Мяралзан урсах машин угаалга, мөнгө хүүлсэн дулаан гараж
Үүнээс гэр хороолол, орон сууцны иргэд ургын ганц унаагаа өвлийн хүйтэнд "осгохоос” сэргийлж орогнуулах газар хайх нь олон жил дамнасан энгийн үзэгдэл болжээ. Өвлийн хүйтэнд машинаа хучилгагүйгээр гадаа хонуулахыг хүсэх хүн ховор. Зарим иргэдийн хувьд дулаан гараж байхгүй, эсвэл хэтэрхий өндөр үнэтэй тул аргагүйн эрхэнд задгай талбайд хонуулах нь энүүхэнд. За тэгээд л өнөөх машинаа тэсгим хүйтэнд хонуулж, өглөө нь жаварт нам цохигдсон машинаа "амь” оруулах гэж элдвийг хийж, эрээхээрээ л халаадаг нь эгэл ардын амьдрал. Хучилгаар хучиж болох ч өглөө эртлэн босож машинаа халаахгүй л бол зооринд орчихсон юм шиг хэцүү байх биз. Угтаа бол -25 градусаас дээш хүйтэнд асаасан машин 800-1000 км зам туулсантай тэнцэхүйцээр элэгддэг хэмээн инженерүүд үздэг. Түүнээс гадна хөдөлгүүрийн жийрэг, маслын шүүрэнд "асуудал” үүсэх магадлалтай гэдэг.
Гэтэл өдгөө эгэл ардын энэ "зовлон”, хэсэг хүмүүст олз болж, хүйтрэх тусам хүдий хүүдийгээр нь мөнгө өгдөг хэрэгсэл болжээ. Уншигч авхай та юун тухай өгүүлж буйг гадарласан биз. Энэ бол өвөл цагаар хөлжих дулаан гарааж эрхлэгчид. Нийслэл хотыг нүхэлсэн "дулаан гарааж” гэх газрууд өвөлдөө бээрээд өглөөдөө асдаггүй машиныг аварч бас алж байна. Дайран дээр давс гэгчээр орон сууцны доор автомашины зогсоол заавал байх ёстой гэсэн дүрэм заалт нь ёстой л үлгэрийн төгсгөл шиг амар сайхандаа жаргачихлаа. Гэтэл өнөөдөр автомашины зогсоол дунджаар 10 сая хол давчихсан өртөгтэй байна. Хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөрөө арай гэж автомашин авсан нэгэн энэ мөнгийг төлөөд зогсоол худалдаж авах нь юу л бол. Үнэнд нийцээгүй энэ өртөг нь өөрөө зогсоол ямар их эрэлттэйг өнгөтөөр таньд ярьж өгнө биз. Сийрүүлбэл, өдгөө дулаан гражийн хоногийн төлбөр нь тухайн машин, гараажийн байрлал, зэрэг, дулааны градусаас шалтгаалаад хамгийн багадаа 6000 төгрөг. Байрлал сайтай, халаалттай граж бол хоногийн 15-20 мянга хүрэх нь ч бий. Иймдээ ч 20 машины багтаамж бүхий дулаан граж нэг өдөрт 120-150 мянган төгрөгийн ашигтай ажиллаж, зарим хүмүүсийн сарын цалин хоёр шөнийн дотор олдог учраас эл бизнес хөлжих нь аргагүй. Мэдээж хүйтний эрч чангарах тусам түрээсийн үнэ улам л нэмэгдэнэ. Сардаа зургаагаас найман сая төгрөгийн ашигтай ажилладаг түрээслэгч ч байх юм.
За тэгээд хүйтний ес эхлэхээр бүр нэмэгдэнэ гэхээр идэр өвлийн жавартай гурван сараар хүдийнийхээ хэрээр хөлжинө гэсэн үг. Тэд урин дулааны цагт гражаа машин угаалга болгон ашиглах нь элбэг. Өнөө жил ч эл байдал үргэлжилж, бас болоогүй хэдэн төгрөг нэмсэн ханштай үргэлжилж байна. Дулаан гараажны бидний мэдэхээр хотын А, Б гэх зэрэглэлээс шалтгаалж, харилцан адилгүй үнэтэй. Хотын төвийн ойролцоо байрлах байрны хагас подвалийн 25 машины багтаамжтай гарааж гэхэд нэг машиныг 25 мянган төгрөгөөр хонуулах бөгөөд өдөрт 625 мянга, сард 18 сая долоонзуун мянгыг олдог аж. Өвлийн гурван сард машинаа хонуулна гэвэл ямар их мөнгө иргэдийн халааснаас гардаг нь харамсалтай. Харин хотын захын гараажууд төвд байрлах гараажуудаас харьцангуй хямд өдрийн 6000-15000 хооронд боловч бас л чамгүй ашигийг эзэндээ хэдэн өдрийн дотор олж өгнө. Угтаа бол анхнаасаа үлгэрийн төгсгөл шиг жаргасан дулаан гараажтай барилгуудаа бариулсан бол өдгөө шар нар, бор хоногийг дөнгөн данган өнгөрүүлж, хуруу хумсаа баран олсон хэдээ "подвалын наймаачдад” өгөхгүй баймаар. Эрхэм төрийн түшээдүүд минь элдэв зүйлд хөрөнгө зарахын оронд хэрэгтэй салбарт нь төсөв хөрөнгөө харамгүй хайрламаар санагдах юм.
Ж.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл байхгүй байна.