Танилц: Засгийн газрын шинэ сайдуудын хэн нь хэн бэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийн хугацаандаа багтан, өнгөрсөн долоо хоногт танхимынхаа сайд нарыг бүрдүүлж батлууллаа. Ерөнхий сайд шинээр томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулав. Хуулийн хугацаа тулсан учир УИХ өнгөрсөн баасан гаригийн шөнө дөл болтол хуралдсанаар шинэ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг эцэслэсэн юм. Шинэ бүтцээр Засгийн газар 16 сайд, 13 яамтай ажиллахаар болсон. Харин Засгийн газрын тэргүүн 11 сайдын нэрийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, нэгдсэн чуулганаар ёсчилсон юм. Учир нь Ерөнхий сайд 16 сайдын нэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлсний дараа олон нийтийн дунд маш их шүүмжлэл өрнөж, хэл ам дагуулсан бөгөөд зарим сайдыг хүчтэй эсэргүүцэж байсан юм.
Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ шүүмжлэлийг хүлээн авч, шүүмжлэлд хүчтэй өрнөж байсан дөрвөн хүний нэрийг татаж, 11-ийг нь өргөн мэдүүлж батлууллаа. Ингэснээр Ерөнхий сайд ямар ч байсан олон нийтийн үгийг сонсдог, нийтийн хүсэл сонирхлыг харгалзан үздэг, чих зөөлөн сайд гэдгээ батлан харууллаа. Түүнчлэн ард түмний дийлэнх олонхийн санал авсан МАН ард түмний байр суурийг хүндэтгэсэн алхам хийж, Удирдах зөвлөлийн болон бүлгийн хуралдаанаараа дээрх дөрвөн хүний нэрийг татсан юм. Түүнчлэн АТГ-аас дээрх хүмүүсийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн бичиг ирүүлсэн талаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлсэн. Ийнхүү Засгийн газрын 11 сайдыг нийт гишүүдийн 83-100 хувийн саналаар баталсан юм. Ингэснээр энэ сарын 23 буюу бямба гаригт шинэ сайд нар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон байгаа. Ингээд шинэ Засгийн газрын сайд нарыг танилцуулъя.
Шадар сайд У.Хүрэлсүх
Түүний хувьд бараг гурав дахиа энэ суудалд очиж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өмнө нь Онцгой байдал болон Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Харин хамгийн сүүлд буюу 2014 онд АН-ын анхны /Н.Алтанхуягийн/ засаг унаж, Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар бүрдэхэд Шадар сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Түүнчлэн 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан удаатай. Энэ удаад тэрбээр туршлагатай улс төрч, салбараа мэддэг хүний хувиар Шадар сайдын суудалд зүй ёсоор очиж байна.
Түүний хувьд 1968 онд төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
1989-1990 онд Монголын ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч,
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх,
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд МАСЗХ-ны Ерөнхийлөгч 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд МАСЗХ-ны Ерөнхийлөгч, 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 2000-2004 онд УИХ-ын гишүүн
2004-2008 онд УИХ-ын гишүүн,
2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд,
2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд,
2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
Ж.Мөнхбатын хувьд МАН сөрөг хүчин байх дөрвөн жилийн хугацаанд намын "гал тогоо”-г сайн хариуцсан төдийгүй МАН үнэмлэхүй ялалт байгуулахад жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Дөрвөн жилийн өмнө МАН-ын хамгийн залуу генсекээр тодорч байсан түүнийг Засгийн газрын "гал тогоог” хариуцах хэмжээнд хангалттай бэлтгэгдсэн улс төрч гэж олон нийт дүгнэдэг. Түүний хувьд 1979 онд төрсөн. 1997 онд Архангай аймгийн 10 жилийн "Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан. 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны зургадугаар сараас МАН-ын төв хэвлэл "Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр, 2012 оны аравдугаар сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2013 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
"МАН сайн сөрөг хүчин байсан” гэх дүн авсан нь түүнтэй салшгүй холбоотой. Нам нь сөрөг хүчин байх амаргүй цаг хугацаанд тэрбээр УИХ дахь бүлгээ хангалттай сайн удирдан чиглүүлсэн гэх үнэлгээ аваад байгаа. Үүгээрээ тэрбээр ямар ч хамт олныг удирдан чиглүүлэх чадвартай гэдгээ бүрэн баталсан нэгэн. Тийм ч учраас тэрбээр Монгол Улсын үндсэн чиглэлийн яамдын нэгийг тэргүүлэхээр болж байна. Өмнө нь түүнийг Сангийн сайдад нэр дэвшинэ гэх яриа хэдэнтээ гарсан ч ийнхүү Хууль зүйн яамыг толгойлохоор боллоо. МАН-ын сайд нарын заримыг олон нийт шүүмжилж байгаа ч хамгийн боломжийн хувилбарт С.Бямбацогтыг зүй ёсоор багтааж байна. Тэрбээр эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон туршлагатай улс төрч юм.
