Обама: ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлахгүй
ОХУ Минскийн гэрээг бүрэн хэрэгжүүлэх хүртэл тус улсад авсан хориг арга хэмжээг цуцлахгүй байхаар "Их-7”-гийн удирдагчид тохиролцлоо гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.
АНУ болон түүний холбоотнууд тулгамдсан хэд хэдэн асуудлаар санал нэгдээд байна гэж Обама Германд болсон дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэв.
ОХУ-ын хүчин Украины зүүн нутагт үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тус улсын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж тэрбээр мэдэгджээ.
ЕХ-ны удирдагчид энэ сарын сүүлээр уулзаж, ОХУ-д авсан хориг арга хэмжээг чангатгах эсэхийг хэлэлцэх ажээ.
Минскийн гэрээ бүрэн хэрэгжихгүй бол ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцлахгүй гэсэн шийдвэрийг Европын түнш орнууд дэмжихээ нотолсон. Энэ нь тэд долдугаар сард багтаан ОХУ-д авсан хориг арга хэмжээг чангатгана гэсэн үг юм гэж Обама мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, ОХУ-д нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа "Их-7”-гийн орнууд тодорхой болголоо гэв.
О.Мөнхдуулга