Т.Бат-Эрдэнэ: Айл бүр утаа бага гаргавал Улаанбаатарын агаар цэвэрхэн болно гэдгийг ухамсарламаар байна

839 5324

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч

-2011 оноос Агаарын тухай хууль санаачлан УИХ-аар батлуулснаар утааны эсрэг эрчимтэй ажиллаж эхэлсэн. Утааны муу үр нөлөөний талаар иргэд маш сайн мэддэг хэрнээ утаа гаргаж буй эх үүсвэр, учир шалтгааныг нь ойлгохдоо жаахан дутагдалтай байгаа. 2011 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдаад нэлээд эрчимтэй ажиллаж ирсэн. Энэ оны хавраас тус хороо Ерөнхий сайдын дэргэд болсноор улам эрчимтэй ажилласан гэж хэлж болно.

Өнгөрсөн жил "Утааны хор багассан гэнэ” гэж иргэд ярьж эхэлсэн. Шулуухан хэлэхэд багаж, тестүүдээр шалгаж үзэхэд, Улаанбаатар хотын утаан дахь хорт бодисын хэмжээ багассан гэж гарсан. Агаар бохирдуулагч нь ганцхан утаа биш. Гэрийн зуухнаас, машинаас гарч буй утаа, замын сул шорооноос босож буй тоос гээд маш олон зүйл агаар бохирдуулдаг шүү дээ. ДЭМБ-аас агаарын бохирдлыг дөрвөн гол үзүүлэлтээр хэмждэг. 2012-2013, 2013-2014 оны өвлийн улирлын агаарын бохирдлын хэмжээг 2011-2012 оныхтой харьцуулахад хүхэрлэг хий буурсан.

Гэр хорооллын айлуудын яндангаас гарч буй утаанд хүхэрлэг хий их байдаг. Бид муу, сайнаар хэлүүлж байгаад гурван жилийн дотор 150 мянга гаруй айлыг сайжруулсан зуухтай болголоо. Энэ нь хүхэрлэг хий буурахад нөлөөлсөн. Азотын давхар исэл бас багассан. Энэ хий автомашинаас их ялгардаг. Автомашины дугаарын хязгаарлалт хүртэл азотын давхар исэл багасахад нөлөөлж байгаа. Нэг өдөр 300 мянган машин явахад агаар дахь азотын давхар ислийн хэмжээ ихэснэ. Маргааш нь 200 мянган машин замын хөд өлгөөнд оролцоход багасна. Утаа арилгахын тулд төр засгаас гадна иргэд зарим нэг зүйл хийх ёстой.

Жишээ нь, зуухаа зөв галлаж сурмаар байна. Цаас, мод тавиад дээрээс нь нүүрс овоолоод асаадаг байсан бол одоо эхлээд нүүрсээ овоолж, дээр нь мод, тэгээд цаасаа тавьж асааж сурах шаардлагатай. Өглөө гал түлэхдээ "Би зөв галлаж байж манай яндангаас утаа бага гарна. Айл бүр утаа бага гаргавал Улаанбаатар утаагүй байна. Тэгвэл би, бид эрүүл амьдарна” гэж ухамсарлах хэрэгтэй. Тэгэлгүй тэнд хүмүүс буруу галлаад байвал энд бид утаатай яаж ч тэмцээд үр дүн гарахгүй. Утааг байшин, гэр өөрөө гаргах юм уу, хүмүүс бид л гаргадаг биз дээ. Ногоон байгууламж гэдэг хүний амьдрах орчныг хамгийн цэвэрхэн болгох хүчин зүйл мөн. Нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны мөрийн хөтөлбөртөө Улаанбаатар хотын газар нутгийн 20 хүртэлх хувийг ногоон байгууламж болгоно гэж төлөвлөсөн.

Үүнийг нь дутаачих вий гэж их санаа зовдог. Зөвхөн бид хашгираад энэ ажлыг хэрэгжүүлж дийлэхгүй учир хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргаж байгаа. Гэр хорооллын газраа шинэчлэн зохион байгуулж буй айлуудыг хашаандаа том мод тариарай гэж зөвлөж байна. 180000 хашаанд мод тарихад 180000 модтой болно. Тооны хувьд маш хурдан. Улаанбаатарт ямар мод таривал ургах, хотын өнгө үзэмж ямар байхыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөнд тусгана. Уг төлөвлөгөөний дагуу ногоон байгууламжаа өргөтгөнө. Бид ногоон байгууламждаа анхаарч, их мөнгө төсөвлөдөггүй байсан бол цаашид багагүй мөнгө төсөвлөж, мод тарья гэж төлөвлөж байгаа.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
839 сэтгэгдэл