Н.АЛТАНХУЯГ: БИ МАРТАЖ ЧАДАХГҮЙ, ГЭХДЭЭ УУЧИЛЖ ЧАДНА
"Цензургүй Яриа” нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцож, цензургүй ярилаа. Түүний цензургүй ярианаас онцлох ишлэлүүдээс хүргэж байна.
- Ерөнхий сайд гэдэг хүн хэцүү бэрхийг тоочиж суудаг хүн биш. Харин ханцуй шамлаад ажлаа хийх ёстой.
- МАХН-тай хамтран Засгийн газар байгуулсан нь Монголын хувьд, АН-ын хувьд зөв алхам байсан. Намынханы эсэргүүцэл гээд байгаа нь манай хэсэгхэн хүмүүсийн жүжиг байсан.
- Ер нь бол зоригтой хүн юмыг өөрчилье, шинэчлэе гэх гэж оролддог. Одоо шинэчлэл хийх талаар ярьж байгаа хүн байна уу. Байхгүй байна шүү дээ.
- Миний "алдаа” гэвэл бүлэглэлд ороогүй явдал. Би хоосон харддаг хүн биш. Бодитой баримт л ярьдаг.
- Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч зохиомлоор хэрэг үүсгэдэг томилгоонд оролцдоггүй байсан. Харин Н.Энхбаяр даргын үед энэ томилгоог хийдэг болсноос хойш хэн нэгэн Ерөнхийлөгчийн дургүйг хүргэвэл АТГ дээр хэрэг үүсгэдэг болсон. Миний хэлээд байсан хонгил ингэж л үүссэн.
- Прокурорын дэргэдэх мөрдөнг АТГ-т өгнө гэхэд нь би эсэргүүцсэн. Би хууль бус зүйлсийн дундуур өөрийн биеэр явсан тул яаж засаж залруулахыг, яаж зөв болгохыг мэдэж байгаа. Ирээдүй хойчоо айдасгүй нийгэмд амьдруулмаар байна.
- Би бүтээн байгуулалт хийж, ард түмний амьжиргааг дээшлүүлэх тал дээр хэтэрхий улайраад, бусад асуудлыг орхигдуулсан тал бий. Хуулийн шинэтгэлийн асуудал дээр тааруу ажилласан. Ерөнхий сайд тагнуул, цагдаа гээд хууль хүчний байгууллагуудыг зохих төвшинд ажиллуулах ёстой юм билээ...
- Намайг Ерөнхий сайд байхад олон бизнесмэнүүд надад хэлсэн. Тэднийг шалгаж дарамталж хорьчихоод мөнгийг нь дээрэмдэж, лицензийг нь булааж байна гэж. Тиймээс би Ерөнхийлөгч, УИХ-ын даргад АТГ-ын хууль зөрчсөн үйлдлүүдийг зогсоогооч гэж хэлсэн. Үүнээс болж л надруу маш хүчтэй дайралтууд ирсэн дээ.
- Зарим нэг хүн шунал тачаалаа дарчихвал олон асуудал өөрчлөгдөнө. Монгол улсын Ерөнхийлөгч монголчуудыг эвлүүлж, талцал хуваагдлыг зогсоох ёстой. Тэр хүнд Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт ямар хамаатай юм бэ. Үндсэн ажлаа хийхгүй атлаа хууль хяналтын байгууллагын удирдлагаар таалагдсан хүнээ дураараа томилдог. Үүнээсээ татгалзах хэрэгтэй.
- Би хэрэг хийсэн хүний тухай яриагүй. Харин хэрэг гэдэг зүйлийг хэрхэн яаж зохиож байгаа тухай л ярьж байна
- Шинэчлэл хийнэ, ард түмнийхээ төлөө ажиллана гэж дуугараагүй, хийгээгүй байсан бол би огцрохгүй байсан. Ажил хийлээ гэж намайг огцоруулсан.
- Хүн хэлмэгдүүлчихээд шударга ёсны хэмжүүр ярьж болох уу. Н.Алтанхуяг гэдэг хүнийг хууль зөрчсөн гэж харагдуулахын тулд Гансүх гэдэг хүний амьдралаар нь тоглож болохгүй биз дээ.
