Найзынхаа хамрыг тасдаж идсэн этгээдийг шүүж байна
Өнөөдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд согтуурсан үедээ найзынхаа хамрыг тас хазаж идсэн хэрэг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байна. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа тааралдан тэврэн мэндэлж, согтууруулах ундааны зүйл хэт их хэрэглэсэн байсны улмаас хамрыг нь тас хазан зажилж идсэн хэрэг үйлдсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар, хохирогч Э нь тухайн үед "Миний хамрыг эргүүлээд өгчих л дөө” хэмээн гуйсан ч өнөөх найз нь нүдэн дээр нь зажлан идсэн байна.
Хохирогч иргэн Э нь хагалгаанд орох гэсэн боловч эмч нарын зүгээс өөрийн хамар байхгүй учраас залгаж оёх боломжгүй. Харин Солонгос улсад хиймэл хамар хийлгэх хагалгаа хийлгэх санал тавьсан байна. Энэхүү хагалгааны төлбөр нийтдээ 100 сая орчим төгрөг болох аж. Уг хэргийг үйлдсэн Төв аймгийн харъяат иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1-д заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүж байгаа аж. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол түүнд 5-8 жилийн хорих ял оноох юм байна.
У.УРАНЦЭЦЭГ
Сэтгэгдэл байхгүй байна.