Алдарт найруулагч Ф.Коппола мөнгөний гачаалаас гарахын тулд бугуйн цагнуудаа заржээ
Холливүүдийн алдарт найруулагч Фрэнсис Форд Коппола бэлэн мөнгөний гачаалаас гарахын тулд долоон ширхэг бугуйн цагаа Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар борлуулжээ. Эдгээрээс хамгийн өндөр үнээр зарагдсан нь F.P.Journe FFC бөгөөд 10.8 сая долларын үнэ хүрсэн байна. Найруулагч хамгийн сүүлд хийсэн "Megalopolis” кинондоо хувиасаа 130 сая доллар зарцуулсан бөгөөд уг кино нь ашиг олж чадаагүйгээр үл барам бараг бүхэлдээ алдагдал болсон тул мөнгөний эрэлд гарсан юм. F.P.Journe FFC цагны ажиллах зарчмыг Ф.Коппола 2012 онд өөрөө бодож олон Швейцарын алдартай компанид захиалан хийлгэжээ. Жилдээ дээд тал нь 800 ширхэг бугуйн цаг үйлдвэрлэдэг F.P.Journe компани энэ цагийг бүтээхэд таван жил зарцуулсан бөгөөд 30 шахам жилийн түүхэндээ бусдын буюу захиалагчийн гаргасан санаагаар хийсэн цорын ганц цаг нь энэ гэнэ. Ердөө өнгөрөгч долоо хоногт уг цагийг дээд тал нь нэг сая долларын үнэ хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байсан боловч өчигдөр болсон дуудлага худалдаагаар 11 минутын дотор 10.8 сая доллароор зарагдав. Дуудлага худалдаанд утсаар оролцсон худалдан авагч нэрээ зарлахгүй байхыг зохион байгуулагч "Phillips” компаниас хүссэн байна. Улмаар энэ цаг дуудлага худалдаагаар F.P.Journe-ийн хамгийн өндөр үнээр зарагдсан цаг төдийгүй АНУ-д дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн цаг болж байна. Эдүгээ 86 настай Ф.Копполагийн "Breguet”, "Patek Philippe”, "Blancpain” брэндийн бусад зургаан бугуйн цаг 21 мянгаас 584 мянган долларын үнэ хүрч 934 мянган долларыг эзэндээ авчирчээ. "Оскар”-ын таван шагналын эзэн Ф.Коппола 1963 оноос киноны салбарт хөл тавьж "Загалмайлсан эцэг”, "Өнөөдрийн Апокалипс”, "Дракула”, "Коттон клаб” зэрэг олон алдартай киног найруулсан билээ.


Сэтгэгдэл байхгүй байна.