З.Энхболд: Р.Амаржаргалын зурсан гарын үсгийг буцаана
УИХ-ын гишүүн Г.Уянгын гаргасан саналын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа өгөх үү, сонгууль хүртэл засгаа удирдах уу гэдэг яриа энэ долоо хоногт эрчимтэй өрнөж эхэллээ. Одоогийн байдлаар 17 гишүүн түүний санаачилгад нэгдээд байгаа гэнэ. Үүн дунд АН-аас Р.Амаржаргал гишүүн нэгдсэн байна. Энэ талаар АН-ын дарга З.Энхболд "Р.Амаржаргал гишүүн гарын үсэг зурсан сураг байна. Хэрэв тийм бол гарын үсгийг нь буцаалгана. Бид бүлэг дээр Засгаа тогтвортой байлгах тухай ярьсан. Тиймээс намын шийдвэрийг дагах үүрэгтэй” хэмээжээ. Эргэн сануулахад энэ оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүн Г.Уянга энэхүү гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулах санал гаргасан юм.