"Хууль бусаар хувьцаа олгосон ЗГ-ыг өнөөдөр шүүхэд өгнө
Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг иргэдээс худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Хувьцааны урьдчилгаа болох 30 хувиа улсад зарж 300 мянган төгрөгтэй болох гэсэн иргэдийг Арилжааны банкууд энэ даваа гаригаас эхлэн бүртгэж эхэлсэн юм. Тэгвэл Засгийн газрын энэ шийдвэр тогтоолыг зарим нэгэн нэр дэвшигчид буруутгаж, Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргахаар болжээ.
Тодруулбал, ИЗНН-аас УИХ-ын 69 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа С.Батбаатар шүүхэд хандахад бэлэн болжээ. Ингээд түүнээс чухам яагаад АН-ыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа талаар нь тодруулахад "Өнөөдөр өмгөөлөгчтэйгээ хамт 11 цагаас энэ талаар сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл өгнө. АН-аас Сонгуулийн тухай хуулийн 70.1.8-ийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд "хишиг, хувь, хувьцаа, бэлэн мөнгө, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалтыг хориглоно” гэж заасан заалтыг АН-ынхан зөрчсөн. Сонгуулийн жил гарсаны дараа ийм зүйл амлаж хийхийг хатуу хориглодог хуулийн заалттай. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд ийм байдлаар иргэдийн тархийг угааж, ард түмнийг туйлдуулж байгаа нь хууль бус шийдвэр юмаа. Нэг хүнд 300 мянга гэхээр нийт 900 тэрбум төгрөгийг хаанаасаа яаж олох гээд байгаа юм бэ. Төсвийн алдагдал хэдэд хүрсэн байгаа билээ. Тиймээс манай төр ийм хэмжээний ачаалалыг даахгүй. Ард түмний итгэл сэтгэлзүйгээр тоглож байна. Энэ бол зүгээр сонгуулийн хоосон амлалт шоу юм. Цөөн хэдэн хүн хүртээд өнгөрнө. Тиймээс би АН-ыг шүүхэд өгч байгаа юм. Өнөөдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан нэхэмжлэлээ шүүхэд хүргүүлнэ. Шүүх Сонгуулийн тухай хууль болон бусад хууль дүрмийн дагуу ажиллаж зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Монгол Улс эдийн засгийн хямралд орж өрийн хэмжээ өмнөх онуудаас хэдэн хувиар илүү давчихаад байхад юун их мөнгө тараах, тэр 900 тэрбум төгрөг хаана байгаа юм бэ, мөнгө хэвлэх гээд байгаа юмуу. Энэ их өр зээл, төсвийн 663 тэрбум төгрөгийн алдагдал, элгээрээ мөлхсөн эдийн засгийг яах вэ яаж сэргээж хөл дээр нь босгох вэ. Монгол гэдэг айл ирэх онд ямар орлого зарлага олох вэ гэдэг 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийг батлахгүйгээр сонгуульдаа бэлтгээд тараад алга болсон. Валютын ханшийг хиймлээр буулгаж, сонгууль хүртэл амь аргацаах гэсэн ядмаг арга, ахархан бодол нь иргэдийн амьдралыг улам туйлдуулж, өөрийн мэдлийн эзэмшлийн 300 мянган төгрөгийг олж авахын тулд тэмцэлдэж бие биерүүгээ арсалдаж байна. Гэтэл ийм замаар иргэдийн сонголтыг авах гэсэн явуургүй арга хэлбэр юм шигээ. Хамгийн гол нь 18 нас хүрээгүй хүүхдийн хувьцааг худалдахгүй гэж мэдэгдсэн. Энэ яаж байгаа юм бэ, насанд хүрч сонгууль өгөхгүй гэдгээр нь ялгаварлаж байгаа хэрэг үү. Их хямралын жил айсуй.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.