“Улаанбаатар трам” төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажлыг 4 дүгээр сараас эхэлнэ

🕐 2026/05/06

Date:





Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн ахалсан шуурхай штаб өнөөдөр /2026.03.05/ хуралдлаа. Нийслэлд тулгамдсан асуудал болох түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүч зэрэг салбарын бодлогыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой 16 мега төслийг эрчимжүүлэх ажил үе шаттай үргэлжилж байна. Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн суурь ажил болох газар чөлөөлөлтөд ажлын хэсэг голлон анхаарч буй. Тухайлбал, “Улаанбаатар трам” төслийн трасс дагуух газар чөлөөлөлтийн ажлыг 4 дүгээр сараас эхлэх бөгөөд нийт 278 нэгж талбар өртөж байна. “Туулын хурдны зам” төслийн хүрээнд 112 нэгж талбар өртсөнөөс 38-ыг нь чөлөөлсөн бол Багахангай-Хүннү чиглэлийн төмөр зам болон “Тархмал эх үүсвэр” төслийн газар чөлөөлөлт бүрэн дуусчээ. 

“Ханын материал” хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 98 хувьд хүрч, 213 нэгж талбараас 210-ыг бүрэн чөлөөлөөд байгаа бол “Сэлбэ 20 минутын хот” төслийн 2206 нэгж талбараас 2095-ыг нь чөлөөлж дууссан. Мөн тус төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүртгэл гуравдугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагт хаагдаж, оролцогчдын байлцуулан материалыг нээсэн бөгөөд нийт 15 байршилд 53 аж ахуйн нэгж санал ирүүлснээс 28 нь шаардлагын дагуу материалыг бүрдүүлсэн байна. Үнэлгээний хороо баримт бичгийн иж бүрдлийг шалгаж эхэлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг 2026 оны гуравдугаар сарын 16-нд танилцуулахаар товложээ.

Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан үнэлгээний ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин “Хүннү хот” төслийн хүрээнд 90 МВт-ын батарей хуримтлуурыг барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын таван аж ахуйн нэгж хүсэлт ирүүлснээс гурвыг нь хураангуй жагсаалтад багтаасан бөгөөд Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай төслүүдийн гүйцэтгэл, тулгамдсан асуудал болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэн, ажлын явцыг эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.


Tonshuul.mn ©. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан