А.Мөнхбат: Залуус бид үнэний зам мөрийг хайж байна

0

А.Мөнхбат: Залуус бид үнэний зам мөрийг хайж байна

 

Монгол Улсын минь түүхийн нэгэн үеийг бүтээж, удирдан жолоодож байсан алтан үеийн төлөөлөл болсон эвлэлийн ахмадууд, өнөөдөр мөр зэрэгцэн жаргал зовлонгоо хувуулцан буй үеийн залуус, ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн итгэл дүүрэн байгаа дүү нарынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгаж байгааг минь хүлээн авна уу? Монголын ууган төдийгүй Азийн анхны залуучуудын байгууллагын түүхт 95 жилийн ойд сэтгэлээрээ хүрэлцэн ирсэн та бүхэндээ гялайлаа.

1921 онд байгуулдсан Бошгыг халах залуучуудын эвлэл 95 жилийн ар дээр Бошгыг босгох залуучуудын холбоо болон алдаагаа засаж Монголын байх онолтой замдаа шулуудлаа. 

Ертөнцийн жам ёсыг танин мэдэж, анхны төрт ёсоо тогтоон, алтан дээд үнэнийг хэлбэрэлтгүй баримталдаг агуу их ихэс дээдсийн үр сад билээ бид. Монголчууд бид ихэс дээдсээсээ ямар агуу СУУ билэг, бие бялдрыг өвлөн авч тээж яваагаа ойлгон, нээн илрүүлж, сэрээн хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглах тавилан заяагаа мэдэж, мэдэрч,  гэгээрэх цаг үе айлчлан ирж байна.

Ихэс дээдэс нь ТНГР хэмээх байгалын бус бодит хүчний эзэн эрхийг эдэлж, оршин амьдрахуйн алтан дээд үнэний онолыг баяжуулан хөгжүүлж, СУУ билэг авъяас чадвараа хэд хэдэн үе дамжуулан, мах цусанд нь удамшуулан, уламжлуулан үлдээх чадалтай, ийм агуу их улс үндэстэн миний Монголоос өөр байдаг гэж үү?

Төр нь ТНГР-ийн эрчим хүчний дээд нэгдлийн онолд тулгуурлан, Алтан дээд үнэний онолыг мөрдлөгө болгодог, засаг нь төгөлдөр аж төрөх ёс зүйд нийцсэн уялга төгөлдөр ахуйг бүрдүүлдэг, ард түмэн нь наран боловсролыг оршин амьдрахуйн соёл болгож,  эзэн эрх зүйг чанд баримталдаг ийм улс гүрэн Их Монголоос өөр хаана ч байгаагүйг буурал түүх гэрчилнэ. Бид үүслээсээ урган төлжиж мандан бадрах цаг нь ирж байна.

Уул ус бүр нь тахилгатай, өөрийн үүсэл хөгжил мандал бадралын зүй тогтолтой, туулж өнгөрүүлсэн түүхэн замналаа тайлж, орон зай бүхнээ танин мэдэхүйгээр дүүргэн, хүн ард  нь газарт боловсорч, орон зайд мэргэшиж, огторгуйд гэгээрэн цоморлигоо дэлгэх тавилантай тийм гэгээн тансаг орон өөр хаана байгаа юм бэ?

Ард түмнээ ямар ч алагчлалгүйгээр авъяас чадлыг нь бүрэн нээх боломжийг олгож, түүнд хүрэх замыг нь зааж, мэдэхийгээ бүгдээр хариуцаж, хамтын хариуцлагыг тогтоож, хүн бүрээ төвшин сайханд хүргэх нь хүн төрөлхтний бүхий л үеийн байнгын хүсэл тэмүүлэл, мөнхийн мөрөөдөл биш байсан гэж үү? Ийм агуу их хувь тавилангийн жинхэнэ эзэд нь яах аргагүй та бид билээ.

