7 сарын 1-ээс хойш хуучин гадаад паспортоор хил нэвтрүүлэхгүйг санууллаа
Сүүлийн үед манай Улсын иргэд ОХУ-руу ихээхэн зорчих болсонтой холбогдуулан тус улсын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлага тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгааг иргэд мэдэгдсэн.
Тэгвэл Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой дээрх асуудлаар уулзсан ажээ.
Уулзалтаар 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчиж байхаар тохиролцжээ. Иймээс 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх заасан хугацааг хүртэл ОХУ-руу зорчих боломжтой болж байгаа юм. Харин 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ ОХУ-ын зүгээс мэдэгджээ.
Мөн үүнтэй холбоотойгоор иргэдийн гадаад паспорт олголтын үйл явцыг түргэсгэх зорилгоор Иргэний бүртгэлийн газар өнөөдрөөс эхлэн шуурхайгаар оруулсан гадаад паспортыг ажлын гурван хоногт гаргаж өгөхөөр болсон байна.