- Л.Гансүхийг хилсээр гүтгэн хэрэг үүсгэж, шоронд хийгээд Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Н.Алтанхуягийн ойр дотны бүх хүмүүсийг тамалсанаас хойш төрийн албанд сэтгэлээсээ ажил хийдэг хүнгүй болсон. Энэ нь Монгол үндэстэнг алж байгаа хэрэг. Ингэж мөхөөх бодлого явж байгаад манайхан автаад байгаа хэрэг. Эх орноо, Монголоо гэсэн зүрх сэтгэлийг нь алвал монгол улс сүйрнэ, сөнөнө. Үүнд л би маш их харамсаж байна.
- Л.Гансүхийн хэргийг Дээд шүүхээр эцэслэн шийдэгдэх хүртэл би юу ч хийлгүй, юу ч хэлэлгүй хүлээсэн. Гэмгүй хүнд арай ч ял өгчихгүй байх гэж бодоод цөхөрөнгөө бартал, горьдон горьдон хүлээсэн дээ...
- Хууль зөрчин байж Л.Гансүх гэдэг хүний амьдралаар хичнээн тоглов. Түүнийг гэр хорооллын 170 мянган өрхөд хямд нүүрс өгснийх нь төлөө шоронд хийсэн. Ард түмэн Л.Гансүхийн шүүх хурлыг таван өдөр телевизээр үзээд буруугүй гэдгийг нь шүүчихсэн. Хууль хяналтын байгууллага өнөөх хонгилоороо түүнийг хэлмэгдүүлсэн.
- Өнөөдөр нүүрсний үнийг хямдруулъя гэж ярьж байгаа хүн байна уу, байхгүй. Яагаад гэвэл тэд Л.Гансүх шиг ажил хийснийхээ төлөө шоронд орох вий гэхээс айгаад ярихгүй байна.
- Ер нь бол Гансүхийг шоронд хийсэн нь "Хууль хяналт миний гарт байгаа шүү” гэдгийг л надад мэдрүүлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийг биш, намайг яллаж, намайг унагах гэсэн оролдлого.
- Ард түмнийхээ эрх ашгийг наймаанд оруулж, худалдаж болохгүй гэдэг дээр хатуу зогссон учир надад маш их дарамт шахалт, хавчлага ирсэн. Манжийн үед 9 эрүү гэдэг зүйлээр бие мах бодид нь нөлөөлдөг байсан бол орчин үед сэтгэхүйг нь алдаг эрүү шүүлттэй болсон.
- Эрүү шүүлтэнд мах комбинатын улаан ямаа шиг явж байгаа хүн чинь би шүү дээ. Тэгж тамлуулж, тэр зовлон дундуур явсан хүн хэн нэгнээс өшөө авна гэж бодож чаддаггүй юм билээ.
- Чамайг биш ойр дотныхоныг чинь тамлаж, тарчлаагаад байхад чи Ерөнхий сайд царайлаад яваад л байх уу гэдэг тулгалт ирсэн. Хэцүү л дээ. Гэхдээ би бууж, өгөөгүй. Буруу ч гэж бодоогүй. Тиймээс л намайг Ерөнхий сайдаас огцруулсан.
- Миний эргэн тойрны хүмүүсээс бараг 20 гаруй хүн шоронд орсон. Сүүлд уулзахад тэднээс мэдүүлэг авахдаа хэргийн талаар ярьдаггүй. Харин "Алтанхуяг гэдэг хүний но –г л хэлчих.Тэгвэл гарчихна ш дээ.” гэдэг гэсэн.
- Монголд хувийн өмчийг дээдлэх хэрэгтэй. Гэхдээ хувийн өмч нь өөрөө хөдөлмөрлөж олсон хувийн өмч байх ёстой.
- Цөөн хүний атгаг санаанаас л болж Монгол Улс хөгжихгүй байгаа юм. Хязгааргүй шуналтай хүмүүсээс болж газрын доорх баялагууд маш их хэл ам дагуулсан. Улмаар Оюутолгой, Тавантолгойгоос болж Засгийн газраа огцрууллаа шүү дээ. Ард түмнийхээ эрх ашгийг наймаанд оролцуулахгүй гэсэн зарчим баримталсаны төлөөс болгож над дээр энэ бүх хавчлага, дарамт шахалт ирсэн.
- Монголд сонгууль гэдэг юм явагдахаа больчихсон шүү дээ. 2016 онд УИХ-ын сонгууль болсон гэж бодож байна уу. Үгүй. Хулгай, дээрмийн сонгууль болсон.
- 2016 онд зарим нэг гишүүд сонгуульд ялна гэж зүүдлээч үгүй байж байгаад ялсан. МАН-ынхан өнөөдөр ялсан гээд баярлаад байна. Үнэндээ бол тэд ялаагүй. Харин бүлэглэл ялсан. Бүлэглэл ялчихсан учраас 65 суудалтай Ардын намыхан хэн ч биш байна шүү дээ.
- МАН энэ хавраас хойш л 49 гэдэг тоотой ноцолдоод, шийдсэн ч зүйл алга. Сүүлдээ энэ Ерөнхийлөгчийн сонгууль Эрдэнэтийн 49 хувийн хамгаалагчийг л тодруулах гээд байх шиг байна. Ганц компанийн хувиас болж, Монголын төрийг дампууруулмааргүй байна.
- ОХУ 49 хувь, Монгол 51 хувийг эзэмшиж байсан. Хуулиараа бол аль нэг нь хувиа зарахдаа заавал нөгөө талдаа санал тавих дүрэмтэй. Хэрэв ОХУ 49 хувиа зарах бол Монгол Улсын Засгийн газарт санал тавьж, манайх 49 хувиа яаж зарах уу, яаж худалдаж авах уу гээд бодлогоо гаргаад УИХ-даа оруулж шийдэх ёстой.
- Жил бүр Монгол Улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөг, өдөртөө 170-аад сая төгрөгийн ногдол ашиг өгдөг саалийн үнээг хэдхээн гэр бүл хувьчилж авчихаад минийх гээд суугаад байж болдог юм уу.
- Үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр Эрдэнэтээс хувь хүртдэг юм гэсэн. Та үүнийг мэдэх үү? -Мэдэхгүй. Би тийм зүйлд оролцдоггүй.
- Ерөнхийлөгч гэдэг хэн нэгэн гэмт хэрэгтэний орогнодог газар биш. Гэмт хэрэгт холбогдсон хүн энэ суудалд очих боломжгүй. Харин өрсөлдөгч нь Ерөнхийлөгч болчихвий гэж айснаас болоод урьдчилаад хэрэг үүсгээд байгаа нь өөр ойлголт шүү.
- Монголын төрийг төр шиг болгоё гэж бодвол ганц хүн бүхнийг дураараа шийддэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүн үүнийг л хамгийн түрүүнд засах хэрэгтэй. Хэрэв би Ерөнхийлөгч болвол хэрэгтэй, хэрэггүй томилгооноос татгалзаж чадна. Ер нь хэн ч Ерөнхийлөгч болсон татгалзах л хэрэгтэй.
- Монголын төрд байгаа хүмүүс ёс суртахуунтай байх ёстой. Ядаж ёс суртахууны хамгийн наад захын хэмжээтэй баймаар байна. Төрд гарсан хүн шуналаа хязгаарладаг байх хэрэгтэй.
- Яавал цөөнх нь баяжиж, олонхи нь ядуурахгүй байх вэ. Дундаж давхаргын асуудлыг зарлаж байгаад хийх ёстой.
- Гуравхан сая Монголчуудыг талцуулаад хэн хождог юм. Цөөхөн хэдэн хүн эрх мэдэл, мөнгө, албан тушаал гээд бүх зүйлээрээ хожиж, олонх нь нийтээрээ хохирдог. Үүнийг таслан зогсоохийн түүний тулд зориг зүрх гарган ажиллах хэрэгтэй.
olloo.mn