Ринчиний Чойномоос Лодонгийн Түдэвт бичсэн захидал
Яруу найрагч Р.Чойном 1969 оны наймдугаар сард тухайн үеийн НАХЯ-нд баривчлагдан мөрдөгдсөөр "БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харлуулсан” гэх хэргээр шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь колонид дөрвөн жилийн хорих ял эдэлсэн билээ. Хоригдож байхдаа тухайн үед Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан зохиолч Л.Түдэвт бичсэн захидлыг уншигчдадаа толилуулж байна. Уг захидлыг Л.Түдэв 1996 онд өөрийн эрхлэн гаргаж байсан "Дал” сониндоо нийтэлжээ. Ийн нийтлэхдээ дагалдуулсан тайлбартаа Л.Түдэв бээр "Ирээдүйн өмнө үлдээсэн өчил: Аливаа хүн урт настай мэт боловч мөнхөрнө гэдэг туйлын харьцангуй ойлголт. Заримдаа ердийн нэгэн чихрийн цаас гэхэд л хүнээс урт настай байдаг тул "Эд мөнх эзэн хэврэг" хэмээх ойлголт гарч түүний эсрэг байгаасай гэхдээ хүмүүс "Эзэн нь мөнх, эд нь бөх байгаасай” гэж хүртэл ерөөдөг болсон юм. Хүмүүсийн өөрсдийн гараар бичиж орхисон зүйлс, түүний дотор хувийн захидлууд бол ирээдүйн өмнө тэдний үлдээсэн гэрчлэх бичиг нэг ёсны өчиг болдог. Ялангуяа хувийн захидалдаа хүн хамгийн үнэн үгээ бодож санаснаа нуулгүй илэн далангүй бичдэг нэг онцлог бий. Хуурамч хувийн захидал гэж их ховор. Ийнхүү хувийн захидлыг хувь хүнээс ирээдүй хойчийн өмнө үлдээсэн нэгэн ёсны өчил, өөрийгөө гэрчлэх үг гэж үзэж болно. Ийм утгаар нь "Ирээдүйн өмнө үлдээсэн өчил" гэсэн буланг "Дал" сонин нээж байна. Анхны гэрчлэх үгийг яруу найрагч Ринчиний Чойномын 26 жилийн тэртээ бичсэн өөр хаана ч хэвлэгдээгүй захидлаар нээж байна” гэжээ. Захидлыг Фэйсбүүк дэх Book Lab пэйжид нийтэлснийг хуваалцсан Авиан Баатархуяг хаягаас авав.
Л.ТҮДЭВТ БИЧСЭН ЗАХИДАЛ
Говь нутаг, Чангалан шорон.
Ринчиний Чойном мэндчилэв.
Уучлаарай, би энэ захидлыг бичихгүй байж тун чадсангүй. Чухам энэхэн хавьдаа л би, өөрийгөө, хаа ч хэний ч өмнө үгүйлдэггүй юм. Уран бүтээлд хил хязгаар байхгүйн учраас тэр болуу даа...
Хүндэт нөхөр Түдэв!
"Хорвоотой танилцсан түүх" хэмээх номыг тань саяхан би уншлаа. Унших уншихдаа өнөөдөр, энэ шоронгийн нэг даргынд хүүхдийн нь зургийг зурж өгөхөөр очоод, тэдний орон дээр байхыг олж, дороо сууж байж дуустал уншив.
Орой, хашаандаа ирэх цагаас их хождож ирээд, тооллогын жагсаал хийж байгаад дөнгөж сая энэ улаан буланд орж ирээд, хаалгаа түгжиж аваад үүнийг бичиж байна. Юм бичих, ялангуяа миний хувьд "хатуу хориотой".
Номыг маань хүртэл хурааж авдаг юм. Хэд хоногийн өмнө би, голдуу орос хэл дээр 17 ном хураалгасан. Лав устгасан бололтой.
Харин би, улаан булангийн эрхлэгч учраас дотроос нь түгжээд үүнийг бичиж сууна.
Бичихгүй байж чадсангүй.
Юуны өмнө "Хорвоотой танилцсан түүх" гэдэг номын тань учир, хүндэт нөхөр Түдэв танаа хувиасаа чин сэтгэлийн баяр талархлаа хүргэе.
