Алесь Беляцкий: Нобелийн шагнал намайг шоронгийн хүчирхийллээс хамгаалсан
Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналт, Алесь Беляцкий өнгөрсөн 13-ны өдөр шоронгоос суллагдсаныхаа дараа "Associated Press” агентлагт ярилцлага өгчээ. Тэрбээр "Нобелийн шагнал намайг шоронгийн бие махбодын хүчирхийллээс хамгаалсан. Одоо би эрх чөлөөнд тэмүүлж буй нутаг нэгтнүүдийнхээ төлөө улам шаргуу ажиллах болно” гэсэн байна. А.Беляцкий нь 1996 онд дарангуй дэглэмийн эсрэг "Вясна” байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд шоронд хоригдож буй улс төрийн хоригдлуудад хандив цуглуулахдаа татвараас зайлсхийсэн хэргээр 2011 онд дөрвөн жилийн ял сонсоод хоёр жил, зургаан сар хоригдоод суллагдсан юм. Гэсэн хэдий ч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Александр Лукашенко зургаа дахь удаагаа сонгогдсоны дараа эсэргүүцлийн жагсаалыг удирдан зохион байгуулсан, олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр 10 жилийн хорих ял сонссон байна. Тэрбээр хоригдож байх хугацаандаа буюу 2022 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. Түүний хоригдож байсан шорон нь хоригдлуудыг зодож дарамталдаг, хүнд хөдөлмөрт зүтгүүлдгээрээ алдартай газар байжээ. Өмнө нь түүнийг сахлаа хусаагүй гэх зэрэг өчүүхэн зөрчил гаргасан хэргээр ганцаарчлан хорьж, дур мэдэн шийтгэдэг байжээ. Улмаар түүнийг "хэт даврагч хандлагатай" гэж онцлон гэр бүлийнхэнтэй нь уулзуулдаггүй, гаднаас ирсэн захидал, эм зэргийг нь байнга хурааж авдаг байсан аж. Энэ талаар тэрбээр "Шоронд хүний нэр төрийг хэрхэн уландаа гишгэдэг, хоригдлуудтай яаж хүмүүнлэг бусаар харьцдаг тухай би маш тодорхой жишээ хэлж чадна” гэжээ. Түүний хоригдож байсан шоронд жирийн ажилчин, оюутан, цэрэг армийнхан зэрэг 20 орчим улс төрийн хоригдол байсан гэх бөгөөд А.Беляцкий цаашид Беларусийн бүх улс төрийн хоригдлыг суллуулахын төлөө тэмцэхээ мэдэгдсэн байна. Шагналынхаа тухайд тэрбээр "Энэ шагналыг надад биш, харин Беларусийн иргэний нийгэм, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөө хүсэл эрмэлзлээ илэрхийлдэг олон сая иргэнд олгосон юм” гэжээ.



Сэтгэгдэл байхгүй байна.