“Капитал”-ын ахлах дилер банкаа 150 мянган долларын алдагдалд унагажээ

1

 

Алт дилерийн хэргээс ихтэй арилжааны наймаа гүйлгээ тоглоомд манай банкныхан  хорхойтдог хэвээрээ л байна. Маржин арилжаа гэж мөнгөө хэд бол хэд өсгөж болдог арилжаа олон улсын хэмжээнд явагддаг. Уг арилжаанд орохын тулд харилцагч банкинд харилцах долларын данс нээлгэн, платформ ашиглах гэрээг байгуулдаг. Гэрээ байгуулмагц банкнаас харилцагчийн маржин арилжааны дансыг нээнэ. Харилцагчийн данснаас банкны дотоодын FXCM-ын дансыг зузаатгасны дараа гадаадын FXCM-ын дансыг зузаатгаж байж арилжаанд оролцох эрхтэй болдог гэнэ. Гэтэл "Капитал” банкны Хөрөнгийн удирдлагын газарт ахлах дилерээр ажиллаж байсан Л.Э нь хувийн ашиг сонирхлын үүднээс банкны Арилжааны арын албаны мэргэжилтний FXCM программд нэвтрэн 2016 оны 2-р сарын 12-ны өдрөөс 2016 оны 3-р сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн хандалтаар харилцагчийн дансанд бодитоор мөнгөн орлого хийгдээгүй байхад арилжааны дансыг 151.010.00 доллараар зохиомлоор өсгөж Капитал банкинд нийт 285.974.008.20 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Түүний хэрэгт  банкны Санхүү бүртгэлийн газрын Арилжааны арын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан П.Б нь банкны нууц үг кодоо өгсөн хэмээн буруутгагдан хомрогонд нь явжээ. Ахлах дилер нь банкны кодоор маржин арилжаанд оролцохдоо 32 мянган доллартай эхнэрийнхээ дансыг ашигласан гэнэ. Сүүлд нь банкныхан FXCM oффис программ дээр байгаа клирингийн данс, харилцагчийн дансны үлдэгдлийг шалгахад өндөр дүнтэй арилжаанд орсон, өндөр дүнгээр алдагдал хүлээсэн, тухайн цаг хугацаанд арилжаанд идэвхитэй оролцсон харилцагч нь ахлахын эхнэр болж таарчээ. Банкны нэрийн өмнөөс маржин арилжаанд оролцоход  банкны маржин арилжааны дансанд тодорхой хэмжээний эх үүсвэр байршуулах ёстой. Харин ахлах дилер нууц үг кодыг мэдсэнээ ашиглан программын аргаар үлдэгдлийг зохиомлоор өсгөн арилжаанд ороод өөрийн мөнгөө алдаж дээр нь алдагдалд оржээ. Банкны нэрээр арилжаанд орсон тул алдагдал нь "Капитал” банк дээр буусан байна. Болсон явдлын тухай ахлах дилер нь "... маржин арилжааны программ дээр зохиомлоор дансны үлдэгдлээ өсгөж, арилжаа хийж байгаад түүнийгээ алдсан нь үнэн. Нууц үгийн тухайд "FXCM” гэдэг компанитай харилцах харилцааг би өөрөө хариуцан ажиллаж байсан. Тэндээс ирж байгаа ямар нэгэн алдаа, мэдээлэл нь надаар дамжиж ирдэг байсан. Ямар нэгэн асуудал гарах юм бол Америкийн нэгдсэн улсад байдаг компани руу нь би хандаж, зохицуулж өгдөг байсан. "FXCM” гэдэг компани 2015 оны 10-р сард хакердуулаад бүх харилцагч нарын мэдээлэл алдагдсан байсан. Үүнээс үүдэж нууц үгийг солих шаардлагатай болсон. Арилжааг хийхдээ ганцаараа хийсэн. Арилжааны арын албаны ажилтанд  арилжаанд оролцоод алдсан талаараа хэлээгүй. Тэр ажлаа аваад удаагүй байсан, надад нууц үг хэлж, зааж, зөвлөж байгаагүй. Журмаараа бол арын албаны ажилтан  нууц үг хэлж арилжаанд оролцох ёстой. Балансын тохиргоо хийх талаар заагаагүй. Би эрсдэлээ мэдэж байсан, алдана гэж бодоогүй. Гүйлгээг Монголоос шөнийн цагаар хийсэн” гэжээ.
 