Уучлаарай, би түрүүнээс эхлэн "хүндэт нөхөр" гэж дуудаж байгааг минь бүү гайхаарай л даа. Миний энэ захидалд, миний хувийн харилцаанд болон ялангуяа миний уран бүтээлийг хүндлэх сэтгэлд албан тушаал болон цол зэрэг огтхон ч хамаагүй. Би өчигдөрхөн өөрийгөө зохиолч гэж явсны хувьд, зохиолч хүнд, тэгээд бас нас чацуу хүнд бичиж байна.
Номын тань дотор гарч байгаа миний сайн мэдэх, урьдын нарлаг сайхан бага нас сэтгэлийг минь хөдөлгөв. Бичлэгийн байдал, зураглал болон ерөнхий хийц, хөнгөн цовоо агаар, хөгжүүн сэргэг хандлагаар энэ ном өвөрмөц болоод тун аятайхан болжээ.
Танд баярлалаа!
Би Монголын зохиолчдын уран бүтээлийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй бөгөөд зохих хэр хэмжээгээр хүндэлж явдаг нэгэн билээ. Гэхдээ би тоомсор муутай, ихэмсэг, юм бүхнийг өөрийн шанагаар хэмжих гэдэг муу зантай хүн.
Манайд зөвхөн нэр, гонорар хоёрын тулд гаргасан ном маш олон бий. Миний хувьд, өөрөө би цаг ямагт гүн дунд нь байдаг энэ олон түмэн уншигчдыг өрөвддөг юм. Эдэнд жинхэнэ уран сайхны үгс, жинхэнэ урлан бүтээхийн номоор бичсэн яруу сайхан зүйлсийг гаргаж өгөхсөн! Энэ шаардлага тун багаар биелсээр байгаа юм. Гэвч үүнийг би шүүж хэлэлцэх эрх байхгүй.
"Хорвоотой танилцсан түүх" номонд миний бага насны олон юм тэр хэвээрээ гарч ирж сэтгэл зүрх хөндлөө. Би чулуугаар тоглож, хонь унаж бойн дээр очиж, хадны мангаанаас айж, үнсэн самбар дээр юм зурж байсан. Энэ бүхэн бол монгол хүүхэд бүхэнд шахам (бидний үеийн) байдаг нийтлэг бага нас л даа. Харин, Түдэв ээ! -Би улаан таван хошуу бүхий ногоон цүнх (даалимбан) зүүж явдаг байсан юм.
Үүнийг ээж минь оёж өгсөн бөгөөд би юм бүхнийг ээжээсээ асуудаг байсан маань энэ номыг уншиж байхад бодогдон уярч байлаа.
Түүгээр ч барахгүй миний аав надад фанер модоор ном хийх жижигхэн хавтгай цүнх хийж, шар будгаар будаж өгсөн юм. Харамсалтай нь миний аав намайг сургуульд орохыг, үргэлж онц сурахыг минь үзэж чадаагүй юм. Тэр шар хайрцаг одоо ч ээжид бий.
Би бас л тэгж чулуу, зураг, дуу, салхи, хавх, тарвага гэх мэттэй хар багаасаа дассан, 1936 оны ургац билээ. Бид юутай адилхан өсч өндийж эхэлж байгаа вэ?! Гагцхүү би багадаа өнчирч, өргүүлж аймаг сум алгасан тэнэж, гэр орон, ээж, дүү нараа санан санан хатаж, зодуур зүдүүр үзэж, золбин нохой мэт өсөхдөө, хүн бүхний эсрэг, орчин тойрныхоо эсрэг шүд зууж, нүд хялайж, бодгаль хорон хүмүүжил олж авсан байнам.
Энэ номонд хүний бага насны туйлын үнэн дүрийг хүүхдийн зөөлөн хонгор зангаар хүүрнэжээ. Аман хуур сайхан дуугаргадаг тэр ээж ямар сайхан, жинхэнэ монгол ээж вэ? Тэр аавын тань тухай, хацарт нь хацраа наан сонсдог тухай нь хүүдээ цухас өгүүлэн шүүрс алдаж байгаа хэсэгт миний нүдний нулимс гарсан... Ийм л сайхан, хөдөө нутгийн монгол ээжүүд байсан даа...
Миний ээж Улаан-Үдэ хотод "Монгол Рабфак”-т байгаад хөдөө амрахаар ирж, аавтай нөхцөөд үүрд энэ эл хуль тал дунд гандсан юм. Одоо энд би ч гандаж байна. Харин миний охин Хулан энд гандахгүй биз ээ.
Намайг 2-р ангид байхад, манай ангийн гэрийг цас дараад, тооно нь дотогш орчихсон байсан. Мөн, миний гар дээр нэгэн халиун зүсмийн шүдлэн зудаас үлдэж, тэжээлгэж өссөн бөгөөд түүгээр би морь унах эхний сургуулиа хийсэнсэн. Манай хамаатан эгч аман хуур сайхан дуугаргадаг хүн байсан. Би багадаа хулсан хуур гоё хийдэг байсан. Энэ бүхэн, ер нь миний өсч явсан цаг үе, энэ номонд тод бөгөөд үнэн зөв буусан тул би машид амтархан уншиж, их баярлалаа.
Би энэ хорих лагерьт ирсээр зузаан дэвтэр дээр "Миний үзсэн хорвоо" гэдэг ерөнхий нэрийн доор өөрийн намтрыг яг үнэнээр нь бичиж эхэлсэн юм. Гэхдээ би одоогоор нийтэд зориулаагүй дан өөрийнхөө үнэн зөв намтрыг босгох гэж урьдал болгосон бөгөөд бас уран сайхны цэвэрлэгээ хийгээгүй, нуух цээрлэх зүйлийг ч гэсэн хэвээр бичсэн юм.
Үүнийгээ би нэгэн зузаан дэвтэр дүүрэн бичээд, хоёр дахь дэвтэрт нэлээд явж байх үес энэ зун, хуягууд хурааж авсан. Одоо эндэхийн захиргаанд, миний бусад шүлэг сэлтийн хамт хадгалагдаж байгаа. Би өөрөө тиймэрхүү зүйл хувьдаа боловч бичиж байсан болоод ч тэр үү, номыг тань их сонирхсон юм. Сонирхон шимтэж уншсаны ч хэрэг гарлаа. Энэ бол зөвхөн хүүхдэд ч биш бүх уншигч түмэнд "хэрэгтэй ном" болж чаджээ.
Миний хувийн дүгнэлт энэ байна. Ганц би ч биш, энэ номыг уншсан эр, эм нэлээд хүмүүс ам сайтай байгаа бололтой. За одоо захидлаа төгсгөе. Уран бүтээлийн болон амралтын цагаас чинь өдий хороосон явдалд намайг уучлаарай хэмээхийн гадна улс төрийн талаар намайг давхар битгий яллаарай л даа. Би тэртээ тэргүй өөрийгөө ялласан. Би энэ хэргийг хүлээхгүй байхад надад тохогдох үндэсгүй л байсан юм. Би ер нь өөрийгөө нэг сайн цэвэрлэж авъя гэж бодсон юм. Намайг шийтгэсэн явдал бол зөв зүйл. Би өөрөө ойлгож, өөрөө гэмшиж, өөрийгөө заслаа, харин миний засрал хүмүүжлийн талаар бусад хүмүүс, тэр ч байтугай засаг төр итгэнэ үү, байна уу би л итгээч гэж гуйхгүй. Явах ёстой зөв замаараа л явбал барав. Ер нь би, шоронд орохоосоо өмнө ч өөрийн буруу замыг ойлгоод, өөрөө засч хүч хүрэхгүй байсан юм шүү. Үүнийг сүүлийн үес надтай цуг явж байсан нөхөд мэднэ. Би шоронг тэсч амьд гарвал тантай хувийн талаар уулзаж, уран бүтээлийн чинь амьдралыг сонирхоно гэж бодож байна.
Та зөвшөөрөх бол уу?
За баяртай.
Таныг чин сэтгэлээс зохиолчийн тань хувьд хүндлэн ёсолсон Р.Чойном
17/XI.70


Сэтгэгдэл байхгүй байна.