Түүний хувьд 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр цолтой. 1998-2000 онд "Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогрес” ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2008-2016 онд буюу тасралтгүй гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн юм.
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-д гурав дахиа сонгогдож байгаа тэрбээр энэ удаад Гадаад хэргийн яамыг хариуцахаар болов. Түүний хуулийн салбарт ажилласан дадлага, туршлагыг энэ удаад гадаад харилцаанд ашиглах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, манай улсад томоохон асуудлуудаар арбитрын шүүхэд дуудагдах, тэр бүртээ унаж, их хэмжээний өрөнд унах тохиолдол гарах болсон. Харин энэ бүхэнд хуулийн өндөр мэдлэгтэй сайдтай байх нь улс эх оронд ашигтай гэж үзсэн байж болох. МАН-ын шинэ сайд нарыг зүй ёсоор өнгөлж байгаа хүн бол яах аргагүй Ц.Мөнх-Оргил. Харвардад боловсрол эзэмшсэн түүнийг Засгийн газарт багтаасан нь нүдээ олсон хэрэг боллоо гэж дүгнэх олон хүн бий.
Түүний хувьд 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.
Зам тээврийн сайд Д.Ганбат
"Монголын төмөр зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр шинэ Засгийн газарт Зам тээврийн яамыг толгойлно. Тээврийн эдийн засаг, зохион байгуулалтын мэргэжилтэй. Тээврийн яамны томилолтоор Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж байсан. Институтэд 10 гаруй жил ажиллаад Авто тээврийн газрын Ерөнхий менежер, Тяньжин дахь Монгол-Хятад-Хонконгийн хамтарсан "CMH Shipping” компанийн дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн тэнхимд тээвэр-ложистикийн ахлах багш, Зам, тээврийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад Монголын төмөр зам компанийн захирлаар томилогдсон. Тээврийнхээ салбарт туршлагатай, мэргэшсэн хүн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
УИХ дахь туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг, тасралтгүй дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн. Тэрбээр тус яаманд хоёр дахиа сайдаар очиж байна. Өөрөөр хэлбэл, туршлагатай улс төрч эмэгтэй Байгаль орчны яамыг удирдахаар ажилдаа орлоо. Тэрбээр энэ яамыг өмнө нь багахан хугацаанд удирдсан ч иргэдийн талархлыг хүлээсэн олон ажлыг хийсэн.
Түүний хувьд1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981
онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн дээд
сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд МУИС-ийг Эрх зүйч
мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.
