Урлаг уруудах нь улс орон мөхөхийн дохио гэдэг
Мэргэжлийн урлагийн байгууллага гэдэг тэр тусмаа тухайн байгууллагыг удирдана гэдэг хэн хүн хийх нь битгий хэл санаанд нь буухад ч бэрх зүйл. Улс орны нүүр царай болсон сонгодог урлагийн байгууллагын удирдлагыг «Тэнэсэн томилгоо»-гоор хийчихдэг манайхаас өөр улс орон хаана ч байдаггүй юм. Иймэрхүү томилгоо 2012 оноос хойш баруун солгойгүй хийгдэж байгаа нь байдаг л нэг зүйл мэт болоод байгаа ч үнэн хэрэгтээ «Урлагийн байгууллагын үйл ажиллагааг улстөрчид боомилоод байна».
Нарийн учрыг нь мэдэхгүй нэгэн «Яасан ч хуудуу зүйл бичээв дээ. Манай дуучин, МУГЖ Г.Ариунбаатар ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын II уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон. Дуурийн гоцлоочид Большой театрт очиж дуулах гэж байна. Залуу дуучид сүүлийн хэдэн жил Монголын нэрийг сайн л гаргаж байгаа» гэх нь мэдээж.
Урлагт авьяастай мэргэжилтэй хүмүүс гарч ирж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг боловсруулах тал дээр учир дутагдалтай байсаар ирсэн. Өнөөдөр манай улсад урлагийн боловсролтой хүн хуруу дарам цөөн болсон. Энэ нь урлагийн байгууллагын систем сүүлийн 20 гаруй жилд алдагсаны тод жишээ. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр хэмээх их айл өдгөө хөгжмийн найруулагчгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ байдал нь манай сонгодог урлагийг хүндэлж манайхаас алхам тутамдаа суралцаж байдаг улс орнуудын анхаарлыг аль хэдийнэ татаад эхэлчихэж. Гэтэл театрын хөгжмийн найруулагч гэх мэргэжилтнүүд өнөөдөр хаана юу хийж явна вэ. Монгол Улсад энэ мэргэжлийн боловсон хүчин ердөө гуравхан байдаг. Энэ мэргэжилтний халааг бэлтгэх тал дээр ССАЖЯ анхаарах цаг нь аль хэдийнэ болж. Тэгвэл МУ-ын гавьяат жүжигчин П.Эрдэнэбулган, Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар гэх эдгээр «ховордсон бараа»-нууд өнөөдөр хаана юу хийж явна вэ.
Цагтаа Монгол Улсын Дуурь бүжгийн театр хэмээх их айлыг бүхэлд нь найруулж байсан эдгээр эрхмүүдийг өнөөдөр харьяа яам тамгын газар, байгууллага нь үл тоож байхад хаа холын Япон Солонгос, Болгар, Итали, Францаас тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудаар дамжуулан сураглаж байх юм. Гадныхан биднийг ийн үнэлж сураглаж байхад энэ театрын удирдлага, удирдлагыг томилсон сайд нь юу бодож суудаг бол.
Хөгжмийн ертөнцөөс хаа хол нэгэн сэтгүүлч бүсгүй өдгөө тус театрыг удирдаж байгаа. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр «Манай дуучид «Большой театр»-т очиж дуулах гэж байна. Энэ бол уран бүтээлч хүнд их том «аз завшаан» хэмээн ярьж байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ тэр нэр хүндтэй том театрт хэдэн дуучдаа дуулуулах ажлыг өөрөө хөөцөлдөж, элдэв цаас бичиг явуулж байж бүтээсэн гэх. Энэ тухай мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй цацагдсан. Гэхдээ цагийн сайханд монголчууд хоолойн цараа, чадлаараа гуйж биш ёстой л «гуядаж» тэрхүү театрын босгыг алхдаг байсан түүхтэй. Хөгжмийн үнэргүй, шинжлэх ухаан гэдэг зүйлийг огт мэдэхгүй нөхөд шинжлэх ухааны байгууллагын орой дээр гарахаар л хөгжиж байгаа мэт иймэрхүү байдлаар уран бүтээлчид зэвэрч, урлаг мөхдөг нь гашуун үнэн.
Нөгөө талаараа тэнд «Орчин цагийн хэлмэгдүүлэлт» явагддаг нь нууц биш. Бид үл тоож, харин хаа холоос сураглаад буй хөгжмийн найруулагч Г.Эрдэнэбаатар ч энэхүү «Орчин цагийн хэлмэгдүүлэлт»-д өртөөд байгааг хамт олон нь «Г.Эрдэнэбаатар найруулагч Дуурь бүжгийн эрдмийн театрын төлөө, сонгодог урлагийн төлөө амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан хүн. Гэтэл өнөөдөр тэр хүнийг урлаг мэдэхгүй удирдлагууд хохироож байна.
Байрнаасаа хөдөлсөн чулуу буйраа олох гэж гурван жил өнхөрдөг гэдэг бол Эрдэнэбаатар найруулагч маань бүтэн хоёр жилийнхээ амьдралаар хохирсон. Түүний хийсэн бүтээснийг ч үгүйсгэх гээд байна. Тэр хүн 4-5 жилийн дараа тэтгэвэртээ гарна. Хоорондын хувийн шалтгааны улмаас хүнийг ингэж хохироож болохгүй. Өнгөц харахад Эрдэнэбаатар найруулагчийг чадаад хохироогоод байгаа юм шиг боловч цаана нь театрт очдог ард түмэн хохироод байна гэдгийг ухаарахгүй байна» хэмээн хэлж байсан юм.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл ээ, таны «Дээрээс томилуулсан, би мэдэхгүй» гэж хаацайлж байсан Ч.Мөнхзул сэтгүүлч өнөөдөр Монгол Улсын сонгодог урлагийг боомилчихоод байна. Бас таны хариуцсан яаманд урлагийн төлөө цохилох зүрхтэй, урлагийн мэргэжилтнүүд илт үгүйлэгдэж байна. Бас байгаа мэргэжилтнүүд нь таны хамрын дор «Орчин цагийн хэлмэгдүүлэлт»-д өртчихөөд байхад «Мэргэжилтэн байхгүй» гэж ярьж байгаа нь урлагийг мөхлийн зам руу хөтөлж байна гэдгийг сонордуулъя.
Өглөөний сонин
С.Цээл