Монголчуудын агуу их түүхэн уламжлал, төрт ёс,  зан заншил, ахмад үеийн минь цусаа урсгаж, хөлсөө гоожуулж, сэтгэл оюун, эрдэм мэдлэг, хүч чадлаа зориулж бүтээсэн үнэт ололтууд 25 хан жилийн дотор харсаар үзсээр байтал нүдэн дээр устаж үгүй болсоор байна. Их Монгол улс маань "хүмүүний цуглуулга, хэрүүлийн далай, уруулын уранхай” болж хувирлаа. Энэ бошгыг 800 гаруй жилийн өмнө их эзэн Чингис хаан Төмөрчин маань хэлж сануулж байсан байна.

Их эзэн хааны минь угтаж мэдэж байснаар өнөөдөр өсөлсөн хэдэн булгай өндөр төрийг минь хуурамч аргаар хуваан авч, нимгэн бодлоо хууль хэмээн зарлаж, ард түмнээ төрөөр гутаан доромжилж байна. Тэд авах идэхийн араас улайран хөөцөлдөж, өөдтэй бүгдийг хаман залгиж, монгол хүний үзэх ёсгүй жаягтай их хар ертөнцийг эрчимтэйгээр байгуулж байна. Шинэчлэх нэрээр үндэсгүй цэцэг ургуулахыг оролдон хуурч, хүний эрх хэмээх хар дайн дэгдээн "мэдэхийгээ сүйтгэхүйд зориулж, мэдэхгүйгээ бурханд даатган” мунхарч байна.

Монгол орны тансаг сайхан байгал минь сүйрлийн ирмэг дээр ирж, гол горхи минь булингартан бузарлагдаж, хүн ард маань туйлдан доройтож, цэвэр шудрага зарчим алдагдаж, үнэний мөр хазайж, хэний ч өмнө толгой гудайж үзээгүй омог бардам  Монголчууд харийн хэдэн зоосны өмнө бөхөлзөж, эх орныхоо баялагийг цөлмөн дээрэмдэж, нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй болж байгааг хараад залуучууд бид зүгээр суугаад байх боломжгүй байна.

Энэхүү бусармаг үйлдлүүдээс яаж салах вэ? Одоо бид яах ёстой вэ? Монголын нэгэн цаг үеийн түүхийг удирдан жолоодож, бүтээн босгож байсан та бүхэндээ хандаж байна, гуйж байна. Та нар минь үнэт сургаалаа хайрлана гэдэгт итгэж байна.

Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үед бүх ачааг залуучууд үүрч шийдвэрлэж байсан түүхэн уламжлалыг та бид сайн мэднэ. Төмөрчин, Жамух, Толуй, Мөнх, Бат, Амарсанаа, Чингүнжав, Сүхбаатар, Чойбалсан, Зориг зэрэг олон арван залуучууд Монголын түүхийн эгзэгтэй үеийн түүхэн эргэлтийг шийдэж байсан билээ. Энэ удаагийн ачааг үүрэх түүхэн үүрэг өнөөгийн залуус бидэнд оногдож байгааг бид гүнээ ухамсарлаж байна.

Залуус бид үнэний зам мөрийг хайж байна. Үнэн худал, цэвэр бохирыг хольсон улс төрчдийн хийж буй бузар бохир үйлдлүүдээс залхаж байна. Хариуцлагагүй төрийн үйлдэл ямар их гай тарьдгийг, хүний оюун санааг яаж бохирдуулж, ямар муухай арга хэрэглэдгийг яс махандаа хүртэл мэдэрлээ. Буруу үйлдлээс зөв үйлийг хүлээгээд нэмэргүй гэдэг нь хэдийн ойлгомжтой боллоо.

Өнөөдөр монголын түүхэн нэгэн үеийг ахмад үетэйгээ хамтран бүтээх алтан боломж өнөөгийн залуус бидэнд оногдож байгаад бэлэгшээж байна.

