Мөнгөнд үнэр байхгүй & Тэтгэвэр л бол тэтгэвэр
"Мөнгөнд үнэр байхгүй” гэж үг бий. Түүн лугаа адил тэтгэвэр л бол тэтгэвэр байлтай. Учир нь тэтгэвэр гэдэг нь улсаас тэтгэлэг болгон өгч буй мөнгө хэмээн Монгол хэлний их тайлбар тольд тусгагдсан байдаг. Мэдээж тэтгэврийг дотор нь ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэхчилэн хэд хэдэн янзаар хувааж болно л доо. Гэвч сүүлийн үед "Хамтын тэтгэвэр”, "Насны хишиг” гэх тэтгэмж хоёрын талаар багагүй маргаан дэгдээд байгаа.
"Хамтын тэтгэвэр”-ийн тухай хуулийг өмнөх парламентын үед баталсан ч энэ удаагийн УИХ-аар цуцалж, "Насны хишиг” гэх тэтгэмжийг олгохоор болж, Засгийн газраас удахгүй холбогдох хуулийн төслийг боловсруулан өргөн барихаар болсон.
Ахмадуудад өгөх мөнгөнөөсөө ч илүүтэйгээр нэрийн хувьд маргаан дагуулсан эдгээр хуулийг эцэст нь нэр нь солигдож буй мэтээр тайлбарлаад л өнгөрсөн. Эгээ л ёс жудгаа бодолцсон, үхээсэй гэж хүлээж суухаар хамтдаа туулна гээд хүлээлттэй байсан нь дээр гэхчилэн яригдаж, хэлэгдсээр эцэстээ эрх баригчид "Насны хишиг”-ээрээ тогтоосон нь энэ.
Гэвч энэ хуулиудын нэрийн цаана чухам ямар агуулгууд байсан бэ гэдэг нь тун сонирхолтой гэхээс аргагүй юм.
Тухайлбал "Хамтын тэтгэвэр”-ийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээж байсан.
Харин "Насны хишиг” тэтгэмжийг бол 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох тухай заасан байгаа.
Мэдээж дээрх тэтгэвэр, тэтгэмжийг авахын тулд тодорхой шалгуур, шаардлага ч бий. "Хамтын тэтгэвэр”-т зааснаар "Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд түүний тэтгэврийг эхнэр, нөхөр нь өвлөж авах эрх үүснэ. /15 жил хамт амьдарсан байх/”, "Цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний тэтгэврийг түүний эхнэр, нөхөр нь өвлөж авах эрх үүснэ /15 жил хамт амьдарсан байх/”, "Хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх”, "Тэтгэвэрт гарсан эхнэр, нөхрүүд нэгнийхээ тэтгэврийг өвлөж авах эрх үүснэ. Ингэхдээ хань ижлээ алдсан тэтгэврийн насныхан сар бүр дунджаар 200 мянган төгрөг өөрийн тэтгэвэр дээр нэмж авах боломж бүрдэнэ” гэх тодотгосон байв.
Энэ нь агуулгын хувьд гэр бүлийн тогтолцоог улам бүр бататгахаас эхлээд иргэдийн хувьд ирээдүйд тэтгэвэр авах нь амьдралд нь нэн чухал хэрэгтэй. Тиймээс нийгмийн даатгал төлөх нь зүй ёсны хэрэг, татвараа төлөх нь ашигтай гэх мэтчилэн олон "үүрэг”-ээ биелүүлэхэд дөхөмтэй байв даа.
Гэвч "Амны билгээс ашдын билиг” гэх агуулгаар дээрх хуулийг өөрчилсөн хэрнээ ахмадуудаа бодсон гэхээс илүүтэй эдийн засгийн нөхцөл байдалдаа тушигдаж, иргэдээ хуурсан агуулгатай хуулийн төслийг бий болгосон байгаа юм. Тодруулбал, нэг ахмад настанд олгох "Насны хишиг”-ийн хэмжээ нь ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай бол 200 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөг. Ингэхдээ түүнийг нь жилд хоёр удаа, цаашид эдийн засгийн нөхцөл байдал сэргэвэл улирал бүр олгохоор төлөвлөжээ.
Манай улсын хүн амын дундаж наслалт 2013 оны тооцооллоор 69.1 байсан. Ингэхдээ эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрчүүдийнх 65.4 гэж байсан. Үндсэндээ "Насны хишиг” хүртэх 70 нас хүрэх хүн ховор гэдэг хатуухан хариулттай нүүр тулахаар байгаа. Яах вэ, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д "Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ” гэсэн зорилтыг тусгасан л даа. Тэгэхээр энэхүү дундаж насыг 70-аас дээш болгохын тулд эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлөөс эхлээд багагүй асуудлыг төр бодлогоор шийдвэрлэх нь зайлшгүй. Харамсалтай нь тийм боломжийг өнөөгийн улстөрчдийн хэн нь ч олгохгүй. Тиймээс "Насны хишиг” нь ахмадуудаа горьдоож, ёстой л шилний цаанаас чихэр долоолгохын үлгэр болох биз. Хар, бор ажилд нухлагдаж, хэдэн хүүхдийнхээ төлөө санааширсан ахмадууд 70 насны сүүдэр тусахад эрүүл мэндийн хувьд өвчлөлгүй байна гэж хэзээ ч үгүй. Хамаг байдгаа эрүүл мэндийн салбарт өгч, дээр нь авч буй өндөр насны тэтгэврээ зээлээр авахаас аргагүйд хүрэх нь гарцаагүй. Одоогийн нөхцөл байдал ч яг л ийм байгаа. Тийм байтал 70 хүрч "Насны хишиг” авна гэж бодох чөлөө гарахгүй л болов уу. Үүнийг нь ч Ардын намын ах нар их л сүрхий олж харж, уриалгахнаар мөнгө өгөх гэж байгаа мэтээр хуурч амжив бололтой.
Эх сурвалж: