Ерөнхий сайд “Дүүриймаа”-гүй угтуулж чадсан уу?

0


 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн хэдхэн хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаад иржээ. Тун чиг үр дүнтэй ажиллаж, дээрх аймгуудад олон чухал асуудал шийдэж өгөөд ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
 
Үнэндээ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогооны төвд түргэн тусламжийн найман автомашин, 4.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий 22 нэр төрлийн 193 тоног төхөөрөмж, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн долоон автомашин хүлээлгэн өгсөн. Алтайчуудын усны асуудлыг шийдэх ажилд зарцуулагдах 50 тэрбум төгрөг Австралийн Засгийн газрын тусламжаар ойрын хоёр жилийн хугацаанд шийдэгдэхээр болсныг, Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 260 км автозамыг энэ жилдээ дуусгах шийдвэр гаргаснаа нутгийнханд дуулгасан тухай бага ярьж байна. Харин томилолтоор мордохынхоо өмнөхөн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Тэр үеэрээ "...Эхний ээлжинд Ерөнхий сайдыг орон нутагт ажиллахад хэд хэдэн жийп машин хөлөглөн аймаг, сумынхаа хилийн зааг дээр угтдаг, үддэгийг өнөөдрөөс зогсоо. Аймгийнхаа төв, сумынхаа хаалган дээр цомхон бүрэлдэхүүнтэй зохион байгуулахад болохгүй зүйл байхгүй. Энэ нь зочдоо угтах, үдэх ёсоо үгүйсгэж байгаа юм ерөөсөө биш. Хэд хэдэн жийп хөлөглөн орон нутгийнхаа хилийн зааг хүртэл хэдэн зуун км давхиж ашиггүй зардал гаргадгийг л больё гэж байгаа юм” гэж байв.
 
Гэтэл сошиал ертөнцөөр түгсэн мэдээлэлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баруун аймгуудад ажиллахдаа "Дүүриймаа”-гаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар тосуулсан гэж байна.
 
Түүний айлчлал Баян-Өлгий аймгаас эхлэх байсан ч, тус аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсны улмаас онгоц газардах боломжгүй болсон байдаг. Иймээс чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газарджээ. Энэ үед Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагч нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээсэн гэнэ. Түүнчлэн очсон газар бүрт нь цэрэг, цагдаа, онцгой байдлынхан жагсаж угтсан байгаа юм. Тэд нэг л төрлийн "Дүүриймаа” юм. Тиймээс түүнийг төрийн албан хаагчдад өгсөн үүрэг даалгавраа өөрөө биелүүлж, томилолтын угталт, үдэлтийг "цомхон” болгож чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байж магадгүй нь ээ.
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.