Ерөнхийлөгчид өрсөлдөх нохой мөрийн хөтөлбөрөө танилцуулав
2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж буй бордер-колли үүлдрийн Люси хэмээх нохойн эзэн Бобби Кэйзер хэмээх эмэгтэй нохойныхоо сонгуулийн мөрийн хөтөлбөрийг танилцуулсан талаар "The Huffington Post” сонин мэдээлэв. Түүний хэлснээр Люси Засгийн газрын гишүүдийн тоог цөөлөх, татварыг бууруулах, иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд олгодог хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарах аж. Түүний нохой долоон жилийн өмнө Кэнтакки мужийн Рэббит Хэш хэмээх жижигхэн хотын даргын сонгуульд өрсөлдөн ялж байжээ. Энэ сонгуульд түүнээс гадна нэг хүн, нэг муур, нэг илжиг, есөн нохой өрсөлдөж байсан гэнэ. Энэ хотын дарга нь бодитой ямар ч эрх мэдэлгүй учир олон нийтийн амьдралд нөлөөлөх бололцоогүй юм. Хотын даргын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн есдүгээр сард дууссан бөгөөд үргэлжлүүлээд эзэн нь түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр шийджээ.