Б.Энэрэл ээжийгээ, эмээгээ, эх орон, элгэн саднаа нүдэндээ харж, сэтгэлдээ бодож дуулдаг

0

/Энэрэл хүү тулааны урлагийн багштайгаа/

Сүүлийн үед цахим сүлжээгээр МУГЖ С.Батсүхийн дуунуудыг тунчиг эвлэгхэн хэрнээ яг л хуулбарласан мэт адилхан дуулж түмэн олны хайрыг татаж, хүндлэлийг хүлээгээд байгаа хөөрхөн хүү Б.Энэрэл болон эмээтэй нь уулзаж ярилцлаа/Ээжийнхээ төрсөн эгчийг багаасаа эмээ гэж хэлж сурчээ/. Тэрбээр 2011 оны 7 сарын7-нд төрсөн бөгөөд өдгөө 5 настай гэхэд дэндүү хэвлүүхэн, хэрсүү ухаалаг хүү. Түүнд "таримал биш төрмөл авьяас заяасан юм билээ” гэж урлагийн том акулууд шагшиж магтаж байна. Дууг урлаж, шаглаж, уянгалуулна, ухааруулна гэж янзын шүү.

Тиймээс түүний дууг сонссон сонсогч фенүүд нь "Бяцхан С.Батсүх” хэмээн нэрийдэн өхөөрджээ. Бас болоогүй ээ, гавьяаттай нэг нутаг бөгөөд эмээ өвөө, ээж, эгч нар Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул иргэд гэнэ шүү.

Б.Энэрэл хүү сонсогчдын эртний танил гэдгийг нь эчнээ мэднэ дээ. Хоёр настайгаасаа эхлэн Hitone-д Вандан, Дуламсүрэн хоёрын "Ижил заяа” дуугаа бичүүлж урлагийн карьераа эхлүүлсэн адтай жаал. Түүнээс хойш олон дуу дуулжээ. Бүр багаасаа гавьяатын дууг сонсч, мэдэрч, бүр үйл хөдлөлийг нь даган дуурайж дуулахаас гадна, гавьяатыг хүндэлж хайрлаж, биширч явдаг тухайгаа хуучлав.

Түүний бас нэгэн бичлэг нь цахим сүлжээнд "од” болсон доо. Шарга өнгийн дээлээр гоёсон хөөрхөн монгол хүү телевизийн нэвтрүүлэгт ороод хөтлөгчдийг хэлэх үггүй болтол байдалд оруулсан. Яагаав нөгөө "Та нарын ам чилэхгүй байна уу” гэж асуусан бичлэгийг олон мянган хүн өхөөрдөж шэйр хийсэн байсандаа. Тэр хүү чинь Б.Энэрэл шүү дээ. Тийм л адтай хэвлүүхэн бас ухаалаг хүү юм. Бас болоогүй ээ, энэ сарын 18-нд эр цэргийн баярыг угтсан "Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан дээр очиж ая дуугаа өргөсөн нь МNC телевизээр гарч байна билээ.

Цагаан сарын өмнө "Орчлонг хайрлаарай”, "Ухаарал” зэрэг дуунуудыг дуулж олон хүний сэтгэлийг уярааж, дотрыг нь урж уйлуулж, ухааруулж чадсан. Алс холын АНУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд ютүүбэд тавигдсан Б.Энэрэлийн "Ухаарал” дууг сонсоод ээж ааваа, элгэн саднаа санаж мэлмэрүүлсэн тухайгаа "Энэрэл хүү бидний зүрх сэтгэлийг урлаа шүү дээ. Ёстой л уран бүтээлээрээ бидний толгойг тоншоод авлаа. Ээж аавтайгаа ярих ч завгүй явдаг байлаа. Одоо байнга ярьж байна аа” гэсэн утгатай коментуудыг дууных нь дор бичсэн харагдана билээ. Түүнчлэн ӨМӨЗО-д Б.Энэрэл хүүгийн дуулсан дуу бүхэн ихэд түгжээ. Дууг нь сонссон хүн бүр түүнийг өхөөрдөж "Ирээдүйд Армонголоос нэртэй гавьяат төрөх нь тодорхой юм байна. Яг л жижиг С.Батсүх байна. Гавьяатын ач гэсэн үү, эсвэл гавьяатын хэнз хүүхэд юмуу” гэсэн асуултууд, ар араасаа хөвөрсөн нь ч бас харагдав.

Хоёр хоногийн өмнө С.Батсүх гавьяатын "Хаан заяатай орчлон” дууны хоолойны бичлэгт орсон. Хүүтэй уулзаж ярилцлага хийхээр багагүй хугацаанд хөөцөлдсөн юм. Харин уржигдар хүүгийн багш руу залгатал "Одоо студи дээр бичлэгт орж байна” гэхээр шууд явж очсон юм.

Яг студид ортол "Эхийн сэтгэл үрээ голоод ээдэхийг үзээгүй ээ” гээд цангитал дуулсан нь сонсогдов. "Дууных нь хөгжмийн найруулгыг засч янзалж байгаа юмаа” гэж хүүгийн эмээ сонирхуулан ярьсан бол багш нь "Миний хүү дуулж байхдаа жижиг алдаа гаргасан ч түүнийгээ мэдэгдэлгүй засаад аваад гарчихдаг авууштай чанар олон бий. Дуу шүлгийг нэг удаа сонсоод л цээжилчихдэг. Хөгжмөө маш сайн мэдэрдэг. Ер нь алдаа гаргадаггүй айхтар хүүхэд байгаа юм” хэмээн магтав.

Хүнлэг энэрэнгүй, хүнийг хайрлах, хүндлэх, мэндлэх эрдмийг багаасаа олж авсан түүний хүмүүжлийг биширч гайхаж суулаа. Хэлж ярьж байгаа бүхэн нь хэвлүүхэн хийж байгаа үйлдэл бүхэн нь хариуцлагатай мундаг хүү юм.  Гэтэл өнөөдрийн таван настай хүүхдүүд ээж аавдаа эрхлэж, үймүүлж жинхэнэ дайсны цэрэг, дүрсгүй жаалууд байгаа нь үнэн биз дээ. Тэгвэл Б.Энэрэл тийм хүүхэд биш, хэзээний том хүн шиг яриа хөөрөөтэй хэвлүүхэн гэдгийг онцолмоор санагдав. Түүний суурь хүмүүжилд Кэндо их нөлөөлсөн гэнэ. Хоёр настайгаасаа эхлэн Японы тулааны урлагаар "Чоно кэндо” клубийн багш Д.Ганзоригийн удирдлага дор хичээллэсэн байна. Түүнчлэн Б.Энэрэл хүүд анх дуу дуулах суурийг нь мөн ахмад хүнийг хайрлах хүндлэх, тэсвэр тэвчээртэй байх, буруу зүйл хийж болохгүй гээд бүх зүйлийг зааж сургаж өгчээ.

Урлаг уран сайхны талаар санаа оноогоо гавьяаттай ярилцаад суух дуртай гэнэ шүү. Бүр багшаасааа "Орчлонг хайрлаарай” дууны үгийг олон удаа онцолж давтан "Заяаны амрагаа гэх юмуу, залуухан амрагаа гэж дуулах юмуу багшаа” гэж асуужээ. Тийм л няхуур нямбай хүү аж.

Дуундаа орж, дуугаа гайхалтай мэдэрч чаддаг. Эхийн тухай дуулахдаа төрүүлсэн ээжийгээ, өсгөсөн эмээгээ бодож дуулдаг бол байгаль дэлхий, уул ус, ургамал ан амьтны тухай дуулахдаа нүдэндээ яг л тэднийгээ төсөөлж бодож дуулдаг гэнэ.

Б.Энэрэлд ер бусын олон чанар бий. Тэрбээр амьтай болгоныг ариглан гамнаж, амьтан болгоныг эвийлэн хайрладаг бурханлаг хүү юм. Алс хол хүний нутагт ажиллаж байгаа ачлалт ээждээ зориулж Гандан гарч ном уншуулдаг гэсэн. Мөн эмээ, эгчдээ амьтан хорхойг хайрлаж, өрөвдөж, хооллож байхыг үргэлж сануулдаг гэнэ шүү. Өөрөө өхөөрдөм жаахан байж шувуу нохой хооллож, амьтны үр төлийг ихэд хайрлаж өрөвддөг, өрөвч хүү гэдгийг эмээ нь онцолсон юм.

