Нийслэлийн Засаг дарга НЗДТГ-ын албан хаагчидтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчидтай уулзлаа.
Тэрбээр, "Би ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Төрийн захиргааны байгууллагаас ажлын гараагаа эхэлж байсан хүний хувьд төрийн албаны үйл ажиллагааг сайн мэднэ. Улс төрийн ямар ч хүчин төрийн эрх мэдлийг тайван замаар, иргэдийн сонголтын үр дүнгээр авдаг болсон нь ардчиллын хамгийн том амжилт. Цаашид төрийн албыг тогтвортой байлгаж, залгамж чанарыг нь алдагдуулахгүй байхад би онцгой анхаарч ажиллана. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг ажил үүргээ тасралтгүй үргэлжүүлэх боломжийг бүрдүүлнэ" гэсэн юм. Мөн НЗДТГ-ын нийт албан хаагчдыг нийслэлийн иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар шинэ санал санаачилга гаргаж бүтээлчээр хамтран ажиллахыг хүслээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.