Нийслэлчүүдэд утааны нэмэгдэл олго, Су.Батболд оо
Хамар шархируулж, нулимс гоожуулж, цээж урдаг хотын их утааны үе эхэллээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын салхины чиглэлийн дээд хэсэгт дулааны цахилгаан станц, үйлдвэрийн газрууд болон дөрвөн уулын бэлээс эхлэн хотын төв хүртлээ тархан байрласан гэр хорооллын айл өрхүүд, тээврийн хэрэгслийн ялгаруулж буй бохирдуулагч хий нь Улаанбаатар хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож, агаарын бохирдлыг их хэмжээгээр үүсгэж, гамшиг нүүрлэж байгаа гээд л албаны хүмүүс нь ярьдаг.
Улаанбаатар хотын агаарын бохирдол 10, 11 дүгээр сараас эхлэн, 12, 1, 2 дугаар сард ихэсч оргил хэмжээндээ хүрдэг. Эдгээр сард нийт ажиглалтын 50 орчим хувьд агаарын чанарын стандартаас хэт давж, гамшигийн хэмжээнд хүрдэг.
Гэтэл энэ асуудлыг бүрэн шийдэж, утаагүй болоход эрх баригчид төдийлөн анхаарал хандуулахгүй, харин ч бүр хийх ажилгүй мэт гар хумхин суусаар л байна. Хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн утаагүй зуух, шахмал түлш ч бүр ор сураггүй боллоо. Яндангийн тоог овоо хэдээр багасгаж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ч таслан зогсоолоо. Хуучин микро автобусуудыг жагсаалтаас хассан байсан ч нам солигдонгуут нөгөөдүүл нь дахиад л гараад ирлээ.
Агаарыг хамгийн ихээр бохирдуулж, амьтан хүн хордуулж буй элэгдэж хуучирч, утаа хаяж буй эдгээр машинуудыг хариуцах ёстой зам тээврийн салбарынх нь дэд сайд сошиал орчинд ажлаа хийж, ийм нөхдүүдийг мэдээлж байгаарай гэсэн шиг сууж байхыг харлаа.
Жил бүр тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, оношилгоонд оруулдаг атлаа энэ мэт асуудлаа шийдчихгүй иймэрхүү зүйл яриад сууж байгаа нь үнэхээр инээдтэй харагдаж байна.
Түүгээр ч барахгүй утаа нэгэнт л гамшигийн зэрэгт хүрдэг юм чинь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө гаргаж, утааны улиралд нийслэлчүүддээ урамшуулал өгдөг тогтолцоотой болмоор байна. Миссийн тэмцээнийг хэдэн саяар ивээн тэтгэж, хоёрхон хамтлагт 200-аар цацдаг засаг маань эрхбиш сая гаруйхан нийслэлчүүддээ хэдхэн төгрөг зарцуулчихаж чадах байлгүй дээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 2-т "...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт бий. Гэтэл улаанаатарчуудад энэ эрхийг эдлэх ямар ч боломж алга. Хэдэн жилийн өмнө УИХ-ын эрхэм гишүүн, сумоч Д.Батбаярын япон эмч найз нь Улаанбаатарт ирчихээд "Батбаяр аа, одооноос эмч бэлтгээд уушгины эмнэлэг байгуулаач. Хэдхэн жилийн дараа толгой дараалан эмчлүүлэхээр очно” гэж хэлж байсан гэдэг.
Тиймээс л утаагаа арилгаж, ядаж бууруул чадахгүй юм бол нийслэлчүүдэд утааны нэмэгдэл олго Су.Батболд оо. Эрдэнэт хүний эрүүл мэндийг утааны нэмэгдэл бүрэн нөхөхгүй ч эм тариагаа авахад нь бага ч гэсэн нэмэр болж таарна. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй ч, үхэж үрэгдэх хугацаа бага ч гэсэн хойшилж мэднэ.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.