Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)

0

 

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)

 

Бичигтийн боомт дээр үлдсэн 400 гаруй адуу

Түрүүч нь №288 (5553), 289(5554) дугаарт

Шадар сайдын хилийн боомтоор адуу гаргахыг бүр мөсөн хориглосон шийдвэр гарсны дараа адууны наймаачид Бичигтийн боомт дээрээс Улаанбаатар хот руу адуугаа ачиж эхэлсэн юм. Хүчтэй салхи гарахад л үсрээд ойчмоор болтлоо сэнсэрч, турж, эцэж, яс нь горзойсон адуунуудыг 890 километр замд тээвэрлэж, хот хүргэх гэнэ. Замдаа ачилтын ая дан даахгүй хэд нь үхээд очих нь тодорхойгүй юм. Адуу ачиж байгаа залуус "Яс арьс болж хэрзийсэн, хэлхээтэй хэдэн ясыг улсын хилээр нь гаргадаггүй бол үнэтэй мах килограммаар нь авч иддэг хотынхонд өгөөд хэдэн төгрөг болгоно доо. Бүр болохгүй бол хиамны үйлдвэрүүдэд тараагаад өгнө. Булаацалдаад л авна ш дээ” гээд л хоорондоо инээлдэх. Машины тэвшин дээр өөрөө харайгаад гарах нэг ч адуу байсангүй. Бүгд л хөлөө дааж ядан дэнчигнэж, арай л гэж гарах аж. Бүр зарим нь хамраараа газар шаагаад унах. Унасныг нь өргөөд босгохын оронд өшигчиж харагдана. "Энэ хэдэн адуу ямар миний эд хөрөнгө биш. Хилийн боомт дээр амьд авчирсан л бол миний үүрэг гүйцэж байгаа нь тэр. Хөлдөөд үхнэ үү, өлдөөд үхнэ үү, надад ямар хамаа байна” гэх жолооч нарын үгс чих мултармаар хахир дуулдана. Ченжүүд "Хятадууд ямар адууны өөх идэж чадах биш. Том жижиг, тарган туранхай гэж гоочлох ч биш. Тэвшин дээрээ хүлээтэй л хэвтэж байг. Бүгд үхчих юм бол бөөнөөрөө хэл ам хийж байгаад тэр У.Хүрэлсүх сайдаас нь мөнгө авна” гэх утга бүхий зүйлс ярьж байсныг хэлэх хүн ч цөөнгүй байна. Тэдэнд адууны ачилтын хөлс, боомт дээр хонож байгаа илүү цагийнхаа мөнгийг л авч байвал адуу хөлдөж, өлдөж тарчилж үхэх нь огт хамаагүй бололтой. Нэг илүү хөдөлгөөн хийхээс залхуурч, дулаан гэрт биеэ оторлоод хэвтээд байсан аж. Түүнээс амьд амьтан хөхөө өвлийн хүйтэнд өвс, тэжээлгүй 20 хоноход үхэж үрэгдэнэ гэдгийг бүгд мэдэж байсан. Амьтныг хайрлан энэрэх зөөлөн сэтгэл тэнд байсан хүмүүсийн хэнээс нь ч гараагүй нь харамсалтай.

Хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх адуу хилээр гаргахгүй хэмээн тодорхойгүй хугацаагаар хорьсон шийдвэрээ нэг мөр сунгаагүй байсан бол 1200 гаруй адуу бүгд боомт орчимд өлбөрч үхэхгүй байсан нь тодорхой. Монголчууд хэдэн үеэрээ малынхаа буянд өнөөдөртэй золгож, ашиг шимийг нь хүртэж яваа ард түмэн. Тэгсэн мөртлөө малдаа хайргүй, зөвхөн идэж, ашиглахаа боддог. Зун, намаржин архи, айраг, найр наадам хэсэж, зугаалж цэнгэж яваад өвөлтэй золгодог. Өвс хадлангаа олигтой ч зэхэж бэлддэггүй. Тэгээд л хотоо харлуулж, хэдэн зуугаар нь малаа өлсгөж алдаг. Энэ нь бараг хэвшил болчихсон. Үүний нэг илрэл нь Бичигтийн боомт дээрх 1000 гаруй адуунаас шуудхан харагдаж байгаа юм. Монгол малчдаас өөр малаа өлсгөж, турааж, тарчлааж үхүүлдэг ард түмэн байхгүй биз ээ. Бүр амьтны эрхийг хамгаалж, амьтан зовоож тарчлаасан хүмүүст хорих ял, торгуулийн арга хэмжээ авдаг газар ч олон.

