ШИНЖЭЭЧ Б.ЛАМЧИН, Ө.ШААРИЙБУУ НАР ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫГ СОГТУУ ГЭЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ

0

 

Шүүхийн шинжээч нарын санаатай гэмээр буруу зөрүү дүгнэлтээс болоод бөөн хохирол амсаж
суугаа хүн цөөнгүй. Ялангуяа зам тээврийн ослоор бурхан болоочдыг  шинжээч нар болж л өгвөл өнөөх лайтай архинаас болоод амь насаа алдсан мэт худал дүгнэлтээр гөрдөж ар гэрийнхнийг нь бухимдуулж байна. Зам тээврийн осол Монголд ямар мундах биш. Хоногт хоёроос гурван хүн нормтой юм шиг осолд өртөн тэнгэрт халин одно. Тэр тоолонд шинжээч нар худал дүгнэлтээр гэмт этгээдэд үйлчилж хэдэн төгрөг салгахыг хичээнэ. Өнгөрсөн долоодугаар сараас хойш иймэрхүү зовлон дундуур туучиж буй бичээч би бээр саяхан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчин, Багануур дүүргийн шинжээч эмч Ө.Шаарийбуу  нарын илэрхий хууль бус дүгэлтийг олж үзээд бараг л муужирч унахаа шахав. Тэд арай дэндүү эрээ цээргүй гүжирджээ. Тэгээд арга буюу хууль ханалтын байгууллага болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргалд хандахаар шийдэв.

Энэ удаа уншигч та бүхэндээ бригадын генерал Д.Батжаргалд илгээсэн гомдолын бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Жил бүрийн судалгаагаар хууль хяналтын хүрээнийхний авлигын түвшин буурахгүй байдаг нь шүүхийн шинжээч нартай нэлээд холбоотой бололтой. Иймээс бусдад сургамжтай, санаа авууштай байх үүднээс зам тээврийн осол болоод шинжээч нарын талаар дараа дэлгэрэнгүй цуврал  нийтлэлээ заавал бичнэ ээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

 

                       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал,

                                           бригадын генерал Д.Батжаргал танаа

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                       Улаанбаатар хот

                         Шинжээчдийн хуурамч дүгнэлтийн талаар гомдол гаргах нь

Миний хүү О.Ууганбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу ээж Ч.Оюунцэцэг, эхнэр Ж.Цэрмаа, хүү У.Мөнх-Идэр, У.Мөнх-Очир нарын хамт  өөрийнхөө 36-39 УБӨ дугаартай Приус20 маркийн машинаар зорчиж явахад нь /Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт буюу Улаанбаатар-Хэнтий  аймгийн чиглэлийн төв магистрал замын 165 тоот  километрийн заалт бүхий тэмдэгтээс  зүүн зүгт 103 метр зайд/ өөдөөс нь Б.Цэлмэг гэгч этгээд 03-02 УНО дугаартай Т.Хайландер маркийн машинаараа хурд хэтрүүлэн,  урсгал сөрж мөргөснийулмаас миний эхнэр Ч.Оюунцэцэг, ач хүү У.Мөнх-Очир нар харамсалтайгаар амь насаа алдаж, хүү О.Ууганбаяр,  түүний эхнэр Ж.Цэрмаа нар хүнд, ач хүү У.Мөнх-Идэр хөнгөн гэмтсэн эрүүгийн гэмт хэрэг гарсан юм.

Тухайн үед хэргийн газарт Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Өлзийбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Б.Наранбаяр нарын бие бүрэлдэхүүн  очин ажиллаж, анхны үзлэг шалгалт, эмнэлгийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан байсан. Тэр үед цагдаагийн ажилтнууд болон жирийн иргэд, яаралтай тусламж үзүүлсэн эмнэлэгийн ажилтнууд Ч.Оюунцэцэг, О.Ууганбаяр нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсныг гэрчилдэг.

Дээрх гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Багануур дүүргийн шинжилгээний албаны шинжээч эмч Ө.Шаарийбуу нь өөрийн ухамсарт амьдралын туршид архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэж байгаагүй, тухайн осол гарсан өдөр ч архи, согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн цогцост 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр задлан шинжилгээ хийж, нэмэлт шинжилгээнд түүний биеэс цус, ходоод, эд эрхтнээс нь дээжийг авч мөн сарын 25-ны өдөр ШШҮХ-д илгээсэн байсан бөгөөд тус хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь  2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дээжийг хүлээн авч маргааш өдөр нь  буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн шинжээч эмч Ө.Шаарийбуу нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр задлан шинжилгээний дүгнэлтиийг гаргасан болохыг хэргийн материалтай танилцахдаа мэдсэн юм.

ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин нь миний эхнэр, талийгаач Ч.Оюунцэцэгийн биеэс авсан цус, ходоодны шингэний дээж, мөн архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан миний хүү О.Ууганбаярын биеэс авсан цусны дээжийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч маргааш өдөр нь  буюу 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цусанд химийн шинжилгээ хийж талийгаачийн цуснаас авсан  дээжээс  0.8 промилли, ходоодны шингэнээс 1.0 промиллийн спиртийн агууламж илэрсэн, миний хүү О.Ууганбаярын цуснаас 2.4 промилийн спиртийн агууламж илэрсэн мэтээр бодит байдалд илтэд нийцэхгүй, үндэслэлгүй, илэрхий худал дүгнэлт гаргасанд хохирогчид бид туйлын гомдолтойбайна. Тэр өглөө 9 цаг 30 минутын үед гэрээсээ эрүүл саруулаар аян замд гараад тухайн өдрийнхөө 13 цагийн орчимд осолд өртсөн ээж хүү хоёр хоёулаа архи уучихаад, хүү нь машинаа жолоодоод явж байсан гэвэл тэрүүн шиг худлаа юм үгүй, тэд тийм ёс зүйгүй, хариуцлагагүй иргэд биш, хууль дүрмээ ямагт сахин биелүүлдэг хүмүүс гэдгийг хавь ойрынх нь бүх хүн сайн мэднэ.

Шинжээч Ө.Шаарийбуу нь Ч.Оюунцэцэгийн цогцост эсийн шинжилгээ хийгдсэн эсэх нь тодорхойгүй байхад задлан шинжилгээ хийсэн дүгнэлтийг үйлдэж,  шинжээч Б.Ламчин нь мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Шинжилгээ хийх шинжээч томилсон” тогтоолд заасан хэдэн хувийн согтолттой байсан талаарх асуултад үл хариулж, О.Ууганбаярын овог, регистрийн дугаар, хаяг, цусны бүлгийг тодорхойлохгүйгээр  шинжээчийн дүгнэлтийг дутуу, санаатайгаар худал гаргасан нь  Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шинжээч Б.Ламчин нь "Шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журам”-ын 6.1-д заасан "Шинж чанараа алдаж, шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь санд авч архивласан биологийн гаралтай объект /цус, үрийн шингэн, шүлс, шээс, ходоодны агууламж, үс, хумс, яс, эд эсийн хэсэг/-ыг устгаж болно” гэсэн заалтыг зөрчиж О.Ууганбаярын тухайн үеийн цусны дээжийг архивлалгүйгээр санаатайгаар устган, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  14.1.2, 14.1.6, 15.1.6,18.1.8 зэрэг заалт, Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмын 3.5.5, 3.7.1 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Эдгээр байдлаас харахад шинжээч Б.Ламчин, Ө.Шаарийбуу нар нь ажилдаа хайнга хандаснаас гадна албан тушаалаа урвуулан, бусдын нөлөөнд автаж шинжилгээний дээжийг өөрчилж, худал дүгнэлт гаргасан байж болзошгүй юм.

Хэдийгээр шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин нарын хариуцлагагүй ажиллагаа нь  ШШҮХ-ийн захирал таны хөндлөнгөөс оролцох асуудал хараахан биш ч гэсэн "хараат бус шинжээч” нэрийн дор авлига, ашиг сонирхолын хэрэг зөрчлийн хэлбэрүүд шүүхийн шинжээч нарын хүрээнд  ийнхүү ил цагаандаа гарсны нэг бодит жишээ хэмээн хохирогчид бид сэтгэл эмзэглэн энэхүү гомдолын бичгийг таньд хүргүүлж байна.

Эрүүгийн 201623000204 дугаар бүхий хэргийг шалгах явцад илэрсэн шинжээч нарын  тэдгээр хуурамч дүгнэлттэй холбогдуулан та шүүхийн шинжээчдийн талаарх иргэдийн гомдолуудыг нэгтгэн, бодитой судалгаа дүгнэлт хийж, илэрхий хуурамч дүгнэлт гарган иргэдийг бухимдуулж, хохироож буй ажилтнуудад тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг чангатган, цаашид ийм төрлийн хэрэг зөрчлийг бүрэн таслан зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүсч байна.

Шинжээчдийн хуурамч дүгнэлтийн талаарх гомдолоо бид  хууль хяналтын байгууллагуудад  хүргүүлэн үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Жич: Есөн хуудас баримт хавсаргав.

 ГОМДОЛ ГАРГАСАН:

 ХОХИРОГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ, ХОХИРОГЧ ИРГЭН                                       Б.ОТГОНБАЯР

 ШИНЖЭЭЧ Б.ЛАМЧИН, Ө.ШААРИЙБУУ НАР ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫГ СОГТУУ ГЭЖ ХУДАЛ ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.