Бидэнд Их Монгол улсын минь агуу их түүх, эцэг өвгөдийн минь туулж өнгөрүүлсэн түүхэн замнал, ертөнцийн жам ёсны онол сургаалууд нь байна. Зааж сургаж түшиж тулах өвгөд минь байна. 800 жилийн тэртээх эрчим төгс тэр наран өнөөдөр биднийг ивээж илч гэрлээ түгээж байна. Монголын омог догшин сүрлэг их Алтайнууд, нүд алдам цэнхэртэх өргөн уудам тал нутаг,  ариун тунгалаг ус мөрөн минь нууцаа дэлгэж, эрч хүчээ хуримтлуулж байна. Хөх Мөнх тэнгэр эцэг минь биднийг ивээж байна.

Бид зориг төгөлдөр омог бардам байна. Бид агуу их монголчуудын баатарлаг түүхэн уламжлалыг сэрээмээр байна. Бид их түүхийн уртын үзүүр, өргөний зах гэдгээ ойлгож, бүрэн төгс ухамсарлаж байна.

Зөв нийхэм, зөв амьдрал, зөв хөгжлийн төлөөх оюун ухаан, үзэл бодлын төлөө хэнтэй ч дайсагналцахыг хүсэхгүй ба "мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” гэдгийг бид маш сайн мэднэ. Алтан дээд үнэн дээр тулгуурласан их эвлэрэл, ариун шудрага ёс зарчим ямагт ялан дийлж, мандан бадарч байх тавилантай билээ.

Бид залуу хүний сэтгэлийн хөөрлөөр хандаагүй ээ. Бид ургах нарыг харж байна. Бид өндөр уулын оргилыг нь харж байна. Бид түүхэн цаг хугацаа, давтамж хэмнэлийг нь мэдэрч байна. Бид их үйлийнхээ үр өгөөж ашиг шимийг нь тооцоолж байна. Бид үүслээсээ урган цэцэглэсэн, жам ёсны эргэн нүүх хорвоогийн үнэнд хөлбөрөлтгүй тулгуурласан эцэг өвгөдийн минь байгуулж байсан жинхэнэ төрт ёсны онолыг судалж, хүсэн мөрөөдөж, тэр зүг тэмүүлж байна.

Зөвхөн Монгол төдийгүй өнөөгийн ертөнц эцэг өвгөдийн минь СУУ ухаан, оддын эрчим хүчний дээд нэгдлийн онолоор ихээхэн дутагдаж, үжирхэл хөгжлийн жимд шигдэн, "зовлонгийн чанга бүгдийг жаргалаар сэтгэн” улам бүр уруудан доройтсоор байгааг сануулахад илүүдэхгүй дахин сануулж байна.

Эцэг өвгөдийнхөө түүхэн уламжлал, уг үндэс, үүсэл гарлаа сэрээн шинэ орчин нөхцөлд ертөнц даяар цууриатуулан, цоо ил гарч  мандан бадрах  хүсэл тэмүүллийг бид өвөрлөж байна. Ийм боломж өөр хэнд ч биш, зөвхөн ТНГР-ийн тамга агуулсан хөх толбот Монгол хүнд л байгаа гэдэгт бид бат итгэж байна. Ингэж том дуугарах эрхийг эцэг өвгөдийн минь алтан дээд үнэний сургаалууд бидэнд олгож байгаа билээ.

Бидэнд итгэж болно. Бид төөрөхгүй, бид бүрэн хийнэ, гүйцээж хийнэ. Ертөнцийн жам ёсыг хэлбэрэлтгүй баримталж, эргэн нүүх хорвоогийн үнэний мөрийг чанд мөрдсөнөөр үр дүн нь ард түмний төдийгүй, хүн төрөлхтөний тулгуур эрх ашигт бүрэн төгс нийцэх болно.

Монгол оронд ертөнцийн алтан дээд үнэн дахин ялан мандах болно. Энэ бол ихэс дээдсийн минь хэрэгжүүлж, үр шимийг нь хүртэж байсан бодит зүйл, эцэг өвгөдийн минь мөнхийн захиас, өнөөгийн ахмад үе та нарын минь даалгавар хэмээн ойлгож байна. Бид та бүгдээс урган төлжсөн гэдгээ хэзээ ч мартах ёсгүй.