 
Харин хэлмэгдсэн арилжааны арын албаны ажилтан нь "...Санхүү бүртгэлийн газрын арилжааны арын албанд нээлттэй ажлын байр зарлагдаж орох ажилтан нь шалгарч ирээгүй байна, иймд чи энэ ажлыг хүлээж ав, өөр энэ ажлыг хүлээлгэж өгөх хүн байхгүй байна. хамгийн удаан ажиллаж байгаа болохоор  энэ ажлыг хүлээж ав гэж хэлсний үндсэн дээр би уг ажлыг хүлээж авч байсан. Арилжааны арын алба гэдэг ажлыг хүлээж авч байхад маржин арилжааны данс таван мянган  долларын зөрүүтэй байсан. Өмнө ажиллаж байсан мэргэжилтнээс яагаад ийм зөрүүтэй байдаг талаар асуухад маржин арилжаа хоёр данстай байдаг. Нэг нь үлдэгдэл буюу өдөр тутам таардаг данс, нөгөө нь байнга зөрүүтэй байдаг данс гэж надад тайлбарлаж өгсөн. Өдөр ирэх бүр зөрүү нь нэмэгдэж явсаар байгаад сүүлдээ 80-90 мянган долларт хүрсэн. Би захиралд байнга энэ талаар хэлж байсан, өмнөх ажилтнаас асуухад яг юунаас болж үүсч байгааг мэдэхгүй байна гэсэн. Арилжаанд оролцож байгаа харилцагчдын нээлттэй позитивийн дүнгээс хамаардаг байх гэж тайлбарлаж байснаас биш надад яг тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Анхнаасаа энэ данс зөрдөг байсан гэдгийг захирал болон бүртгэл хяналтын мэргэжилтэн, хяналт тавьдаг байсан хүмүүс бүгд мэддэг. Захирал надаас сарын эхээр болон сүүлээр хэдээр зөрж байна гэж асуудаг байсан. 2-р сарын 28-ны өдөр 100 мянган долларын зөрүү үүсэж энэ зөрүүг яаж олох вэ гэж захирлаас асуухад би гүйлгээний талаар сайн мэдэхгүй, Э-аас тодруул гэсэн.  Нууц үгийн хувьд би 2015 оны 10-ны сарын 1-ний өдөр ажлаа хүлээж авсаад маргааш нь программ руугаа нэвтрэх гэхэд алдаа заагаад орохгүй байсан болохоор Э-д хэлсэн. Америкд салбар нь хакердуулсан учир бүх харилцагчийн аиди нууц үгийг нь блоколчихсон. Анх бүртгэлтэй байгаа хүний и-майл хаяг руу нь шинэ нууц үгийг нь явуулна гэсэн . Удалгүй мэйл ирчихсэн байсан. Тэгээд Янжин захиралд мэдэгдээд өмнө нь ажиллаж байсан дилер Чинзориг гэдэг хүний и-мэйл хаягийг сэргээж байж бид шинэ аиди нууц үгийг авах ёстой юм байна гэж хэлсэн. Үүний дагуу захирал Пүрэвсүрэнд мэдэгдэж тэр хүний и-мэйл хаягийг миний компьютер дээр сэргээлгэж өгсөн. Э бид хоёр хамт суугаад шинээр ирсэн и-мэйл хаягийг харсан. Программыг суулгах талаар би сайн мэдэхгүй байсан тул Э-аар заалгуулсан. Би ажлаа хүлээж авахдаа энэ гүйлгээний талаар мэдлэг байхгүй, туршлага дутуу гэдгээ хэлж байсан. Захирал намайг мэдэхгүй зүйлээ Э-аас асуу гэдэг чиглэл өгч байсан болохоор л би энэ хүнтэй хамтарч ажилласан. Харилцагчийн маржин арилжаанд яаж оролцож байгааг би шууд хянах боломжгүй. Данс байнга зөрүүтэй байдаг. Зөрүү 100 мянган доллар давахад л Э нь Мөнхсүрэн захиралд болсон явдлыг хэлсэн байсан” гэжээ. 150 мянган доллар нь тухайн үеийн ханшаар 285 сая төгрөг болжээ. Ийм хэрэг гарахад банкны дотоод хяналт сул байсан нь нэрмээс болжээ. Бүхэл бүтэн банкинд маржин арилжааг мэдэх ажилтан хуруу дарам цөөхөн байдаг аж. Их хэмжээний гадаад валютаар  хийгддэг арилжааг туршлагагүй ажилтанд даалгаж орхиод зөнд нь шахуу хаясан байна.
 
 
NUUTS.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл