Талын ганц айл буюу чөтгөр, шулмын хорлол

Тухайн киноны зарим зургийг Дундговь аймгийн нутагт авчээ. Зуны дэлгэр цаг байсан тул зураг авалт зугаатай, цэнгэлтэй байсан нь мэдээж. Амрахдаа амарч, айрагдсан шигээ байжээ. Нэг өдөр багийн ч бил үү, сумын ч бил үү бага шиг баяр тохиожээ. Киноныхон ч амарсан байна. Анчлах нь анчилж, айрагдаж, архидах нь айрагдаж, архидсан юм байх. Тал тал тийшээ таран одоцгоожээ. УДЭТ-ын найруулагч, жүжигчин Доржсамбуу тэргүүтэй жүжигчид Их газрын чулуу хэмээх байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар үзэхээр явцгаажээ. Баяр л тохиосон хойно хорхог боодог, балгах дарвих юм гаралгүй яах вэ. Ингэсхийгээд давхиж байтал ээрэм талын дунд ганц гэр цайвалзан харагдсан байна.
Талын зүйлс алган дээр мэт харагддаг болохоор юу гэж андуурах билээ. Цангаа тайлж цай уухаар зам хазайсан нь ойлгомжтой. Яваад очвол хонь малын хотгүй юм гэнэ. Малгүй айл бас байдгаа хэмээлцээд буужээ. Гэрээс нэгэн эр гарч ирээд хар, цагаан дуугүй орохыг дохисон гэдэг. Гэрт ороод эрэмбээрээ суувал говийн байдаг л нэг бор хүүхэн халуун цай самарч зогсчээ. Хар халуунд халуун цай яаж ууна даа гэсэн шүү юм бодоцгоож суутал цай ч болж хүн бүрт аягалан барьсан байна. Ёсыг бодон авч амсвал саяхан тогоондоо дэргэж байсан халуун цай цэл хүйтэн болчихсон байж. Туршлагагүй залуу хүмүүс явсан учраас уучихаад "Ямар сонин юм бэ” гэж дотроо бодоцгоон гараад давхицгаажээ. Машиндаа суугаад элдвийг ярин, болсон явдлыг гайхан хөөрөлдөх зуур ард сууж явсан жүжигчин, талийгаач Оюунцэцэг "Хүүе, нөгөө айл алга болчихож” гэжээ. Эргээд хартал үнэхээр харагдсангүй гэнэ. Бид холдоогүй, тэгээд ч талын айл хаачих билээ гээд буцаж давхин хайгаад олдоогүй юм гэнэ билээ. Тэгээд хэрэг бишидсэнийг мэдээд Их газрын чулуугаа ч орхин буцсан бөгөөд хамаагүй юм ярьж, цуу тарааж болдоггүй үе байсан учраас тэгсхийгээд хүссэн ч, эс хүссэн ч мартахаас аргагүй болжээ. Киноны зураг авалт дуусч жүжигчид хотдоо ирээд бүгд ижил өвчнөөр уван цуван нас барсныг одоо ч ярьдаг шүү дээ. Ингэж манай хоёр ч лут авьяастан болох дээрх хоёр жүжигчин хийж бүтээх ид насандаа хорвоог орхисон түүхтэй. Түүнтэй тун төсөөтэй зүйл нисгэгч, хурандаа Д.Баатарт наяад оны эхээр тохиосон байгаа юм. Ээлжийн амралтаа аваад хоёр нөхрийн хамт тарвагачлахаар тарваганы орон болох Дундговийн Үл-Олдохын талыг зорьжээ. Тарвага ч ёстой шороо шиг бужигнаж байж. Хорио тавигдсан болохоор хэдийг ч намнасан болно.