Эцсийн шийдвэрлэх хүч нь ард түмэн гэдгийг бид гүнзгий ухамсарлаж байна. Бид ард түмэнтэйгээ ямагт хамт байж, тэдний эрх ашгийг бүрэн төгс хамгаалах асуудал бидний эрхэм зорилт байх болно. Ямар ч асуудал дээр бид ард түмэндээ алтан дээд үнэний зам мөрийг таниулж, эрч хүчээ мэдрүүлж, эрдэм мэдлэгээ цогцлуулж, итгэл сэтгэлийг нь булааж, тэдний омог бардамналыг нь төрүүлэх ёстой гэдгийг ойлгож байна.

Бидэнд ард түмэндээ үнэний зам мөрийг ойлгуулж, Мөнх ТНГР-ийн онолыг түгээн дэлгэрүүлэх агуу их үйлд нөмөр нөөлөг, түшиг тулгуур болох сүмбэр уул  хэрэгтэй байна. Эцэг өвгөдөөсөө төөрөг тавилан болгон оноосон зөв үйлийн төлөөх тэмцэлд залуустаа өмөг түшиг болох ариун үүргээ биелүүлээсэй хэмээн бид ахмад үеэсээ хүсэн, найдаж байна.

Бид өөрсдийн V Их хурлаараа дэвшүүлсэн зорилгын талаар илэн далангүй ярилаа. Залуус бид өнөөгийн нийгэмд бий болоод байгаа тулгамдсан асуудлуудыг шийдэх зөв гарцыг хайх зорилгоор хэд хэдэн тодорхой асуудал тавьж, үнэн зөв хариултыг нь хайсаар байна. Асуудал бүрт шийдэл нэхсэн олон асуултуудаас цөөхөн хэдийг нь дурдвал:

Өнөөгийн энэ нийгэм Монголчуудын болон ахмад үе та нарын хүсэн хүлээж байсан нийгэм мөн үү? гэсэн асуултаар эхэлмээр байна. Өнөөдөр Монголчууд бид бүхий л үеийн түүхийнхээ гутрал доройтлын хамгийн хүнд хэцүүг туулж байна гэж залуучууд бид үзэж байна. Энэ дүгнэлт зөв үү? Энэ бүхэн юунаас болоод байгаа юм бэ? Үүнээс гарах арга зам нь юу вэ?

Энэ байдал цаашид үргэлжлээд байвал юунд хүргэх вэ? Хирээс хэтэрч байгаа бусармаг байдлыг зөвхөн өнгө засал хийх төдийгөөр өөрчилж чадах уу, аль эсвэл суурь өөрчлөлт хэрэгтэй юу? Эдгээрийн онолын үндэслэл, гарах арга зам нь юу байх бол.

Өнөөгийн улс төр, эдийн засгийн энэхүү хямрал нь гүн гүнзгий ул суурьтай юу?, аль эсвэл тухайн үеийн түр зуурын үзэгдэл үү?

Хуулийн шинэчлэл гэж олон жил ярилаа. Ер нь хууль гэж юу юм бэ? Ертөнцийн жам ёс зүй тогтол чинь өөрөө эргэх хорвоогийн үнэний хууль биш юм уу? Хүн төрөлхтний хэлбэрэлтгүй дагаж мөрдөх үндсэн зарчим дэг жаяг гэж байдаг болов уу?

Эрхийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэн ойлгомоор байна. Тэгш эрх гэж байх боломжтой юу? Эрх эдлэх шалгуур үзүүлэлт гэж байдаг болов уу, тэр нь юу байх вэ?    

Өнөөгийн боловсролын түвшин ямар шатанд байна вэ? Хүүхэд залуустаа өв тэгш хүмүүжил олгож чадаж байна уу? Монгол хүний зан заншил ёс суртахуунд тохирч байна уу? Монголчуудын хүүхэд, залуу үеэ хүмүүжүүлж байсан арга барил нь юу  юм бол.

Гадаад харилцааны тулгуур бодлого юу байх вэ? Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн түүхэн онцлог. Ер нь тусгаар тогтнол гэж юу г хэлдэг юм бол. Улс орны оршин тогтнох үндэс нь юу вэ?