Б.Энэрэл хүү харааны бэрхшээлтэй. Төрөлхийн хараагүй төрсөн ч нэг нас гараад л ид шидийн мэт хараа орж юмыг бүдэг бадаг хардаг болжээ. Энэ байдлыг нь эмч нарт хэлэхэд "Ид шид байх. Манай шинжлэх ухаанд харааны хомсдолтой төрсөн хүүхэд гэнэт хараа орж байсан тохиолдол байхгүй” гэжээ. Одоо хараагаа бүр сайжруулахын тулд 6 настайгаас нь өмнө хагалгаанд оруулвал сайн байдаг гэж мэргэжлийн эмч нар зөвлөжээ. Тиймээс удахгүй Энэтхэгт хагалгаанд оруулахаар ярилцаж байгаа аж.

Ингээд урын сандаа олон дуутай, ундарга нь шавхагдашгүй авьяастай хүү Б.Энэрэлтэй ярилцлаа.

Б.Энэрэл:Насаараа л дуулж байна даа

-Миний дүү "Хаан заяатай орчлонг” дууг ямар гоё дуулаа вэ. Хэр санагдав?

-Баярлалаа. Сая "Хаан заяатай орчлонг” дуулж хоолойны бичлэгт орлоо. Дуу нь өөрөө гоё дуу болохоор би дуртай. Урын сандаа есөн дуутай.

-Анхны уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач. Хэдэн настайгаасаа эхэлж дуулсэн бэ?

-Анх хоёр настайдаа "Ижил заяа” дууг дуулсан. Тэрнээс хойш олон дуу дуулсан. Насаараа л дуулж байна даа. Тухайлбал, "Алсад суугаа ээж”, "Орчлонг хайрлаарай”, "Ээжтэй орчлон”, "Ээждээ очно би”, "Ухаарал”, "Бүүвэй ээж”, "Хаан заяатай орчлон”, "Үүрд хамт байгаач ээжээ”, "Дурсамж” гээд байна. Одоо гавьяат багшийнхаа "Дуут нуур” дууг сурч байна.

-Гавьяатын дууг сонгож дуулдагийн учир утга нь юу бэ. Миний дүү хэзээнээс эхэлж гавьяаттай уран бүтээлээрээ ураг барилдаж, багш шавийн барилдлагатай болов?

-Гавьяатыг дээр үеэс л сонсч дууг нь дуулж ирсэн. "Ухаарал” "Хаан заяатай орчлон”, "Бүүвэй ээж”, "Ээжтэй орчлон” гээд олон дуу нь их таалагддаг. Энэ дуунуудыг ээждээ, эмээдээ зориулж дуулсан.  Энэ жилийн цагаан сараар хандивын тоглолтод хамт оролцох боломж бүрдэж, гавьяаттай тааралдаж багш шавийн барилдлагатай болсон.

-Дуугаа дуулахдаа нүдээ анидаг нь ямар учиртай юм бол?

-Бодож бясалгаж, дууныхаа утгыг нь ойлгож дуулдаг. Дууныхаа тухай бодоод дуундаа орж дуулахыг хэлж байгаа юм. Одоо "Дуут нуур”, "Бүүвэй ээж” хоёр дуугаа сурчихна. Удахгүй Намука аниадаа зориулж "Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс” гээд дууг сурч байгаад хонхны баяраар нь бэлэг барих гээд бэлтгэл ажилдаа орсон байна.  

-"Хоёр маргаз уул” дуу Сантмаргаз сумын дуу шүү дээ. Тэр дууг чи сурсан уу?

-Би Сантмаргаз, Баяннуурын хүүхэд. Эмээ маань энэ дууг сурчихаач гэж хоёр жил гуйж байгаа юм. Гэхдээ тэр дууг сураагүй ээ, надад таалагддаггүй юм. Би ихэвчлэн ээжийн тухай дуу дуулдаг. Ээждээ, эмээдээ их хайртай шүү.   

-Тайзан дээр гараад дуулахаар айж сандардаг уу?

-Үгүй ээ, харин ч бүр илүү өөртөө итгэлтэй урам зоригтой болдог. Чанга хөгжим, тод гэрэл надад огт хамаагүй өөрийнхөөр л дуулдаг.

-Миний дүүгийн мөрөөдөл нь юу вэ?

-Миний ээжийг Ганбатын Болормаа гэдэг. Ээжийгээ л Солонгос явуулмааргүй байна. Солонгост ажилладаг юм. Гэхдээ одоо түр хугацаагаар ирчихсэн байгаа, ээжтэйгээ, эмээтэйгээ сайхан байна. Ээж эмээтэйгээ байх хамгийн гоё. Эмээ маань миний менежир хийдэг юм.

-Аль цэцэрлэгт явдаг вэ. Дууных нь багш дуу шүлэг зааж өгдөг үү. Дуугаа яаж сурдаг вэ?

-Нийслэлийн 70 дугаар цэцэрлэгт явдаг. Багш дуу шүлэг зааж өгдөг гэхдээ бага. Хөгжмийн багш үгийг нь өгөөд би өөрөө цээжилчихдэг.

-Алс хэтийн зорилго нь юу бэ?

-Мундаг дуучин болно. Дээр нь эмч мэргэжлийг хослуулна ч гэж боддог. Гэхдээ цэргийн ерөнхий сайд ч болмоор санагддаад байгаа шүү.

-Яагаад эмч болно гэж?

-Өвчтэй хүмүүсийг эмчилж эдгээнэ, тус болно. Нээрээ би удахгүй Завхан нутаг руугаа явах гэж байгаа.

-За ямар ажлаар бэ?

-Ирэх зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяраар тоглолтоо хийнэ гээд төлөвлөчихсөн.

Ийнхүү олон жил Завханы С.Батсүх гэсэн тодотголтой явж ирсэн гавьяатын араас Завханы Б.Энэрэл гэж гарч ирэх нь гарцаагүй болжээ. Б.Энэрэлийн өвөөг Ганбат гэдэг багаад Завханыхан автозавсарын Ганбат гэхээр андахгүй сайн мэднэ дээ. Гэр бүлээрээ урлагийн мэдрэмжтэй сайхан дуулчихдаг, гэр бүлийн тоглолт хийчихдэг удамтай улс аж. Энэрэлийн ээж, эмээ нь сайхан дуулдаг эгч дүүс аж.

Хүүгийн дуулсан дуу бүхэн нь хүний чих рүү биш зүрх сэтгэлд рүү ордог юм. Өөрөө ч дуугаа хийсвэрээр биш амьлуулждуулдаг. Өөрөөр хэлбэл, дотогшоогоо мэдэрч урсгадаг, уяруулдаг нэгэн. Тэрбээр гавьяатын дууг дуулахдаа эхлээд клипийг нь нэг үзчихдэг. Тэгээд бадаг бадгаар нь үйлдэл бүрийг нь дагаж хийдэг. Гавьяат уянгын халилтай уяраадаг гээд олон зүйлийг сурчээ. Дууных нь чимэг, нугалааг хүртэл яг дуурайж нүдэндээ харж, сэтгэлдээ бодож дуулдаг байна. Ямар сайндаа "Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан дээр дуулаад төгсгөл дээр нь "Өршөө” гээд хоёр гараа хавсраад залбирчээ.

Эмээ нь сандраад "Чи хаанаас ийм юм сурчихав даа” гээд асуусан чинь "Багш нэг дуун дээрээ ингэж дуулсан байна лээ” гэж хэвлүүхэн хариулжээ. Ингэж л С.Батсүх гавьяатыг судалж, сураглаж бие биенээ олсон хоёр. Гавьяат "Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг Б.Энэрэл хүү бид хоёр төөрөг тавилангаар учирсан” хэмээн ихэд бэлгэшээж байгаа гэнэ шүү.

Ингээд Завхан нутгийнхаа нэрийг гаргаж,  гавьяатын шийрийг хатаасан мундаг дуучны алдарт хүрэхийг хүсэн ерөөе Б.Энэрэл дүүдээ.   

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.