1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд математикийн
багш, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа
эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга,
1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн
эрхлэгч, 1991-2000 онд "Отгонтэнгэр” дээд сургуулийн захирлаар ажиллаж
байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд "Отгонтэнгэр” их
сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008 оноос хойш УИХ-д
тасралтгүй сонгогдож байгаа юм. Орос, англи хэлтэй.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн
УИХ-д гурав дахиа сонгогдож буй Б.Чойжилсүрэн энэ удаад улсын сан хөмрөгийг санхүүтэй нь хамт базахаар болж байна. Угийн үг дуу цөөтэй ч гэлээ төсөв батлах үеэр хамгийн их үүрэг гүйцэтгэдэг гэж нэг ангийнхан нь түүнийг сайшаадаг юм билээ. Нийтэд ил гарч, элдвийг яриад байдаггүй ч оногдсон ажлаа сайн гүйцэтгэдэг түүнийг Сангийн яамыг авч явах бүрэн боломжтой гэж үзээд намынхан нь ийнхүү итгэл үзүүллээ. Түүний хувьд 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн. 1993 - 1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компанийн захирал, 1995 - 1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999 - 2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий, захирал, 2006 - 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008 оноос өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан дархан аварга гишүүн УИХ-д дөрвөнтөө сонгогдон ажиллаж байгаа. Монгол түмэн нэгэн цагт түүнийг даяар дурсагдах, далай, даян, дархан аварга гэдгээр анддаггүй байсан бол өдгөө туршлагатай улс төрч гэж хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Ж.Эрдэнэбат сайдын Засгийн газарт үндсэн чиг үүргийн яамны тоонд багтаад байгаа Батлан хамгаалахын яамыг энэ удаад Б.Бат-Эрдэнэ гишүүн олонхийн саналаар удирдахаар болоод байна.
Түүний хувьд 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд "Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь
2008 оноос хойш хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр ажилласан тэрбээр энэ удаагийн Засгийн газарт боловсролын салбарыг хариуцахаар болж байна. УИХ-ын гишүүнээр ажиллажх хугацаандаа Эдийн засгийн байнгын хороог даргалж байсан туршлагатай түүнийг МАН-ын удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжсэнээр ийнхүү шинэ Засгийн газарт багтлаа. Тэрбээр барилгын инженер, эдийн засагч мэргэжилтэй. Дорноговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр олон жил ажилласан түүнийг нутгийнхаа хөрсөн дээр, ардынхаа дунд, өөрийн биеэр амьдарч, ажиллаж, оюун ухаан төдийгүй хөлс хөдөлмөрөө Дорноговь нутгийг хөгжүүлэхэд зориулж байсан туршлагатай нэгэн хэмээдэг.
Түүний хувьд 1983-1987 онд Политехникийн дээд сургуульд инженер, эдийн засгийн тэнхимд багш, 1987-1990 онд Техникийн их сургуульд багш, ХЗЭ-ийн хорооны дарга, 1992-1994 онд Техникийн их сургуулийн Мэдээлэл, техникийн сургуульд дэд захирал, 1994-1998онд Чех улсын Прага хотын Техникийн их сургуульд докторант багш, 1998-2000 онд "Ус орчин” компанийн ерөнхий захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн МАХН-ын хорооны дарга, ИТХ-ын тэргүүлэгч, аймгийн Засаг дарга, 2008-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож ажилласан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр
УИХ-д хоёр дахиа сонгогдож буй тэрбээр энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг удирдахаар намаасаа томилолт авлаа. Энэ салбарт өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай учраас түүнд энэ салбарыг удирдах чадвар бий гэж МАН-ын удирдлагууд үзсэн бололтой. Түүний хувьд 1995 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр төгссөн. Инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр цолтой. 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд "Монголын Алт" /MAK/ ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан. 2012 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
Түүний хувьд 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй. 1990-1993 онд "Газрын тос” ХХК-д Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан. 2008-2012 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан туршлагатай нэгэн юм. Дундаа завсарласан хэдий ч өнгөрсөн удаагийн парламентад дахин сонгогдож байсан тэрбээр орос, англи хэлтэй. Хэд хэдэн яаман удирдах төвшний албан тушаал хашиж байсан түүнийг энэ удаагийн Засгийн газарт Аж үйлдвэрийг яамыг татан буулгаж, хүнд үйлдвэрийн салбарыг нь нэгтгэхээр болсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг хариуцах бүрэн чадвартай гэж МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлснээр ийнхүү сайд боллоо.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.