай. Гэвч цаасан дээр бичээстэй гэрээ байгаа учраас нутгийн иргэд газар нутгаа орхихоос өөр аргагүй болж байна.