Умайн гаднах жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс умайн хөндийн гадна бэхлэгдэн байрлахыг умайн гаднах жирэмслэлт гэж нэрлэдэг.
Ихэнх тохиолдолд (95% орчим) умайн гаднах жирэмслэлт аль нэг талын гуурсан хоолойд үүсдэг.
Цөөн тохиолдолд умайн гаднах жирэмслэлт гуурсан хоолойноос гадна өндгөвч, хэвлийн хөндий, умайн хүзүүнд явагддаг.
Умайн гаднах жирэмслэлт үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс
• Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнөөр өмнө нь өвдөж байсан
• Хламид,гоноррей зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөж байсан
• Өмнө нь умайн гадуур жирэмслэж байсан
• Үргүйдлийн улмаас гуурсан хоолойдоо мэс ажилбар хийлгэж байсан
• Сүүлийн хоёр жилийн дотор дурангаар болон төрсний дараа жирэмслэхээс сэргийлж үр дамжуулах гуурсан хоолой боолгосон
• Умайн хөндийд жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй байсан
• Ерөндөгтэй байхдаа жирэмслэсэн
• Удаан хугацааны үргүйдэл
• Сексийн олон хавьтагчтай байх
• Үтрээний угаалга тогтмол хийх зэрэг ордог.
Умайн гаднах жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Умайн гадуур жирэмсэлсэн эмэгтэйчүүдэд хэвийн жирэмслэлтийн шинж
тэмдгүүд илэрдэг. Үүнд: Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд
жирэмсэн гарах, дотор муухайрах, огиулах, хөх томорч хөндүүрлэх зэрэг
зовиурууд илэрнэ.
Мөн
• Хэвлий болон бөгс рүү тулж өвдөх.
*Өвдөлт гэнэт эхлэх, даамжрах хандлагатай байх. Зарим үед өвдөлт хэвлийн
нэг талд байрлаж болох бөгөөд дотор муухайрах огиулж бөөлжих шинж
тэмдгүүд дагалдан гарч болно.
• Хөдлөх, ханиалгах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний үед өвдөлт нэмэгдэнэ.
• Үтрээнээс хүрэн бор өнгийн цусархаг ялгадас бага хэмжээгээр үргэлжлэн гарна.
• Гуурсан хоолой хагаран цус алдалт үүссэн үед толгой эргэх, нүд
бүрэлзэх, арьс цайх, хүйтэн хөлс гарах, зүрхний цохилтын тоо олшрох
зэрэг шокийн шинж тэмдгүүд илэрч болно. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл
эмчид даруй хандах хэрэгтэй.
Умайн гаднах жирэмслэлтийн оношилгоо
Умайн гаднах жирэмслэлтийг оношлох нь амаргүй. Хэрэв танд энэ хэлбэрийн
жирэмслэлтийн шинж тэмдгүүд илэрч байвал эмч дараах шинжилгээнүүдийг
хийж онош тодруулах болно. Үүнд:
• Цусанд хүний хорионий гонадотропин дааврын түвшинг тодорхойлно.
• Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг хийнэ. Үүгээр умайн эмзэглэл, арын
хүнхрээний байдал болон дайвруудад үүсгэвэр байгаа эсэхийг тодруулна.
• Хэт авиан шинжилгээ. Хэрэв эмч хэт авиан шинжилгээгээр гуурсан хоолойд
байгаа хөврөлийг илрүүлж чадвал умайн гаднах жирэмслэлт гэдэг нь
тодорхой болно. Гэвч ихэнх тохиолдолд хөврөл эрт үедээ амьгүй болдог
бөгөөд ийм үед хэт авиан шинжилгээнд илрэхгүй байж болдог. Харин үүний
оронд гуурсан хоолой хөөж томорсон, хөврөлөөс үлдсэн эдийн хэсэг болон
цус, бүлэн харагдаж магадгүй.
Лапароскопиь лапаротомийн
Хэрэв умайн гаднах жирэмслэлтийг эрт оношлож эмчлэхгүй бол хөврөл томрон
гуурсан хоолойг задлаж гэмтээдэг. Үүний улмаас хүчтэй өвдөлт болон цус
алдалт үүсдэг. Улмаар цус алдалт үргэлжилж яаралтай мэс засал хийхгүй
бол амь насанд аюул учруулж болно.
Онош хэр батлагдсан, хөврөлийн хэмжээ хир зэрэг том байгаа, ямар багаж хэрэглэх боломжтой байгаа зэргээс эмчилгээний арга хамаарна.
Хэрэв онош батлагдсан хөврөлийн хэмжээ жижиг, цус алдалт үүсээгүй байгаа нөхцөлд Метотрексат хэрэглэдэг. Энэ эмийн бодисийг булчинд тарьж хэрэглэдэг бөгөөд цусны урсгалд шимэгдэн орж ихэсийн эсийн өсөлтийг зогсоосноор жирэсмлэлтийг тасладаг. Хэсэг хугацааны дараа хөврөл шимэгдэн алга болдог. Эмийн бодисын үйлчлэлтэй холбоотойгоор хэвлийн өвдөлт , дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.
Метотрексат хэрэглэж байгаа үед түүний үйлчлэлд саад болох мултивитамин, фолийн хүчил агуулсан нэмэлт бүтээгдэхүүн, согтууруулах ундаа болон бэлгийн харьцаанаас зайлсхийх хэрэгтэй. Энэ эмчилгээг хийлгэсний дараагаар цусанд хорионий гонадотропины хэмжээг дахин үзэж жирэмслэлт зогссон эсэхийг тодруулдаг.
Хэрэв метотрексат хэрэглэсний дараагаар хүчтэй өвдөлт болон дотуур цус алдалтын шинж тэмдэгүүд илэрвэл мэс заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог. Мөн та хөхүүл хүүхэдтэй эсвэл эрүүл мэндийн байдлаас болж энэ эмийн бодисийг хэрэглэх боломжгүй бол шууд мэс заслын эмчилгээг сонгох болно.
Таны биеийн байдал тогтвортой, хөврөлийн хэмжээ жижиг байгаа нөхцөлд дурангийн мэс заслын аргыг сонгож болно.
Харин дотуур цус алдалт үүссэн, хөврөлийн хэмжээ том байгаа тохиолдолд дурангийн мэс засал хийх боломжгүй бөгөөд хэвлийн хөндийн хагалгаа хийх шаардлага гарч ирнэ