Ядуу Монгол улс баян Саудын Арабыг “дийлэв”
Олон улсын "Education First” байгууллага иргэдийнх нь англи хэлний мэдлэгийн түвшингээр дэлхийн 70 орныг эрэмбэлэхэд манай улс бараг хамгийн сүүлд буюу 64-д оржээ. Манай яг өмнө Катар улс орсон бол ард Кувейт, Ирак, Алжир, Саудын Араб, Камбож, Ливи улсууд орсон байна. Энд нэг сонин зүйл буй нь газрын тосоор баяжсан дэлхийн хамгийн баян орнуудын хоёр нь жагсаалтын сүүлд, тэр тусмаа манай ард оржээ. Иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшин нь тухайн улсын нэг хүнд ноогдох үндэсний орлого, амьдралын түвшин, интернэтэд холбогдсон байдал зэрэг үзүүлэлттэй нягт уялдаатай байдаг. Энэ харьцуулалтаар бол нэг хүнд ноогдох үндэсний орлого Монгол 8810 доллар бол Саудын Араб 53640 доллар, улсын төсөвт боловсролын зардлын эзлэх хувь Монгол 45.3 хувь, Саудын Араб 60.5 хувь, интернэтийн хэрэглээ Монгол 17.7 хувь, Саудын Араб 60.5 хувь байхад дээрх жагсаалтад Монгол 64-д орсон бол Саудын Араб 68-д оржээ. "Education First”-ийн рэйтингийг Швед улс тэргүүлсэн бол Нидерланд, Дани, Норвеги, Финлянд улсууд удаалсан байна.