Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байвал зохилтой вэ

0

Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байвал зохилтой вэ

  Сонгогчид тав дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Овоо туршлага суучихсан байх. "Ерөнхийлөгч гэж нэг иймэрхүү хүн байвал дээр юм уу даа” гэсэн ойлголт, бодолтой болчихсон байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөөх  үйл хэргийг манлайлан оройлох үүрэгтэй юм. Үүний тулд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх нь зохимжтой вэ гэвэл:

Нэг. Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд:

  1. Ерөнхийлөгч улсын нийт иргэдийн шууд төлөөлөл болохынхоо хувьд тэдний байр суурийг илэрхийлэгч, эрх ашгийг нь хамгаалагч, улмаар тэдний дэмжлэгтэйгээр өөрсдийг нь араасаа дагуулах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай.
  2. Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхолын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг, нөлөө үзүүлж байх үүрэгтэй. Иймд өмнө нь Ерөнхий сайд, Их хурлын даргын ажлыг хийж байсан, эдгээр албан тушаалыг дамжсан хүн байвал илүү тохиромжтой.
  3. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөний хувьд нийгмийн бүх бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийг улс орны өмнө тулгамдсан бүхий л асуудлаар  зөвшилд хүрэхэд дэмжлэг үзүүлдэг байхын тулд  хүмүүстэй санал бодлоо солилцон ойлголцож чаддаг, аль нэг бүлэг, хэсэг, улстөрийн хүчний ашиг сонирхолыг түлхүү баримталдаггүй,  төв дунджийг баримтлах зарчмыг үйл ажиллагааныхаа чиг баримжаагаа болгодог,  ноён нуруутай хүн байх ёстой. Энэ нь улстөрийн "манлайлагч” байх учиртай гэсэн үг. Гурав, дөрөвдэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд "улстөрийн манлайлагч” байх утга агуулга нь алдагдаж, "хувийн тоглолт” нь давамгайлж, нийгмийн сэтгэл зүйг өөрийгөө дөвийлгөх хандлага руу хөтөлж байсан нь нийгмийн дунд "Ерөнхийлөгчөөс уйдах” болон "Ерөнхийлөгчийг шүтэх” гэсэн оюун санааны хоёр чиглэлийн хоосон урсгалыг  бий болгосон. Ингэснээр "эв нэгдлийг илэрхийлэгч” гэдэг утга алдагдсан юм.  Ер нь нийгэм цаг үргэлж улстөрийн манлайлагчтай байдаггүй. Гэхдээ зарим тохиолдолд манлайлагчийг шаарддаг. Ийм үеийг "манлайлагчийг шаардсан үе” гэж нэрлэдэг. Энэ үед хэд хэдэн хүний тухай яригддаг ч тэднийг "нийтийн төсөөлөл”-д багтсан хүмүүс хэмээн үздэг. Хэрэв яльгүй дэмжлэг орвол тодроод гараад ирдэг бөгөөд нийгэм нааштайгаар хүлээн авдаг.  Одоо яг ийм үе ирээд байна.
  4. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд улс орны эрх ашигтай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг зохих байгууллагуудаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан хэлэлцүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгч ажиллах учиртай. Иймд хууль, тогтоомж болон байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой мэдлэгтэй хүн байх ёстой.
  5. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ гүйцэтгэх дээд байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллах чадвартай байх,
  6. УИХ-ын  чуулганд тааллаараа оролцон улс орны гадаад дотоод байдлын нэн чухал тулгамдсан асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар саналаа оруулж байх эрхтэй тул  бүх салбарын буюу нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий  мэдлэг, мэдээлэлтэй,  инженерийн сэтгэлгээтэй улс төрч байвал илүү тохиромжтой.
  7. Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь нийслэл хотдоо төвлөрөн амьдарч байгаа өнөөгийн нөхцөлд нийслэлийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар өргөн мэдлэг, ажлын туршлагатай хүн байвал зохилтой.
  8. Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, мэдэгдэл, хэлэлцээ хийх эрхтэй бөгөөд олон улсын болон бүс нутгийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг, гадаад харилцааны туршлагатай, гадаад оронд хийх айлчлалын үеэр Монгол Улсын нүүр царай болж байх ёстой. Гадаад улсад  хийх айлчлалуудад  гол төлөв гэргийн хамт явах тул эхнэр нь монгол бүсгүй байвал  зохимжтой.
  9. Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулахад туслах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл, ажлын хэсэг байгуулан шаардлагатай гэж үзсэн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагатай нягт хамтран ажиллах учиртай. Энэ үүднээс Ерөнхийлөгч өөрөө аль нэг салбарын суурь шинжлэх ухааны дипломын боловсрол эзэмшсэн, эрдэмтэд, судлаачдын санал, бодлыг сайтар ойлгодог, дүн шинжилгээ хийж чаддаг, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг хүн байх ёстой.
  10. Ерөнхийлөгч нь хот, хөдөөгүй олондоо сайн  танигдсан, хот, хөдөөгийн иргэдийн ахуй амьдралын ялгаа, онцлог, ойрын болон хэтийн хугацаанд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг  хэрэгжүүлэх арга замыг сайтар мэддэг, тэдэнтэй ойр ажилладаг хүн байх нь зүйтэй.
  11. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад мэдээ мэдээлэл, төрийн болон захидал харилцааны нууцыг сайтар хадгалж чадах хүн байвал зохино.