Өнөөдрийн хариуцлагагүй нийгмийг яаж хариуцлагажуулах вэ? Хариуцлагагүй төр засгаас явуулж байгаа буруу бодлогын гайд өртөөгүй улс ардын аж ахуйн салбар нэгж, айл өрх, хүн ард гэж байхгүй болсон төдийгүй, уул ус ургамал амьтан маань хүртэл өртөгдөн сүйрч байгааг яагаад ч зөвтгөх үндэс алга гэж бид ойлгож байна. Зөв бүгдийг буруугаар дийлүүлдэг ийм төр засаг ард түмэнд хэрэгтэй гэж үү? Төр засаг маань ард түмнийхээ язгуур эрх ашгийн эсрэг хандаж байгаа гэдэгтэй та санал нийлэх болов уу? Бид хэтэрхий хүлцэнгүй дорой байгаа юм биш үү?

Ер нь эдээр засаглана гэж юу вэ? Улс орныг эдээр засагласны ач холбогдол, хор уршиг нь юу юм бол. Зээл хүү дээр тогтдог эдийн засаг улс орныг сүйрэлд хүргэдэг болох нь улам бүр тодорхой болж байна. Ер нь эд мөнгөний харилцаа хүнийг буруу зам уруу хөтөлдөг юм биш үү?

Эв нэгдэл гэж юун дээр оршин тогтнодог юм бэ, түүнийг хэрхэн яаж бүрдүүлэн цогцлоох вэ?

Нам гэж юу вэ? Хэсэг бүлэг хүмүүс зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нам байгуулаад байгаа нь зөв юм уу, Монгол улсын эрх ашиг, ард түмний хувь заяа олон намын эрх ашиг дор хөсөр хаягдсаар байгааг юу гэж ойлгох вэ?

Монгол орны уул ус, байгал цаг уурын онцлог нь юу вэ? Хүн байгал, орчлон ертөнцийн амьд уялдаа холбоо гэж байдаг болов уу? Байгал орчны сүйрэл доройтолын жинхэнэ мөн чанарыг та юу гэж ойлгож байна. Газар шороогоо харийнхантай нийлж ухаж байгаа нь зөв үү?

Нүүдлийн соёл иргэншил, \Клинтоны хэлсэн үг\, уламжлалт мал аж ахуйн мөн чанар ач холбогдол үр өгөөж, суурин иргэншилийн ач холбогдол, сөрөг муу талуудыг та юу гэж ойлгож байна. Бүх хүнээ суурин иргэншил рүү түлхээд байгаа нь зөв үү?

Хүн гэж ер нь хэн юм бэ? Хүний хөгжил гэж юуг хэлэх вэ? Үнэний мөрийг хэлбэрэлтгүй дагаад явах чадал чадамж хүнд байдагт бид эргэлзэж байна. Хүний хөгжлийн дээд шат нь юу юм бэ? түүнд яаж хүрэх вэ?

Монгол хүн гэж хэн бэ? Дэлхийн хүмүүнүүдээс юугаараа ялгаатай вэ? Эцэг өвгөдийн минь түүхэн уламжлал, удамшил гэдгийг яаж ойлгох вэ?  Монголчууд өөрсдийгөө тэнгэрийн хүүхдүүд, хөх толбот хэмээн өргөмжилдөг. Монгол хүний онцлог гэж байдаг болов уу?, тэр нь чухам юу байх бол, өнөөгийн хүн төрлөхтний өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд энэ бүгд нөлөөтэй болов уу?

Монголчууд дэлхийг эзэлсэн дайн байлдаан хийж байсан, үүний гол зорилго нь юу байсан юм бол, алт мөнгө газар нутаг булаан дээрэмдэх гэж явсан гэж үү? Аль эсвэл өөр зорилго байсан юмуу, тэр нь чухам юу вэ?