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)

 

Сүхбаатар аймгийн ажлын хэсгийнхэн сэг зэмийг нүхэнд булж ариутгалын бодис цацаж байлаа

ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ҮХСЭН73 АДУУНЫ СЭГ ЗЭМИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД УСТГАЛД ОРУУЛЧИХЛАА

Машины дуу энд тэдгүй хадаж, хар утаа яндангаар нь олгойдсоор 20 гаруй машин ар араасаа цувран хөдөллөө. Мөн адуу ачсан машин хөдлөхтэй зэрэгцээд Сүхбаатар аймгаас Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн ирж таарав. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, малын эмч ажлын хэсэгт багтжээ. Тэд У.Хүрэлсүх сайдын гаргасан шийдвэрийг биелүүлж, хяналт тавихаар иржээ. Мөн боомтын ойролцоо байгаа адууны сэг зэмийг булах ажилтай юм байна. Сүхбаатар аймгаас ирсэн ажлын хэсгийнхэн боомтын ар талын жалганд байгаа 70 гаруй адууны сэг зэмийг портерт ачиж, хогийн жалганд аваачиж байлаа. Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Г.Ариунболдтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Ажлын хэсгийг Бичигт боомт дээр ирэх үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Анх арваннэгдүгээр сарын эхээр хилээр адуу гарахыг хориглох үед 500 гаруй адуу боомт дээр байсан. Ингээд ар араасаа цувран ирсээр байгаад 1300 орчим адуу болсон. Эрдэнэцагаан сумын цагдаа нар энэ сарын 6-нд ирээд амьд адууг ачиж буцааж эхэлсэн. 800 гаруй адууг ачиж явуулаад байна. Үлдсэн 400 гаруй адууг нь удахгүй хот руу явуулах байх. Бид хилийн боомт хавиар байгаа сэг зэмийг цуглуулсан. Ингээд төвлөрсөн хогийн цэгийн буланд шинээр нүх ухаж сэг зэмийг нь хийгээд тусгай ариутгалын бодис цацаж, халдваргүйжүүлэлт хийгээд булж байна.

-Одоогоор хэчнээн адууны сэг зэм булаад байна вэ?

-Анх биднийг энд ирэх гэж байхад 40 гаруй адуу үхсэн гэх мэдээлэл ирсэн. Бид өлдөж, хөлдөж үхсэн 73 адууны сэг зэмийг эхний ээлжинд устгалд оруулаад байгаа. Хавар цаг агаар дулаарахаар бид дахин халдваргүйжүүлэлт ариутгал хийнэ гэв.

Хилийн боомт дээр ажилгүй залуус олон байдаг аж. Тэд турж үхсэн адууны ширийг өвчиж, хилээр гаргаж ширхэг бүрийг 60 мянган төгрөгөөр урд хөршийн ченжүүдэд өгчээ. Адуу үхээд эхлэхээр ширийг нь авах гэсэн залуус портертой давхиж ирдэг болжээ. Өглөө, оройд жолооч нарт архи авчирч өгч, үхсэн адууг нь ачиж аваад явдаг байна. Ингээд хашаанаас 300 метр хүрэхгүй жалганд аваачиж, өвчиж авахаа авчихаад явчихдаг гэнэ.

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)


Үхсэн адуугаа жолооч нар зам дээр хаясан байв

Бичигтийн боомт дээр өнгөрсөн өдрүүдэд хоёр асуудал илүүтэй яригдаж байв. Нэг нь монгол адуугаа БНХАУ руу амьдаар нь гаргаж байгаа нь буруу. Нөгөөх нь "Дэлхийд монгол махаа гаргаж, малчдынхаа амьжиргааны түвшинг нэмэгдүүлнэ гэж УИХ-ын гишүүд болгон ярьдаг. Тэгсэн мөртлөө адуу гаргаад эхлэхээр хориг тавьж байгаа нь буруу. У.Хүрэлсүх ямар ч судалгаагүйгээр худлаа ярьж байгаа хүмүүсийн үгэнд ороод ийм шийдвэр гаргачихаж байна” хэмээн ярих хүн ч олон байна.

БНХАУ-ын адуу худалдаж авч байгаа газрууд хүний санаанд оромгүй үйлдэл гаргадаг. Монгол адууны шөрмөсийг тасалж, нүдийг нь сохолж байгаад нядалгаанд оруулдаг гэв. Энэ талаар Г.Батмягмар гэх жолоочоос асууж тодрууллаа.

-БНХАУ-ын адуу нядалгааны газар монгол адууг тамладаг гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдэх үү?

