Д.Оюунхорол сайд BRAVO, одоо “Энигма”-тай хариуцлага ярь
Дархан цаазат Богдхан уулын Соёмбот уулын хормойг барилга барих зорилгоор ухсан хэрэг мандсанаас хойш хэдхэн хонож байна.
Өмнөх засгийн үеийн Байгаль орчны сайд Н.Батцэрэг тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмших эрхийг 5 хүнд олгосны нэг нь энэ Соёмбот уулын баруун хойт бэл орчмын газар ажээ. Тодруулбал, энэ газрын зөвшөөрлийг "Аялж Уул” компани аялал жуулчлалын зориулалтаар 2016 онд авсан гэх мэдээлэл байсан. Харин яг тэр ухсан байдалтай байгаа газар нь иргэн н.Төгсжаргалын эзэмшил газар гэнэ. Ингээд хэдхэн хоногийн өмнө уулын хормойн хэсгийг ухсан бөгөөд энд 4 давхар зочид буудал барихаар газар шорооны ажлаа ийн эхлүүлээд байсан аж. Гэвч барилгынхаа зураг төслийг удирдах дээд байгууллагаар батлуулаагүй байсан нь даарин дээр давс гэгч болж тэрхүү зөвшөөрлийг цуцлах шалтгааны нэг болжээ.
"Соёмбо”-той уулын орчимд 2016 онд таван иргэн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн зөвшөөрөл авсныг хоёр хоногийн өмнө /2017.05.23/ Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын тушаалаар тэрхүү эрхийг цуцалж, нөхөн сэргээлтийн ажил хийх даалгавар өгсөн байна.
Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзориг мэдээлэхдээ "н.Төгсжаргал гэх иргэнтэй уулзаж, "Улаанбаатар хотын чимэг болсон "Соёмбо” үсэгтэй ууланд ард иргэд амарч, аяладаг” гэдэг талаас нь тайлбарлаад үйл ажиллагааг нь газар дээр нь зогсоосон байгаа. Өнөөдрөөс эхлэн "Соёмбо”-той уулын ухсан хэсгийг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийж байгаа” гэсэн юм.
Сайн байна. Монголын төр хэрэгтэй цагт төмөр нүүрээ гаргахын жишээг харууллаа.
Гэвч зарлигаар дархалсан ууландаа зоргоор халдаж байгаа нь ганц энэ биш. "Энигма” гэх дээрээ том шүхэртэй компани Зайсантолгойн орчим 41 га газар эзэмшиж, дураараа дургиж байгаа тухай мэдээлэл хөвөрч байгаа. Богдхан ууланд долоо хоногт 10 мянга орчим хүн аялдаг гэсэн судалгаан дээр үндэслээд Зайсангийн орчимд 450 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, амарч тухлах сандал гэхчлэн бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Энигма”-гийн эзэмшиж буй газраас төр 3 га газрыг эргүүлж авна гэсний хариуд тус компанийнхан тэнд сургуулийн шав яаравчлан тавьж, мод суулгаж "жүжиг дэглээд” байгаа. Хэргийн мөн чанар гэвэл Засгийн шийдвэрийн эсрэг авч байгаа хариу үйлдэл нь тэр.
Тус компани аялал жуулчлалын нэрээр ийм их хэмжээний газар эзэмшдэг ч тэнд гадаадын аялагчдыг саатуулах ая тух, үйлчилгээ байхгүй. Анх дархан газарт газар эзэмшиж эхэлсэн 2004 оноос хойш өнөөг хүртэл тийм орчинг бий болгож чадалгүй өдийг хүрсэн. "Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг тэнд амалснаа хийж хэрэгжүүлж чадахгүй бол нийтийн зориулалттай тэр газрыг хий дэмий хадгалж, амралт нэртэй хэдэн гэрт архидалтыг өөгшүүлж байх хэрэг огтхон ч байхгүй. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эзэмшил газрынхаа тодорхой хэсгийг төрд эргүүлэн өгөх нь шударга ёсонд нийцэхээс гадна тус компанийн имиж илэрхийлэлд ч хэрэгтэй буй заа.
Дашрамд дурдахад Богдхан уулыг тойроод 2000 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглах эрх авсан байдаг аж. Харин дээрхи мэт асуудал дахин давтагдахгүй байх талаас төлөвлөгөө гаргаж, хяналт шалгалт хийж байгаа аж.
М.Нэргүй
Сэтгэгдэл байхгүй байна.