Ер нь их эзэн Чингис хаан маань ямар төр засгийг байгуулчихсан юм бэ? Чингис хааныг яагаад мянганы хүнээр тодруулчихсан юм бол. Цаад мөн чанар нь юу вэ? Төр засгийн мөн чанар, ертөнцийн жам ёсны хооронд амин чанарын болон учир холбогдлын уялдаа холбоо гэж байдаг болов уу? Хүн төрөлхтөний өмнө Монголчуудын хүлээх үүрэг гэж байдаг юм биш биз гэх мэтчилэн олон асуултууд хөвөрсөөр хариулах эзэнгүй явсаар байна?

Манай байгууллагын түүхт 100 жилийн ойн өмнө эдгээр асуултын хариултыг бүрэн тодорхой болгож туршилтын, золионы, шилжилтийн гэх мэт тодотголгүй жинхэнэ хүслийн зүй, амьдралын зүйд нэн гүн гэгээрч онолоор амьдран оршигч залуу үеийг төрүүлэн хүмүүжүүлэх нэн хариуцлагатай хүндхэн үүрэг та бидэнд ноогджээ!

Өнөөдөр хөх амин чанарт Монгол хүн тун их цөөрчээ. Ирж буй сайн цагийн эрхшээлээр ийм хүмүүсийн тоо өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж, ихэс дээдсээсээ суралцах их хөдөлгөөн болон өрнөж, өргөжин тэлсээр байгаа нь итгэл найдварыг төрүүлж байна. Тун удахгүй хөлд ассан түймэр мэт дүрэлзэн асаж ниргэлтийн их хүч болон хувирна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Тэр цагт бидний өнгөрсөн сонгуулиар олон нийт, иргэний нийгэмийн байгууллагуудтай хамтхан гаргасан хар жагсаалтын эзэд үнэний өмнө хүчин мөхөсдөж, их түүхийн шуурганд гэсгээдэх болно гэдгээ эртхэн мэдэрч хожимдоогүй дээрээ сайн үйлийн төлөө цучилаа нэмэрлэх ариун үүргээ ухамсарлах нь төрд бас удамд нь хэрэгтэйг ухаарна бизээ.

Алтан үнэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч цаашдын үйл хэргийг хамтран эхлүүлэгч, өрнүүлэн довтолгогч, их үйлсийн эзэд болох түүхэн үүрэг хүлээсэн нэг үеийнхэндээ итгэж байна.

Өнөөдөр ийм дорой байхыг Их Эзэн Чингис хаан 800 жилийн тэртээ бошиглон үлдээсэнийг 5 мэдэрхүйгээрээ батлаад зогсож байх нэг талаасаа бид азгүй нөгөө талаасаа Алтан дээд үнэний гэрээг сэргээн нийт Монголчууддаа заан ойлгуулж, олноороо сэхээрч, зөв танин мэдэж, сайн гэгээрч боловсрон, туйлбартай хөгжлийн зөв замд оруулах их ажлыг гардан зохион байгуулах түүхэн үүрэг та бидэнд оногдлоо.

Их Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байгааг энэ индэрээс дахин зарлаж байна.

Их түүх эр зориг, их эвлэрлээс эхэлдэг!

"Их эзэн Чингис хааны мөнхийн зарлиг болсон Алтан дээд гэрээг мартваас бид үжирхэл хөгжлийн жимт нийгэмээр гутаагдан өөрийн өөдгүйд боолчлогдму, маргаваас чи хөндлөнгийн идэш болж алдаандаа үхүүлэгдэн доройтуулагдаж тамлагдму, мөрдөвөөс чи нийхэмээр үндэслэн бадарч, хөх Монгол болж, ертөнцийн хүмүүнийг гэгээрүүлмү.” гэсэн ихэс дээдсийн алтан дээд сургаалаар энэ илтгэлээ өндөрлөж байна.

 

ӨНГӨРСӨНИЙ ИРЭЭДҮЙГ ӨНӨӨДӨР БҮТЭЭЦГЭЭЕ!

ТА БИДНИЙГ ХӨХ МӨНХ ТЭНГЭР МИНЬ ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.