-Мэдэлгүй яах вэ. Хэдэн ч удаа БНХАУ-ын хил давж, адуу нядалгааны газарт очсон. Анх хараад сэтгэл эмзэглээд хэцүү байсан. Одоо ч дасаж байна даа. Хятадууд адуутай ямар ноцолдож чадах биш. Чих нь хөдлөхөөр айгаад зугтаадаг нь олон. Тэгээд нүдийг нь сохолж, шөрмөсийг нь таслах арга хэрэглэдэг болсон юм гэсэн. Машины тэвшин дээрээс буулгахдаа нэг талынх нь хаалтыг шууд буулгана. Ингээд нөгөө талаас шовх үзүүртэй шилбүүр шиг урт төмрөөр хатгаад хүчээр буулгачихдаг. Үүнийхээ дараа шууд нүд рүү нь сохолдог бодис цацчихдаг. Тэр дороо л нүд нь сохорчихдог юм байна. Үүнийхээ дараа хөлийнх нь шөрмөсийг таслаад нядалгааны цех рүүгээ оруулдаг юм байна лээ. Хятадууд ийм л арга хэрэглэж адуу нядалдаг гэсэн. Харин мах, гэдэс зэргийг нь дэлхийн стандартын дагуу янзалж бэлтгээд, ясыг нь үйрүүлээд кальци, эм бэлдмэл хийдэг гэсэн.

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)

-Хятадууд монгол адууг машинаар дайрч байгаа бичлэг цахим ертөнцөд тавигдсан байна лээ. Хятадууд үнэхээр тэгж зугаагаа гаргаж байгаа юм уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Хятад хүмүүс дунд адуунд ойртож чадахаасаа чадахгүй нь олон. Айж зугтаад л бээвийгээд хэцүү л харагддаг юм билээ. Хятад улсад монгол адууны мах маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгсэн мөртлөө туранхай адуу бидэнд хэрэгтэй гээд байдаг юм. Уг нь Монголдоо стандартад нийцсэн нядалгааны газартай болчих юм бол махыг нь худалдаж аваад байж болно. Ийм үйлдвэр оруулаад хөрөнгө оруулалт хийхэд асуудал байхгүй гэж манай компанийн захиралд хятадууд санал тавьсан гэсэн гэв.

Яс, арьс болтлоо турсан мянган адуу нийслэлчүүдийн энэ өвлийн хоол хүнс болох гэнэ. Турж, эцсэн адуу тэжээгээд ямар ч нэмэргүй байдаг. Нэгэнт муудсан мал огт сэхэл авахгүй байсаар үхчихдэг. Тиймээс нядалгаанд оруулахаас өөр ямар ч сонголтгүй болжээ. Молор эрдэнэ болсон адуугаа сэтгэл муутай хэдэн залуус ингэж л 20 гаруй хоног тарчлааж, зовоосон байна. Биднийг нийслэл хот руу хөдлөх гэж байхад 400 гаруй адуу Бичигтийн хилийн боомт дээр үлдсэн юм. Эзэд нь хилийн шугамын ойролцоо бэлчээрт гаргасан байв. Ихэнх адууны хөл доголжээ. Мотоцикльтой туухаар бүгд догонцоод явж чадахгүй юм. Тууж байгаа адуунаас хоцорсон гүүг шилбүүрээр тас хийтэл ороолгож, хашгирч гуугчин байв. Бичигтийн боомтоос бид Эрдэнэцагаан сум руу нар жаргаж, бүрий болсон байхад хөдөллөө. Хэсэг явж байгаад л үхсэн адууны сэг зэмтэй таарах аж. Өдөр хот руу хөдөлсөн жолооч нар л үхсэнийг нь гээгээд одсон бололтой. 800 километр газар туулаад очиход хэд нь үхэж, үрэгдэж очих бол. Уг нь бидний өвөг дээдэс монгол адуугаар дэлхийн талыг эзэлж байсан буурал түүхийн шастиртай ард түмэн юмсан.

1961 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Вьетнам руу тусламжийн агтанд явуулсан адуунаас хар хүрэн азарга БНХАУ-ыг хөндлөн туулан хоёр жилийн дараа буюу 1963 онд нутагтаа гүйж ирсэн байдаг. Хар азаргыг нутагтаа ирэхэд нь дөрвөн туурай нь мултарчихсан байсан гэх өрөвдөм, гайхан биширмээр түүх байдаг. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуу цэвдэг сэтгэлтэй монголчуудын гар дор даанч харамсалтайгаар тарчилсаар хөлдөж, өлдөж тарчилсаар үхжээ. Үлдсэнд нь ч амьд үлдэх сонголт байсангүй.

Э.Хүрэлбаатар

Өдрийн сонин

Эх сурвалж: www.TODAY.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.