АТМ-ийн татаас хэзээ буурах вэ?
Арилжааны банкуудын зээл, бэлэн мөнгөний машины шимтгэл хохироож байсан гэсэн иргэдийн гомдлоор ШӨХТГ-аас Монголбанктай хамтран өнгөрсөн онд шалгалт хийсэн юм. Шалгалтаар зээлийн шимтгэлийн хувьд банкуудын зээлийн хүү харилцан адилгүй байгааг тогтоосон. ШӨХТГ-ынхан арилжааны банкуудыг зээлийн хүүгээс болон АТМ-ээр үйлчлүүлснийхээ төлөө иргэдээс шимтгэл авах ёсгүй гэж үзсэн. Шийдвэрийн мөрөөр өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар тус банкны үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцлийг шинэчилж, бэлэн мөнгөний машины шимтгэлийг бууруулсан билээ. Тодруулбал, АТМ-ээс бэлэн мөнгө авахад 100 төгрөгийн шимтгэл авдаг байсныг 40 төгрөг, АТМ-ээр дансны үлдэгдэл шалгахад авдаг 50 төгрөгийг 10 төгрөг болгосон. Мөн банк хоорондын их дүнтэй гүйлгээний хураамж 300, бага дүнтэй нь 180 төгрөг боллоо гэж тухайн үед албаныхан олон нийтэд мэдээлж байв. Гэвч гурван сар орчмын хугацаа өнгөрөхөд уг шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна. Өчигдрийн байдлаар л гэхэд арилжааны хэд, хэдэн банкы бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан иргэд 100 төгрөгийн хураамж төлсөөр байв. Мөн банк хоорондын гүйлгээний шимтгэл ч буураагүй байгаад иргэд бухимдаж байлаа. Банкууд тушаалыг хүлээж авснаас хойш дотоодынхоо дүрэм, журамд өөрчлөлт оруулна гэж тухайн үед тайлбарлаж байсан. Тэгвэл тэд хэзээ өөрчлөлт оруулж, иргэдээс авах татаасаа багасгах нь тодорхойгүй байна.
Б.ЗАЯА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин