Зогсоолгүй Улаанбаатарын зовлонт амьдрал

0

Зогсоолгүй Улаанбаатарын зовлонт амьдрал

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид энэ удаад нийслэлийн хотын зогсоолийн асуудлыг хөндлөө. 

Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байна. За даа, хуруу дарам цөөн гэдэг ч бараг гоёдоно. Үнэн хэрэг дээрээ огт байхгүй гэвэл үнэнд нийцэх байх.  

 Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Дээрээс нь зарим жолооч нар маань  хэтэрхий хувиа хичээсэн зан гаргадаг. Зогсоол дутмаг олдохгүй байхад өөрөө л болж байвал болоо гэсэн шиг хоёр машин зогсох зогсоол дээр голлуулаад өөрийнхөө машиныг тавьчихаад явчихдаг. Уг нь жаахан шахаад тавьчихсан бол хажуугаар нь нэг машин тавьчихаж болохоор тохиолдол зөндөө харагддаг.

Тиймээс жолооч нар маань жаахан ухамсартай, бусдыгаа боддог байвал зүгээрсэн.

Мөн орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүр ч хүндрэлтэй байгаа юм. Явж явж нэг зогсоол олохоор тэр нь төлбөртэй. Цаг тутамд мөнгө нэхнэ.

Одоо бүр хэн дуртай нь ойр орчмын талбайгаа хашиж тор татаад, үүдэнд нь шовгор амбаар барьчихаад, дуртай үнээ хэлж мөнгө хураагаад сууж байна. Хатуухан хэлэхэд, Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн талбай гэхээр юм үлдсэнгүй.

Автомашинтай хүмүүс кино театрт очиж кино үзлээ, зогсоолд нь машинаа тавилаа гэхэд 1000, 1500 төгрөг. Төрийн байгууллагуудаар үйлчлүүлбэл цагаасаа хамаараад мөнгө нь өснө. Спортын төв ордонд очиж тэмцээн уралдаан үзье гэвэл бас л мөнгө. Зарим нь гэрийнхээ үүдэнд, ажлынхаа хашаанд машинаа тавихдаа ч мөнгө төлж байна.

Энэ бүх мөнгийг төлөөд, машинаа тавиад байх боломж хэнд байгаа билээ. Гэтэл Улаанбаатарт нийтийн эзэшлийн аятайхан зогсоол бараг л байхгүй. Байлаа ч 10 машин багтахаар байх нь ховор.

Хамгийн энгийн жишээ дурьдахад л өдөр болгон шахуу тоглолттой байдаг Монгол бөхийн өргөө 2500 хүний суудалтай, гаднаа 20 машины зогсоолтой, 9500 түрээслэгчтэй Нарантуул зах гаднаа 2000 машины зогсоолтой. Зогсоолууд нь өглөө дүүрчихдэг. Өөрөөр хэлбэл, ажилчид нь машинаа тавиад л үйлчлүүлэгчдэд машинаа тавих зогсоол үлддэггүй. Тиймээс иргэд аргагүй эрхэнд зогсоолгүй газар машинаа тавихад хүрдэг. Энэ нь түгжрэл үүсгэдэг.

Зарим тохиолдолд яалтачгүй нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүй байдалд хүрдэг. 450 мянган машинтай Улаанбаатар хотод 2-3 мянган машин зогсчих хэмжээний зогсоол байхгүй байхад өөр яах вэ дээ. Ингээд л машинаа ачуулахаас өөр сонголт үлдэхгүй болж байгаа юм даа. Ёстой нөгөө азандаа найдана гэдэг шиг л юм болно шүү дээ.

Хүн бүрийн өмнө тулгамдаад байгаа зогсоолын асуудлаар зарим иргэний санал бодлыг хуваалцлаа.

БЗД-ийн иргэн н.Болдхуяг: Зогсоолгүй газар тавьчихвал ирээд л ачаад явчихна шүү дээ

-Хотод машинаа байрлуулчих зогсоолууд ховор. Тиймээс төлбөртэй зогсоолуудад тавих нь амар байдаг. Зогсоолгүй газар тавьчихвал ирээд л ачаад явчихна шүү дээ.

БГД-ын иргэн С.Гарьд: Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа бардаг

-Зогсоолын асуудал үнэхээр хүндрэлтэй байна. Өнөөдөр л гэхэд би зогсоол олох гэж энэ хавиар 30 гаруй минут тойрлоо. Санхүү, мөнгөнд ч бас халгаатай юм. Би одоо энд машинаа тавьчихаад ажил руугаа нэг километр гаруй алхана. Ер нь өдөр бүр л ингэж алхдаг. Буруу газар тавьчихвал ачаад явчих эрсдэлтэй болохоор энд тавьж байна.

Машинаа ажилтайгаа ойрхон тавъя гэхээр зогсоол олддоггүй. Өглөө ажилдаа ирэхэд зогсоол олох том асуудалтай өдөр бүр тулгарч байна. Хотын түгжрэл, зогсоол олох хоёрт хамаг цагаа барж байна.

Энэ бэрхшээл зөвхөн надад бус автомашинтай хүн бүрт тулгамдаж байгаа. Хэдийгээр тэгш, сондгой тоогоор төгссөн дугаараар нь ангилж явуулж байгаа ч зогсоолын хүрэлцээнд хангалттай нөлөө үзүүлж чадахгүй нь мэдээж. Тиймээс яаралтай зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй.

СХД-ийн иргэн О.Дархантөгс: Арай гэж нэг зогсоол олохоор төлбөртэй эсвэл өөр машин хаах эрсдэлтэй

-Ямар нэгэн ажил хөөцөлдөхөөр явахдаа л хаана машинаа тавих вэ гэж боддог. Зогсоол хайн, тойрч явсаар байгаад машинаа бүр хол аваачаад тавихыг алийг тэр гэх вэ.  Арай гэж нэг зогсоол олоход төлбөртэй, өөр машин хаах эрсдэлтэй байх юм.

Ажил хөөцөлдөөд завгүй явж байхад "Машинаа зогсоолоос гаргамаар байна. Машинаа холдуул” гэх ёстой хэцүү шүү. Зөвхөн ажил төрөл гэлтгүй гэртээ харихад хүртэл зогсоол олдохгүй. Ер нь өдөр бүр л зогсоолын асуудалтай нүүр тулж байна.

Уг нь замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Түүнийг жолооч нар мөрдөх ёстой. Холбогдох байгууллага нь мөрдүүлэх ч үүрэгтэй. Гэхдээ үзээд өгье гэхнээ зогсоолгүй газар нэгдүгээр эгнээнээс өөр сонголт байхгүй байна шүү дээ. Тиймээс яаралтай төвлөрсөн зогсоолууд байгуулах шаардлагатай байна. Газар дор, дээвэр дээр зэрэг давхар зогсоол байгуулах нь их чухал. Ямар нэгэн барилга барихдаа хэчнээн хүн амьдарч, ажиллахыг нарийн тооцоолж, автомашины зогсоолын асуудлыг шийдэх хэрэгтэй. Давхар зогсоол олноор нь барих дэд бүтэц, бололцоо манай улсад бий.

БЗД-ийн иргэн А.Хоролсүрэн: Төлбөртэй зогсоолууд 500 төгрөг авахад л болно шүү дээ

-Хүн амаасаа илүү машин тэрэгтэй Улаанбаатар хотод авто машины зогсоолууд их байх хэрэгтэй байна. Зогсоол нь байхгүй болохоор жолоочид нэгдүгээр эгнээнд шахаж тавих хэрэгтэй болдог. Тэгэхээр л машин ачдаг компаниуд нь ачаад явчихна. Араас нь явж илүү мөнгө төлөх болно. Нэг талаасаа төлбөртэй зогсоол нь амар ч юм шиг. Гэхдээ 500 төгрөг авахад л болно шүү дээ. Зарим газар нь 1500, 3000 аваад байх юм.

Дээр хэлсэнчлэн гаднаа жаахан л талбайтай бол төлбөрт зогсоол байгуулж хууль бусаар иргэдээс мөнгө авдаг тогтолцоо манай улсад аль хэдийн бий болчихсон. Гэвч иргэдэд авто зогсоол хомс учраас төлбөрийн төлөөд машинаа байрлуулах нь хялбар гэж үзэх болжээ. Зогсоолын үйлчилгээний үнэ цаг тутамд 1000 төгрөг. Удах тусам мөнгө нь нэмэгдэнэ.

Бид эцэст нь "Стандартын шаардлага хангасан авто зогсоол Улаанбаатар хотод хэд байдаг вэ?” гэсэн асуултад хариулт хайлаа.

Харамсалтай нь олсонгүй. Гэхдээ цаашид бий болох боломж байна. Тиймээс дэлхийн стандартад нийцсэн дараах санаачлагыг бодит болгохыг бизнесийн байгууллагуудад уриалж байна.

1. Орон сууцны В1 давхарын зогсоолын тоог нэмэгдүүлэх

Орон сууцны шинэ барилга ашиглалтанд ороход зоорийн давхарт худалдах байдлаар зогсоол төлөвлөдөг. Харамсалтай нь энэ зайд цөөн тооны машин багтдаг учир нийт оршин суугчдын талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулахад хүрч байгаа юм. Гадаа талбай ч мөн хүрэлцээтэй биш. Тиймээс зоорийн давхарын автомашины зогсоолыг дараах байдлаар төлөвлөх санал гаргаж байна. Энэ бол зогсоолын тоог нэмэгдүүлэх бодит боломж юм.

2. Гадаа талбайд давхар зогсоол төлөвлөх

Магадгүй өвлийн улиралд бэрхшээлтэй байж болох ч дулааны улиралд бол боломжийн арга. Мөн амины орон сууцны хороололд хамгийн тохиромжтой хувилбар гэж сонголоо.

3. Давхар зогсоол

Давхар зогсоол төлөвлөх явдал нь гадны улс орнуудад түгээмэл тархжээ. Харин манай улсын тухайд шинэ санаачлага юм. Гэхдээ эхний давхар зогсоолууд ашиглалтанд орж байна. Тиймээс энэ санаачлагыг улам бүр өргөжүүлэх нь хамгийн зөв гэж үзлээ.

Ялангуяа төрийн байгууллагууд олноор төвлөрдөг хэсэгт дундын байдлаар ийм зогсоолыг төлөвлөж болох юм. Мөн их дээд сургуулийн хотхонд ийм зогсоол хамгийн дэвшилтэт шийдэл байж чадна

4. Тоглоомын талбай бүхий газар доорх зогсоол

Яг энэ төрлийн зогсоолыг нийслэлийн долоон ч цэгт төлөвлөх шийдвэр гарсан байдаг. Тэгвэл төлөвлөлтийг илүү боловсронгуй болгож, багтаамжийг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлэх санал гаргаж байна. Дээд буюу ил хэсэгт хүүхдийн тоглоомын талбайгаас гадна үйлчилгээний төвийг байгуулах боломж байна. Түрээслэх болон худалдах байдлаар иргэдэд ашиглуулах боломжтой

5. Уламжлалт зогсоол байгуулах

Томоохонд тооцогдох худалдааны төвүүд, хувийн эмнэлэг, сургуулиудын гадна стандарт шаардлагад нийцсэн авто зогсоолууд байгуулагдаж эхэллээ. Гэхдээ үүний тоог нэмэгдүүлэх шаардлага мэдээж байна. Чингисийн талбайн өмнөх хэсгийг бид эхний ээлжинд санал болгож байна.

6. Ажилчдын машиныг дээврийн давхарт төлөвлөх

Хамгийн сүүлийн санал. Төрийн болон үйлчилгээний байгууллагууд ажилчдынхаа автомашиныг барилга дотроо эсвэл дээр нь шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх цаг болжээ.

Ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд авто машины зогсоол нь ажилчдынх нь машинаар дүүрчихдэг. Үйлчилгээ авах иргэдийн хувьд авто замын нэгдүгээр эгнээнээс өөр сонголт үлддэггүй. Буруу энэ тогтолцооноос салахын тулд дээрх саналыг гаргасан байна.

Т.Гэрэл

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.