 Гурав, дөрөвдэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд "улстөрийн манлайлагч” байх утга агуулга нь алдагдаж, "хувийн тоглолт” нь давамгайлж, нийгмийн сэтгэл зүйг өөрийгөө дөвийлгөх хандлага руу хөтөлж байсан нь нийгмийн дунд "Ерөнхийлөгчөөс уйдах” болон "Ерөнхийлөгчийг шүтэх” гэсэн оюун санааны хоёр чиглэлийн хоосон урсгалыг  бий болгосон.

       Хоёр. Ажлын арга барил, зан араншингийн шинж байдлын тухайд

      Урьд нь сонгогдож байсан Ерөнхийлөгчдийг харж байхад  тухайн хүний ажлын арга барил, зан араншин, суурь хүмүүжил, боловсролоос улс орны амьдралын өөдлөх уруудах нь шалтгаалаад байх шиг санагдах юм. Үүнтэй зэрэгцүүлээд олон шалгуурыг хэлж болно. Тухайлбал:

  1. Улстөрийн амьдралд тодорхой байр суурийг эзэлснээрээ бусдаас ялгагддаг байх,
  2. Улстөрийн олон намтай, үзэл бодлоо чөлөтэй илэрхийлэх дуртай, дорнын хэвт ёс, зан заншил, өрнийн соёл иргэншилтэй холилдсон манайх шиг орны хувьд Ерөнхийлөгч нь "төв үзэл-төвшин бодлого”-ыг баримталдаг хүн байх,
  3. Хувийн онцлог шинж, дүр төрх нь олон түмний дунд эерэг мэдрэмж, төсөөллийг бий болгосон байх,
  4. Амьдралын суурь ухаан, номын боловсрол, гэрийн зөв хүмүүжил хосолсон байх,
  5. Улстөрийн эдийн засгийн ухааны зохих түвшний мэдлэг эзэмшсэн байх,
  6. Улстөрийн болон засаг захиргааны бүх шатанд ажиллаж үзсэн, төрийн үйлчилгээний мэдлэг туршлагатай, тоймлон хэлбэл, хүмүүс энэ хүнийг "төрийн хар хүн” хэмээн ойлгох хандлага давамгайлсан имижтэй байх,
  7. Дөлгөөн тайван зан ааштай, эвт ёсыг эрхэмлэхийг хичээдэг байх,
  8. Бие хүний нийгмийн дунд эзэлж буй байр суурь нь түүнийг хошуучлагчаар тодрох замыг ихээхэн дөт болгосон байх,
  9. Аливаа асуудалд хандахдаа улс, нийтийн эрх ашгийг хамгаалан хохирол гажуудал үүсгэхгүйгээр  шийдвэрлэх  арга  замыг эзэмшсэн, хэрэгжүүлэх эв дүйтэй байх,
  10. Зөвшилцөх, ойлголцох урлаг, ур чадварыг зохих ёсоор эзэмшсэн, цөөнхийн эрх ашгийг ямагт хүндэтгэн үздэг байх,
  11. Гэр бүлийн гишүүдийн хувьд аливаа муу зуршилгүй, элдэв будлианд холбогдоогүй, нэр цэвэр байх,
  12. Хань ижил нь Монгол хүн байх хэрэгтэй.

 

                                                                                                                              Б.Монхоо

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.