Шиба-ину үүлдрийн Бодхи хочит нохойг эзэд нь моданы ертөнцөд эргэлт буцалтгүй оруулснаас хойш уг нохой интернэтийн жинхэнэ од болж байна. Өдгөө "сүүлтэй алдартан” эрэгтэй хувцасны хамгийн эрэлттэй моделиудын нэг болж чаджээ.
Тэгэхээр Дэвид Бекхем, Дэвид Ганди нарын араас Бодхи хочтой цоо шинэ дайчин төрж байна хэмээн Британийн "Mirror” сэтгүүлд бичжээ.
Эзэд нь шиба-ину үүлдрийн нохойндоо костюм өмсгөж, зангиа, нүдний шил зүүлгэж зургийг нь аваад интернэтэд цацсанаас хойш "Instagram”-д 146000 гаруй хэрэглэгчийг татсан байна.
Түүний эзэн 29 настай Дэйв Фунг, 27 настай Ена Ким нарын хэлснээр тэд зүгээр л зугаацах зорилгоор нохойгоо гоёсон болохоос дэлхийн алдартай брэндүүдийн анхааралд орно гэж зүүдлээ ч үгүй явсан гэнэ.
Энэ талаар Ена "Бямба гарагийн үдээс хойш бид уйдаад Бодхид эрэгтэй костюм өмсүүлж үзсэн юм. Тэгээд түүнд хувцас өмсгөж, нүдний шил зүүмэгц л тэр яг зөв байрлал авч, загвар үзүүлж эхэлсэн. Тэр яг л мистер Фокс шиг гайхалтай харагдаж байсан болохоор бид тоглоомоор зургийг нь авч "Facebook”, ” Instagram”-даа тавьсан” гэжээ.
Харин Дэйв "Анхандаа хүмүүс бид хоёрыг фотошопдож, хүний бие дээр нохойнхоо толгойг нийлүүлсэн байна гэж бодож байсан. Харин дараа нь нохойны биед хувцас нь эвгүй байгаа гэх зэргээр шүүмжилж эхэлсэн. Гэвч сүүлд нь хүмүүс ямар цамцан дээр аль зангиа нь зохих байсан зэргээр шүүмжлэл өрнүүлдэг болсон. Ингэж л бидний бодож олсон зүйл амжилттай болсныг мэдсэн дээ” хэмээсэн байна.
Дөрвөн хөлт моделийн амжилтын гараа эхэлж, "Salvatore Ferragamo”, "ASOS” зэрэг дэлхийн брэндүүд түүнтэй гэрээ байгуулсны дараа эзэд нь магнайгаа хагартал баярлацгаажээ.
Дэйв "Одоо бид нохойныхоо арын албыг хариуцдаг болсон. Тэр өдгөө хамгийн эрэлттэй, өндөр цалинтай модель болж, бид ч ажлаасаа гарч, нохойны хувцас загвар зохион бүтээлтэд анхаарлаа хандуулж эхэлсэн” хэмээн инээмсэглэн ярьж байна.
Хосууд нохойныхоо өмссөн хувцаснаас олсон орлогын тодорхой хувийг амьтан хамгаалах байгууллагад хандивлахаар төлөвлөж байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1130 сэтгэгдэл